ᠮᠤᠩᠭᠤᠯ ᠤᠯᠤᠰ ᠤᠨ ᠵᠠᠰᠠᠭ ᠤᠨ ᠭᠠᠵᠠᠷ
БОНХ-ИЙН ДЭД САЙД Б.ТУЛГА: МОНГОЛЫН ЦӨЛИЙГ ОЙЖУУЛАХАД ӨВӨРМОНГОЛЫН ЭЛИОН ГРУПП ХАМТРАН АЖИЛЛАНА
БОНХ-ИЙН ДЭД САЙД Б.ТУЛГА: МОНГОЛЫН ЦӨЛИЙГ ОЙЖУУЛАХАД ӨВӨРМОНГОЛЫН ЭЛИОН ГРУПП ХАМТРАН АЖИЛЛАНА

 

Сайн байна уу? Таныг өмнөд хөршид цөлжилтийн эсрэг олон улсын хуралд оролцоод ирсэн гэж сонслоо. Зуншлага ямар байна, явсан ажил бүтэмжтэй биз дээ?

Б.Тулга: Сайн явж ирлээ. Зуншлага сайхан байна. Энэ сарын 1-4-ний өдрүүдэд БНХАУ-ын Өвөр Монголын өөртөө засах орны Ордос хотноо болсон “Хөвчийн цөлийн 4 дүгээр форум”-д оролцоод ирлээ. Тус чуулганд НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөрийн гүйцэтгэх захирал Аким Штайнер, НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцийн гүйцэтгэх нарийн бичгийн дарга Лук Накаджа, БНХАУ-ын Засгийн газрын Шадар сайд Ванг Янг, Рио-20-ийн гишүүн орнуудын төлөөлөгчид болон улс орнуудын Байгаль орчин, Шинжлэх ухаан, технологийн сайд, Ойн захиргааны сайд зэрэг 200 гаруй төлөөлөгчид оролцлоо. Хуралдаанаар цөлжилттэй тэмцэх бодлого, байгаль хамгаалал, уур амьсгалын өөрчлөлт, ногоон хөгжлийн асуудлаар дэлгэрэнгүй ярилцан, хэлэлцүүлэг өрнүүлэв. Мөн цөлжилттэй тэмцэх нийгмийн асуудлууд, цөлжилттэй тэмцэх технологийн асуудлаар дэд хуралдааныг зохион байгуулж, “Даян дэлхийн цөлжилттэй тэмцэх Хөвчийн санаачилга” баримт бичиг-ийг батлан гаргав. Үндсэндээ маш үр дүнтэй, өндөр ач холбогдолтой чуулган болж өндөрлөлөө.

Хуралдаан болсон Хөвчийн цөл гэдэг газар Өвөр Монголд байдаг юм уу? Бодвол цөлжилтөнд их нэрвэгдсэн газар байх даа?

Б.Тулга: Хөвчийн цөл нь БНХАУ-ын Өвөр Монголын Ордосын хойд хэсэгт 18600 хавтгай дөрвөлжин км талбай бүхий нутгийг хамран оршдог.

2000 жилийн өмнө ой, усаар баялаг, тал нутгийн сайхан бэлчээр бүхий газар байсан бол 200-гаад жилийн өмнө болсон дайн тулааны уршгаар цөлжсөн газар болон хувирчээ. Одоогоос хориод жилийн өмнө гэхэд ямар ч хүн амьдрах нөхцөлгүй “сөнөсөн далай” гэж нэрлэж байсан аж. Өөрөөр хэлбэл энэ үед Хөвчийн элсэнд зам талбай байхгүй, өвс ургамалгүй, холбоо харилцаа үгүй, сургууль соёлгүй, эмнэлэгийн ямар нэг тусламж авах боломжгүй, орлогын эх үүсвэргүй,  бороо хур бараг ордоггүй, маш их элстэй газар байсан ажээ.

Гэтэл энэ элсэрхэг нутагт төрж өссөн, Элион группийн ерөнхийлөгч Ванг Венбиао “Элион сан”-г санаачлан байгуулж, нутгийнхаа ард иргэдтэй хамтран 25 жилийн турш уйгагүй хөдөлмөрлөж, цөлжилттэй тэмцэх, экологийн бүтээн байгуулалт хийх, нутгийн иргэдийн амьжиргааг сайжруулах, эдийн засгийн хувьд үр ашигтай байх ажлыг зохион байгуулсаны үр дүнд Хөвчийн цөлийг ойжуулж чаджээ.

Элион сангийн санхүүгийн эх үүсвэр нь нийгмийн хариуцлагын хүрээнд төвлөрүүлж буй Элион группийн үйлдвэрүүдийн ашгийн 30.0 хувийн хуримтлалаас бүрддэг байна. 

