ᠮᠤᠩᠭᠤᠯ ᠤᠯᠤᠰ ᠤᠨ ᠵᠠᠰᠠᠭ ᠤᠨ ᠭᠠᠵᠠᠷ
“Цаасан баримтыг хадгалан хамгаалах нь: Зүүн Азид цаас хийж, цаасан баримтыг хадгалан хамгаалж ирсэн арга зүй 2008-2012” төслийн хэрэгжилтийн тухай
“Цаасан баримтыг хадгалан хамгаалах нь: Зүүн Азид цаас хийж, цаасан баримтыг хадгалан хамгаалж ирсэн арга зүй 2008-2012” төслийн хэрэгжилтийн тухай

Сүүлийн жилүүдэд соёлын өвийг хадгалан хамгаалах асуудалд төр засгийн зүгээс анхаарах болсон төдийгүй  олон улсын хамтын ажиллагааны хүрээнд ч нилээдгүй ажлыг хийж  байна. Үүний тод  жишээ нь  ЮНЕСКО-ийн “Цаасан баримтыг хадгалан хамгаалах нь: Зүүн Азид цаас хийж, цаасан баримтыг хадгалан хамгаалж ирсэн  арга зүй 2008-2012” гэсэн төсөл юм. Төслийн хүрээнд өнгөрсөн 5 жилд хэрэгжүүлж буй арга хэмжээ нь шинжилгээ судалгаа явуулах, сургалт семинар /мэргэжилтнүүдийн арга чадварыг сайжруулах/ уулзалт хурал зохион байгуулах, арга туршилгаа солилцох болон гарын авлага, ном товхимол хэвлэн нийтлэх гэсэн дөрвөн хэсэгт хуваагдсан болно.
Энэхүү төсөлд Монгол Улсын Шинжлэх Ухааны Академи, Архивын ерөнхий газар, Үндэсний номын сан, Соёлын өвийн төв, МБШТөв Гандантэгчинлэн хийд, ЮНЕСКО-гийн Монголын Үндэсний Комисс хамтран оролцсон бөгөөд сургалт семинарыг Герман улсын  Кёльн хотын сэргээн засварлагч багш Дирк Ферльман, Виола Байэр нар ирж сургалт семинарыг удирдан явуулсан нь багш, мэргэжилтэн, байгууллагуудын хооронд арга туршилгаа солилцох өргөн боломжийг олгосон юм.
Дээрхи төсөл хэрэгжиснээр цаасан баримтат өвийг сэргээн засварлах ажлын мэдлэг, туршилга нэмэгдсэн төдийгүй сургалтанд оролцогсод нь  энэ  чиглэлээр цаашид зөвлөгөө  өгч чадахуйц мэдлэгтэй боллоо. Ялангуяа “Сүм хийдүүд дэх цаасан баримтыг хадгалан хамгаалж сэргээн засварлах нь” сургалт семинар маш сонирхолтой болж  цаасан баримтат өв болон бөс барааг хадгалан хамгаалах тэдгээрийг хортон шавьж, хөгц мөөгөнцөрөөс урьдчилан сэргийлэх арга технологи нь сэлбэн засагч  нарт мэдлэг олгосон  дадлагажих сургалт болсон билээ.
Сэргээн засварлагч багш Дирк Ферльманы заасан онол-дадлагын хичээлүүд тухайлбал:
-  гэмтэл үүссэн баримтанд нөхцөл байдлын протокол хөтлөх
-  хадгалалт хамгаалалтад нөхцөл байдлын үнэлгээ өгөх
-  цавуу найруулах технологи
-  орчин нөхцөлдөө тохирсон климакамер хийж ашиглах
-  хортон шавьж , хөгц мөөгөнцөрийг устгах арга технологи
-  хоорондоо наалдаж  барьцалдсан цаасан баримтыг салгаж тэнийлгэх арга
гэсэн сэдэвт семинар нь цаашдын ажилд  зайлшгүй хэрэгжих чухал ач холбогдолтой дадлагажих сургалт байв. Мөн дээрхи төслийн хүрээнд сургалтанд хамрагдсан мэргэжилтэн нарын боловсруулан бэлтгэж буй гарын авлага удахгүй олны хүртээл болох гэж байгаа нь энэхүү төслийн ач холбогдлыг харуулж байна.

САНАЛ БОЛГОХ МЭДЭЭ МЭДЭЭЛЭЛ