Иргэдийн саналаар “Алтан гартан” сувилагчдыг шалгарууллаа

Нэмэгдсэн: 2014-05-09

Иргэдийн саналаар “Алтан гартан” сувилагчдыг шалгарууллаа
Английн иргэн “Дэнлүү барьсан эмэгтэй” хэмээн дэлхийд алдаршсан сувилагч, багш Флоренсе Найтенгелийг сувилахуйн ухааныг үндэслэгч гэж үзэн түүний төрсөн өдөр буюу тавдугаар сарын 12-ны өдрийг олон улсын сувилагчийн нийгэмлэгээс  “Олон улсын сувилагч нарын баярын өдөр” болгосон байдаг. Манай улсын хувьд 1995 оноос энэхүү баярыг тэмдэглэж ирсэн. Багануур дүүргийн төр захиргааны байгууллага болоод ЭМН-ийн зүгээс сувилагч, дунд мэргэжилтнүүдэд чиглэсэн ажлуудыг жил бүр уламжлал болгон зохион байгуулж баярынх өдрөөр шагнаж урамшуулдаг уламжлалтай. Дүүргийн эрүүл мэндийн салбарын хэмжээнд 140 гаруй сувилагч ажиллаж байгаа бөгөөд өнөөдөр олон улсын сувилагч нарын баярын үйл ажиллагааг зохион байгууллаа. Баярын үйл ажиллагаанд дүүргийн Засаг дарга М.Гончигжав, ЗДТГ-ын Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга Т.Баярмаа, эрүүл мэнд биеийн тамир хариуцсан мэргэжилтэн Г.Гэрэлмаа нар оролцож эрхэлсэн ажилдаа амжилт гаргасан нэр бүхий сувилагчдыг Засаг даргын нэрэмжит “Алтан гартан” цом, Засаг даргын жуух бичиг, баярбн бичгээр шагналаа. Засаг даргын нэрэмжит “Алтан гартан” цомыг энэ жилээс эхлэн жил бүр 3 сувилагчид олгохоор шийдвэрлэсэн бөгөөд шалгаруулалтыг нээлттэйгээр олон нийтийн санал асуулгад тулгуулан хийх юм. Энэ сарын 07-ны өдөр ЭМН-ийн эмч, үйлчлүүлэгч, ӨЭМТ-үүдийн эмч, үйлчлүүлэгчид гээд 300 шахам хүнийг хамруулан санал асуулгыг явуулан “Алтан гартан” цомын эзнийг шалгаруулсан байна. Цомын эзнээр ЭМН-ийн дотрын тасгийн сувилагч Д.Энхмаа, хүүхдийн тасгийн сувилагч Б.Мөнхцэцэг, “Ач элбэрэл” ӨЭМТ-ийн сувилагч Н.Оюунбат нар шалгарлаа. Мөн олон улсын сувилахуйн нийгэмлэгийн дээд шагнал “Цагаан зүрх”-ээр ЭМН-ийн халдвартын тасгийн сувилагч н.Казыра, мэс засал эмэгтэйчүүдийн тасгийн сувилагч н.Пунсалдулам нар шагнагдлаа.

Энэ жилийн хувьд олон улсын сувилагчдын өдрийг “Эх, хүүхдийн сувилахуйн тусламж, үйлчилгээний чанар, аюулгүй байдлыг сайжруулъя” уриан дор тэмдэглэн өнгөрүүлж байгаа бөгөөд энэ хүрээнд сувилагч, эмнэлгийн тусгай мэргэжилтнүүдийн онолын мэдлэг, гардан үйлдлийн ур чадварыг дээшлүүлэх, түгээмэл үйлдлийн стандартын хэрэгжилтийг сайжруулах зорилгоор Багануур дүүргийн эрүүл мэндийн нэгдэл, сувилахуйн албанаас олон талын үйл ажиллагаа явуулсан байна.

 

Төрийн байгууллагуудын мэдээлэл