ᠮᠤᠩᠭᠤᠯ ᠤᠯᠤᠰ ᠤᠨ ᠵᠠᠰᠠᠭ ᠤᠨ ᠭᠠᠵᠠᠷ
Сэтгэл дүүрэн нэг өдөр

 

Хичээлийн шинэ жилийг тохиолдуулан ял эдлэгсдийг гэр бүлийнхэнтэй нь уулзуулах тэдэнд сэтгэл санааны дэмжлэг үзүүлэх, байгууллагын үйл ажиллагааг иргэд олон нийтэд нээлттэй, ил тод хүргэх зорилгоор Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Хорих 441 дүгээр анги нээлттэй хаалганы өдөрлөг зохион байгууллаа. Өдөрлөгт Ардын уран зохиолч, Соёлын гавьяат зүтгэлтэн, яруу найрагч П.Бадарч, Монголын зохиолчдын эвлэлийн яруу найрагч, МҮОНТ-ийн редактор Б.Сарантуяа, Бурхан урлаач Д.Ухаанзаяа, “Go Help” олон улсын хүмүүнлэгийн байгууллагын төлөөлөгчид, хүмүүжигчдийн ар гэрийнхэн оролцож нэгэн өдрийг дуу хуур, инээд хөөртэй өнгөрүүллээ. Яруу найрагч П.Бадарч нийт хүмүүжигчдэд хандан үнэтэй сургаалиа хайрлаж, дахин алдахгүйгээр зөв сайхан амьдрахыг захисан. Өдөрлөгийн үеэр “Go Help” олон улсын хүмүүнлэгийн байгууллагын төлөөлөгчид тус ангид ял эдэлж буй хүмүүжигчдийн хүүхдүүдэд хичээлийн хэрэгсэл, цүнх бэлгэлэсэн нь олон хүний талархалыг хүлээсэн үйл явдал болсон юм. Мөн энэ үеэр хүмүүжигчдийн урласан бүтээлээр үзэсгэлэн гаргаж олон нийтэд сонирхуулсан. Хэдийгээр гэмт хэрэг үйлдэж, амьдралдаа алдсан ч дахин алдаа гаргахгүй байх зөв зам мөрд хөтөлж, эерэг нөлөөллийн  сургалт хүмүүжлийн ажлыг тогмтол зохион байгуулж байдаг ангийн удирдлага хамт олонд хүмүүжигчдийн ар гэрийнхэн баярласанаа илэрхийлж байсан юм. Хорих 441 дүгээр ангид өнөөдрийн байдлаар 360 гаруй хүмүүжигч ял эдэлж байна. Эдгээр хүмүүжигчдийн дунд спорт, урлаг, сургалт хүмүүжлийн ажлуудыг явуулахаас гадна, нийгэмшүүлэх, мэргэжлийн чиг баримжаа олгох, хөдөлмөрт татан оролцуулах, хөдөлмөрт дур сонирхолтой болгох үйл ажиллагааг тогтмол явуулдаг. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвд тус ангиас 100 гаруй хүмүүжигч барилгын өргөн мэргэжлээр суралцаж, 60 гаруй нь мэргэжлийн үнэмлэх, чадамжийн гэрчилгээ авчээ. Мэргэжилтэй болсон хүмүүжигчид суллагдсаныхаа дараа мэргэжлээрээ ажиллах боломжтой болж, нийгэмд зөв хүн болон төлөвших, дахин гэмт хэрэг үйлдэхгүй байх юм. Энэ онд 5 аж ахуйн нэгжид 100 гаруй хүмүүжигч ажиллаж, 70.4 сая төгрөгийн цалин авч, цалингаасаа гэмт хэргийн улмаас бусдад учруулсан гэм хорын хохиролд 14 сая төгрөгийг барагдуулж, суллагдан гарсан 27 хүмүүжигчид 3.5 сая төгрөгийг олгосон байна. Хохирол төлбөрөө барагдуулж дууссан нь нэрийн дансандаа цалингаа байршуулж суллагдан гарахдаа авдаг аж.

САНАЛ БОЛГОХ МЭДЭЭ МЭДЭЭЛЭЛ