ᠮᠤᠩᠭᠤᠯ ᠤᠯᠤᠰ ᠤᠨ ᠵᠠᠰᠠᠭ ᠤᠨ ᠭᠠᠵᠠᠷ
“Үндэсний эрх чөлөөний түүхэнд холбогдох архивын баримт” сэдэвт үзэсгэлэн нээлтээ хийв
“Үндэсний эрх чөлөөний түүхэнд холбогдох архивын баримт” сэдэвт үзэсгэлэн нээлтээ хийв

 Архивын ерөнхий газраас санаачлан Соёл, спорт, аялал жуулчлалын яамны Соёлын өвийн хэлтэс, Монголын үндэсний музей, Богд хааны ордон музейтэй хамтран зохион байгуулсан “Үндэсний эрх чөлөөний хувьсгалын түүхэнд холбогдох архивын баримт” сэдэвт үзэсгэлэн 2013.12.27-ны өдөр Үндэсний төв архивын үзэсгэлэнгийн танхимд нээлтээ хийлээ.
Үзэсгэлэнгийн нээлтэд Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж оролцон олон нийтэд хандан үг хэлж, баярын мэндчилгээ дэвшүүлэв. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хэлсэн үгэндээ: “Монгол Улс тусгаар тогтнол, эрх чөлөөгөө сэргээн мандуулсны их ой болж байна. Бид энэ түүхэн ойг улс орон даяар ёслол хүндэтгэлтэй тэмдэглэдэг сайхан уламжлал тогтоосон. Харин энэ жил тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 102 жилийн ой тохиож байна. Бид саяхан энэхүү архивын үзэсгэлэнтэй танилцлаа. Эндээс харахад аливаа төрд тулгамдах асуудлуудыг шийдэх арга хэлбэрүүд ойролцоо,ижил төстэй байна. Жишээ нь яамдыг нэг байшинд оруулж, давхцаж буй ажил үүргийг нь нэгтгэсэн байх жишээтэй. Тухайн үед авлига болон хар тамхийг нийгмийн хамгийн буруу үзэгдэл хэмээн үзэж, үүнтэй тэмцэх тухай анхны хууль журам, шийдвэрүүдийг гаргаж байжээ. Бид өнөөдөр энэ бүхнийг улам сайжруулж, орчин үеийн нөхцөл байдалд нийцүүлэхийн төлөө ажиллаж байна. Монгол Улс тусгаар тогтнолоо сэргээсний дараа дэлхийн хэмжээнд улс орныхоо нэрийг гаргах, олон улстай харилцах, улс орныхоо тусгаар тогтнол, эрх чөлөөг олон улсаар хүлээн зөвшөөрүүлэх бодлого баримталж эхэлсэн байдаг. Өөр нэгэн бахархууштай зүйл гэвэл Монгол туургатнууд Монгол газар нутагтаа ирж, хамтран, олуулаа болж амьдрах шийдвэрийг Багд хааны санаачилгаар гаргасан байдаг. Мөн ард иргэдийн хүсэлтийн дагуу Богд хаан газар нутаг олгож байсан. Тэгэхээр энэ бодлого өнөөдөр ч чухал хэвээр байгаа. Ингээд нийт иргэддээ, эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн тогтоосны их ойн мэнд дэвшүүлж, хамгийн сайн сайхныг хүсэн ерөөе” хэмээв. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж үзэсгэлэнг үзэж сонирхсоны дараа Архивын ерөнхий газрын “Хүндэтгэлийн дэвтэр”-т дурсамжаа үлдээв.
Түүнчлэн Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Үндэсний төв архивын Богд хаант Монгол Улсын үеийн сан хөмрөгтэй биечлэн танилцаж, түүхийн хосгүй үнэт, үнэт баримтын хадгалалт хамгаалалтын байдалд анхаарал хандуулав. Мөн Сэлбэн засах, сэргээн шинэтгэх төвийн үйл ажиллагаатай танилцаж архивын баримтыг сэлбэн засах, сэргээн шинэтгэх чиглэлээр мэргэжилнүүдийг хэрхэн бэлтгэж байгаа талаар сонирхов.
“Үндэсний эрх чөлөөний хувьсгалын түүхэнд холбогдох архивын баримт” сэдэвт үзэсгэлэн 2013.12.27 - 2014.01.11 өдрийг хүртэл Үндэсний төв архивын үзэсгэлэнгийн танхимд ажиллана.

САНАЛ БОЛГОХ МЭДЭЭ МЭДЭЭЛЭЛ