Тэд 5.153 хавтгай дөрвөлжин талбай бүхий элсийг ногооруулж ойжуулан 10.000 хавтгай дөрвөлжин метр талбай бүхий элсийг бэхжүүлэн хамгаалж, 100.000 гаруй фермер амьжиргааг сайжруулжээ. Ийнхүү “Сөнөсөн далай” хэмээн нэрлэгдэж байсан Хөвчийн элс экологийн иргэншлийг хангасан баян бүрдүүд болон хувирчээ.

Ямар гайхамшигтай юм бэ? Элион группийнхэн шинэ эко хотыг бий болгосон байна шүү дээ. Тэдний гол менежмент нь юу байсан бол?

Б.Тулга: Элион групп Хөвчийн цөлд “Нэг загвар”, “Хоёр цикл”, ”Гурван өөрчлөлт, хувиргалт”, ”Дөрвөн арга”, “Таван үр дүн” зарчмыг хэрэгжүүлж байна.

“Нэг загвар” гэдэг нь тогтвортой, нийгмийн баримжаатай, арилжааны аргаар цөлжилтийг хянахад оршдог ажээ. Тодруулж хэлбэл, экологи, эдийн засаг, хүмүүсийн амьжиргаа зэрэг байнга сайжирч байх загвар юм.

“Хоёр цикл” нь:

- Цөлийн экологийн эдийн засгийн цикл: цөлжилтөөс сэргийлэх, тэмцэх-экологийн бүтээн байгуулалт хийх- газрыг сайжруулах-үйлдвэрлэл хөгжүүлэх-цөлжилтөөс сэргийлэх, тэмцэх,

- Цөлийн экологийн нийгмийн цикл: цөлжилтөөс сэргийлэх, тэмцэх-үйлдвэрлэл хөгжүүлэх- хүмүүсийн амьжиргааг сайжруулах- угсаатны зохицол-хүн, байгалийн хоорондох зохицол

“Гурван өөрчлөлт”-ийн механизм нь: зах зээлийн зарчимд дасан зохицох, үйлдвэржүүлэх, иргэдийн нийтийн сонирхолд нийцүүлэхэд чиглэгдсэн байх зэрэгт оршино.

“Дөрвөн арга” нь:

-Экологийн бүтээн байгуулалт хийх замаар цөлжилттэй тэмцэх /хаших , хамгаалах торон сүлжээ, ногоон хаалт, хэрэм/

-Экологийн шилжилт хийх /ногооруулах, боловсрол, соёл, үйлдвэржилт/

- Шинжлэх ухаан , технологийн ололтыг нэвтрүүлэх

- Үйлдвэржилт

“Таван үр дүн” нь:

- Цөл ногоорсон байх

- Бүс нутгийн хэмжээнд үйлдвэржсэн байх

- Орон нутгийн эдийн засаг эрчимжсэн байх

- Бүс нутгийн хүмүүсийн амжиргаа сайжирсан байх

- Бүх бүс нутагтай холбогдон дэмжлэг авдаг байх  зэрэг ажээ. 

Манай улс жил ирэх тусам цөлжилтөнд нэрвэгдэх нь ихэссээр байна. Бусад орноос ялангуяа урд хөршөөс туршлага судлах, хамтран ажиллах боломж бидэнд бий юу?

Б.Тулга: Хуралдаанд оролцогч хамтран ажилладаг түнш байгууллага, улс орнуудын төлөөлөгчидтэй уулзаж, хамтын ажиллагааны талаар санал солилцлоо. 

БНХАУ-ын Ойн захиргааны дарга Зао Шусонгтой уулзаж, хилийн ой хээрийн түймрийн талаар болон хил дамжин нүүдэллэдэг амьтадыг хамгаалах, цөлд мод хэрхэн тарьж буй туршлага судлах, харилцан мэдээлэл солилцон хамтарч ажиллах тухай ярилцав. Мөн Хөвчийн цөлжилтийн олон улсын дөрөвдүгээр чуулганыг зохион байгуулах хорооны дарга, Хятадын Элион сангийн дарга Ванг Вэнбиаотой Монголын говьд мод тарих төсөл хэрэгжүүлэх, хамтын ажиллагааны талаар ярилцлаа. НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцийн гүйцэтгэх нарийн бичгийн дарга Лук Накаджа энэ оны 9 дүгээр сарын 14-27-ны өдрүүдэд Намиби улсад болох Цөлжилтэй тэмцэх конвенцийн Талуудын бага хуралд Монгол Улсыг идэвхтэй оролцохыг уриалсан. Тэрээр 2014 оны Цөлжилттэй тэмцэх олон улсын өдрийг Монголд тэмдэглэх хүсэлтэй байгаагаа албан ёсоор илэрхийлсэн юм.

 

Ярилцсанд баярлалаа, ногоон ирээдүйн төлөө таны үйлсэд амжилт хүсье!

САНАЛ БОЛГОХ МЭДЭЭ МЭДЭЭЛЭЛ