ᠮᠤᠩᠭᠤᠯ ᠤᠯᠤᠰ ᠤᠨ ᠵᠠᠰᠠᠭ ᠤᠨ ᠭᠠᠵᠠᠷ
Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын хамт олон мод тарилаа
Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын хамт олон мод тарилаа

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний нээлтэд Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын хамт олон оролцож, мод тарилаа.
Энэ үеэр Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын Тэргүүн дэд дарга Б.Ганбат хэлэхдээ “Монгол Улсын Ерөнхийлөгч тэрбум мод тарих сайхан санаачилга эхлүүлсэн. Засгийн газар энэ санаачилгыг бүрэн дэмжиж, харьяа байгууллагууд, тохируулагч агентлагуудаа нэгдсэн удирдлагаар хангаж ажиллана. Ойн агентлагийг сэргээж, аймагт бүрт байгуулахад Засгийн газар хамтарч ажиллана” гэлээ.

Ирэх оны улсын төсвийн төсөлд Засгийн газар нэгдүгээр сарын 1-нээс Ойн агентлагтай болох асуудлыг төсвийн дагалдах хуулиар оруулсан. Төр, хувийн хэвшлийн түншлэлд тулгуурлан ойн аж ахуйн нэгж байгуулж, санхүүгийн зохистой механизмтай болохыг төсөлд мөн тусгасан билээ.
“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд “Эрдэнэт үйлдвэр” төрийн өмчит үйлдвэрийн газар нэгдэж, ирэх 10 жилд 100 сая, “Эрдэнэс Тавантолгой” хувьцаат компани тонн нүүрс тутамд нэг буюу 2030 он хүртэл 176 сая мод тарьж, ургуулахаар болжээ.  Мөн төрөөс иргэн, аж ахуйн нэгжүүдэд дэмжлэг үзүүлнэ.
Уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэн Монгол Улсын нийт газар нутгийн 76.9 хувь нь хүчтэй цөлжилтөд өртсөн гэх судалгаа бий. Тэрбум мод тарих үндэсний хөдөлгөөнийг 10 жилийн хугацаанд үр дүнтэй хэрэгжүүлж чадвал хүчтэй цөлжилтөд өртсөн 120 сая га талбайн хамрах хэмжээг дөрвөн хувиар бууруулах судалгаа гарчээ. Улсын хэмжээнд өнөөдрийн байдлаар ойн мэргэжлийн 1078, нөхөн сэргээх ойжуулалтын ажлыг дагнаж хариуцдаг 224 байгууллага бий. Тэрбум мод тарих хөдөлгөөнийг 2021-2024, 2024-2027, 2027-2030 он гэсэн гурван үе шаттай хэрэгжүүлэх юм байна.


 
Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газар

САНАЛ БОЛГОХ МЭДЭЭ МЭДЭЭЛЭЛ