ᠮᠤᠩᠭᠤᠯ ᠤᠯᠤᠰ ᠤᠨ ᠵᠠᠰᠠᠭ ᠤᠨ ᠭᠠᠵᠠᠷ
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Дельта вирус тархаж байгаа энэ үед гадаадын нислэгт онцгой анхаарах ёстой
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Дельта вирус тархаж байгаа энэ үед гадаадын нислэгт онцгой анхаарах ёстой

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 2021 оны долдугаар сарын 12 -нд Улсын Онцгой комиссын Шуурхай штабт ажиллалаа. Цар тахлын нөхцөл байдлыг УОК-ын дарга, Монгол Улсын Шадар сайд  С.Амарсайхан танилцууллаа. Тэрбээр,

-Сүүлийн 24 цагт /2021.07.12/ 1496 халдвар бүртгэгдэж, халдварын байдал сүүлийн гурав хоногт харьцангуй тогтворжиж байна. Улсын хэмжээнд эрчимт эмчилгээний 50, энгийн 1200 ор сул буюу нийт орны 18,1 хувь нь сул байна. Дүүргийн эмнэлгүүдийг хүчилтөрөгчийн бэсрэг үйлдвэрээр хангах ажил эрчимтэй хийгдэж байна. Тухайлбал, Баянгол, Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлэг, Яармагийн 300 ортой эмнэлэг, Хотын захиргааны шинэ байранд дэлгэсэн эмнэлэгт хүчилтөрөгчийн бэсрэг үйлдвэрийг нийлүүлж байна. Мөн хүчилтөрөгчийн 2000 баллон, хүчилтөрөгчийн өтгөрүүлэгч 1000 ширхэг, амьсгалын аппарат 50 ширхгийг эмнэлгүүдэд нийлүүлэх ажил хийгдэж байна гэлээ.

 Мөн  наадмын амралтын өдрүүдээр орон нутгийг зорих хөдөлгөөн эрчимтэй нэмэгдэж, сүүлийн гурван өдөрт л гэхэд 30 мянга гаруй иргэд хотоос орж гарсан гэж Шадар сайд хэллээ. Үүнтэй холбоотойгоор Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ орон нутаг дахь нөхцөл байдалд онцгой анхаарахыг аймгийн удирдлагуудад  үүрэг болголоо.  Түүнчлэн олон улсад дельта вирусын тархалт нэмэгдэж буй учир гадаад улсаас иргэдээ татан авч байгаа асуудалд онцгой анхаарах ёстой гээд энэ асуудлаар энэ баасан гарагт болох Засгийн газрын хуралдаанд хэлэлцүүлэхийг үүрэг болгов. Цар тахлын эмчилгээнд анхаарах, вакцинд хамруулах ажил, татан авалтыг  үргэлжүүлэх, шаардлагатай эм тариаг нөөцлөх үүргийг Эрүүл мэндийн сайд болоод холбогдох албан тушаалтнуудад өглөө.  Дэлхий дахинд цар тахлын эсрэг вакцинд нийт хүн амынхаа 60-аас дээш хувийг хамруулсан таван улс байгаагийн нэг нь Монгол Улс болжээ. Тиймээс  иргэдийг халдварын дэглэм сахиулахад онцгой анхаарах хэрэгтэй байгааг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ онцоллоо.  Орон нутагт вакцины үйлчлэл нийслэлээс 14-21 хоногийн хоцрогдолтой явж байгаа учраас орон нутаг руу зорчиж байгаа нийслэлийн иргэн бүр хариуцлагатай байхыг тэрбээр уриаллаа.

Засгийн газар Авлигын эсрэг комисс байгуулна

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ УОК-ын Шуурхай штабт ажиллах үеэрээ Засгийн газар Авлигын индексийг бууруулах комисс байгуулахаар болсныг хэллээ. Засгийн газар баяр наадмын өдрүүдэд ажиллаж байгаа бөгөөд ирэх баасан гарагт ээлжит бусаар хуралдах юм. Хуралдаанаар тус комиссыг байгуулахаар болжээ.

Засгийн газраас гарч байгаа шийдвэр анхан болон дунд шатанд хэрэгжихгүй байгаагаас иргэдэд төрийн үйлчилгээ хүрэхдээ хүнд суртал, авлига дагуулж байна. Энэ нь саяхан Замын-Үүдийн асуудлаас харагдсан гэдгийг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ  хэлсэн юм. Замын-Үүдэд Засгийн газар бүрэн эрхэт төлөөлөгчөө томилсон бөгөөд төрийн алба хаагчдаас шалтгаалсан ачаа барааны бөөгнөрөл үүссэн байдал цэгцэрч байна. Харин БНХАУ-ын талаас хилээр гаргах автомашины хязгаарлалтай холбоотой асуудал байна. Засгийн газар БНХАУ-ын талтай яриа хэлэлцээ хийж байгааг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ онцоллоо.

САНАЛ БОЛГОХ МЭДЭЭ МЭДЭЭЛЭЛ