ЦЭРГИЙН ҮЛЭЭВЭР ХӨГЖМИЙН 100 ЖИЛИЙН ОЙГ ТЭМДЭГЛЭН ӨНГӨРҮҮЛЛЭЭ

Нэмэгдсэн: 2014-11-25

ЦЭРГИЙН ҮЛЭЭВЭР ХӨГЖМИЙН 100 ЖИЛИЙН ОЙГ ТЭМДЭГЛЭН ӨНГӨРҮҮЛЛЭЭ

 Богд хаант Монгол Улсын Засгийн газрын ерөнхий сайд, сайн ноён хан Т.Намнансүрэн 1913 онд хаант Орос улсад албан ёсны айлчлал хийхдээ хүсэлт гаргасны дагуу үлээвэр хөгжмийн зэмсэг бэлэг болгосноор манай улсад орчин цагийн үлээвэр хөгжим үүсчээ.

Өчигдөр эзэн Богд Чингисийн талбай болон Соёлын төв өргөөнөө Монгол Улсад цэргийн үлээвэр найрал хөгжим үүсч хөгжсөний 100 жилийн ойд зориулсан үзүүлэх тоглолт, хүндэтгэлийн хурал, тоглолт гээд өргөн дэлгэр үйл ажиллагаа боллоо.

Чингисийн талбайд болсон Цэргийн үлээвэр хөгжимчдийн үзүүлэх тоглолтонд ЗХЖШ-ын ҮЖҮНХ, БХИС-ийн Цэргийн хөгжмийн сургууль, Зэвсэгт хүчний 032 дугаар анги, Хилийн 0151 дүгээр ангийн Үлээвэр хөгжимчдийн тоглолт, хөдөлгөөнт бүжгийг хуран цугларсан олон шимтэн сонирхож байсан. Олон улсын уралдаан, наадамд тогтмол амжилттай оролцож, Монголын цэргийн хөгжмийн сүр жавхааг гайхуулдаг ҮЖҮНХ-ийн хамт олон өнгөрсөн хавар ОХУ-ын Хабаровск хотноо болсон олон улсын цэргийн үлээвэр хөгжмийн “Амар мөрний долгио” наадамд амжилттай оролцож, ирэх жилийн наадамд дахин уригдаад байгаа авьяаслаг хамт олон билээ. 

Дараа нь Соёлын төв Өргөөнд баярын хурал болж, БХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга, хошууч генерал З.Болдбаатар, ЗХЖШ-ын дарга, дэслэгч генерал Ц.Бямбажав, ССАЖ-ын сайд Ц.Оюунгэрэл нарын албаны хүмүүс хүндэтгэлийн суудалд байраа эзэлсэн юм. Монгол Улсын Ерөнхийлөгч болон Батлан хамгаалахын сайдын мэндчилгээг уншиж, ҮЖҮНХ-ийн дарга, хурандаа Ц.Төмөрбатад гардуулсны дараа ССАЖ-ын сайд, ЗХЖШ-ын дарга нар үг хэлсэн. ЗХЖШ-ын дарга, дэслэгч генерал Ц.Бямбажав “Монголын түүх цэрэгтэй, цэрэг нь хөгжимтэй явж өнөөдрийг хүрч ирсэн. Өвлийн хүйтэн, зуны халууныг үл ажран хүнд нөхцөлд үүрэг гүйцэтгэдэг хүмүүс” гэсэн бол ССАЖ-ын сайд Ц.Оюунгэрэл “…Үлээвэр найрал хөгжмийн сүр жавхаан дор босч, үе үеийн Монголчуудыг Монголоор нь байлгахын төлөө магнайд нь яваарай” гэсэн юм. Энэ үеэр БХЯ, ЗХЖШ, Нийслэлийн Засаг даргын шагналаар олон хүнийг шагнаж урамшуулсан. Тухайлбал, бэлтгэл хурандаа Ё.Ганбат, Г.Цэрэнсүх нарыг “Батлан хамгаалах яамны жуух бичиг”-ээр, хурандаа Ц.Төмөрбатыг “Зэвсэгт хүчний хүндэт тэмдэг”-ээр, МУАЖ, хөгжмийн зохиолч П.Хаянхярваа, хөгжимчин Ч.Чинбаатар нарыг “ЗХЖШ-ын жуух бичиг”-ээр тус тус шагнасан. Түүнчлэн Нийслэлийн Засаг даргын шагналаар олон хүнийг шагнаж урамшуулсны дараа Хүндэтгэлийн концерт тоглож, тус өргөөг бүтэн гурван цаг доргиож, үзэгчдийн таашаалд хүрснээр Цэргийн хөгжмийн 100 жилийн ойн арга хэмжээ биелэг дэелэг болж өндөрлөсөн юм.

Зуун жилийнх нь ой тохиож буй цэргийн үлээвэр хөгжимчид түүхт ойгоо угтан багагүй ажлыг зохион байгуулсан байна. Тухайлбал, “Цөөхүүл хөгжмийн уралдаан”, Улаанбаатар цэргийн хүрээний анги, байгууллагуудын найрал хөгжмийн уралдаан, “Хийморь бадраасан 100 жил” уулзалт өдөрлөг, Н.Цэрэнпилийн нэрэмжит маршийн зохиолын уралдаан, монголын үлээвэр хөгжмийн нэрт зүтгэлтэн Д.Сандагсүрэн агсны уран бүтээлийн “Дурсамж” тоглолт, Монгол Улсад орчин цагийн үлээвэр хөгжим үүсч хөгжсөний 100 жилийн ойд зориулсан “Үлээвэр хөгжим-100” сэдэвт эрдэм шинжилгээний хурал, Монгол цэргийн хөгжимчдийн “Соёмбо” холбооноос зохион байгуулсан “Долоон бурхандаа өргөх хөгжмийн цацал” зэргийг онцгойлон дурдаж болох байна.

Санал болгож байна
Төрийн байгууллагуудын мэдээлэл