ᠮᠤᠩᠭᠤᠯ ᠤᠯᠤᠰ ᠤᠨ ᠵᠠᠰᠠᠭ ᠤᠨ ᠭᠠᠵᠠᠷ
Я.Содбаатар: Улаанбаатарт "гацсан" орон нутгийн иргэдийг ойрын хугацаанд шинжилгээнд хамруулж, буцаана
Я.Содбаатар: Улаанбаатарт "гацсан" орон нутгийн иргэдийг ойрын хугацаанд шинжилгээнд хамруулж, буцаана

Өнөөдөр /2020.11.22/ 12:00 цагт Улсын онцгой комиссын даргын шуурхай хурал боллоо. Хурлаар цаг үеийн мэдээлэл сонсож, зарим асуудлыг шийдвэрлэлээ. Шуурхай хурлын дараа Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга  Я.Содбаатар, Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар, Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан нар иргэд, хэвлэл мэдээллийн байгууллагуудаас ирүүлж байгаа асуултуудад тайлбар, нэмэлт мэдээлэл өгснийг дэлгэрүүлэн хүргэе.

Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан;

Улсын хэмжээнд "КОВИД-19"-ийн халдвар  төмөр зам дагасан, Улаанбаатар хотод гэсэн хоёр голомтоос тархсан нь  тогтоогдсон. Орон даяар  тархалтын бүрэн зураглалыг гаргасан гэж үзэж байна. архалтыг бүрэн хумихын тулд иргэд халдвар хамгааллын дэглэмийг сайтар сахих нь чухал байна. Харин халдвар авсан нь батлагдсан иргэдийн ойрын хавьтлын  700, хоёрдогч хавьтлын 6,000 хүнд PCR шинжилгээ хийсэн.  Шинжилгээний хариунд үндэслэн тархалтын хүрээ, голомтыг  тогтоох, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг нарийвчлан гаргана. Халдвар илэрч байгаа байдлаас үзэхэд голомтуудыг оновчтой тодорхойлж, шуурхай арга хэмжээ авсан гэж дүгнэж байгаа. Сэлэнгэ аймагт бүртгэгдсэн тохиолдлын ойрын хавьтлаас халдвар олноор илэрч байгаа учир аймгийн 26 мянга, Алтанбулаг сумын 5,000 иргэнийг ирэх долоо хоногт багтаан түргэвчилсэн оношлуур, шаардлагатай тохиолдолд PCR шинжилгээнд оруулна. Ойрын хавьтлын болон дам хавьтлын бүх хүнийг халдвар илэрснээс эхлэн тусгаарласан. Төмөр зам дагасан газруудаас ойрын хавьтлын бус хүнээс халдвар илэрч байна.

Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар;

Зөөврийн шинжилгээний лаборатори Замын-Үүд, Сэлэнгэ аймагт ажиллаж байна. Төмөр замын ачаа тээврийн үйл ажиллагаа хэвийн үргэлжилж байгаа. Ээлжинд гарч буй, машинист, өртөө зангилаа дахь ээлжийн ажилчдыг байгаа газарт нь тусгаарлаж, гэрт нь хариулахгүйгээр ажлын байранд нь амраах, ажлаа үргэлжүүлэх нөхцлөөр хангах  байдлаар зохицуулсан.  Цаашид байдал хүндэрвэл төмөр замын салбарт ажиллаж байгаад чөлөөндөө гарсан ахмадууд, Төмөр замын дээд сургуулийн дөрөвдүгээр дамжааны оюутнуудыг дайчлахаар бэлтгэж байна.  Дотоодод халдвар илэрсэн, тэр дундаа Замын-Үүд боомтод халдвар бүртгэгдсэнээс шалтгаалж БНХАУ-ын тал хилийн боомтын хяналт, шалгалтаа чангатгасан.  Экспорт, импортыг хэвийн үргэлжүүлэх зорилгоор БНХАУ-ын ӨМӨЗО-ны Эрээн хотоос ачаа тээвэр оруулж ирдэг байнгын тээвэрт явдаг 101 жолоочийг шинжилгээнд хамруулж 50 жолоочийг хилийн цаана сарын турш байрлуулна. Эдгээр жолооч хоёр орны хилийн дундын бүсэд ачаа тээвээ авчирч Монголын талаас нөгөө 50 жолооч хүлээн авдаг байхаар зохицуулалт хийж байна. Нүүрс тээврийн экспортын гол боомтуудад халдвар хамгааллын дэглэмийг чангатган, Гашуунсухайт, Шивээхүрэн боомтод ажиллаж байгаа жолооч, боомтын ажилтан, албан хаагчдад шинжилгээ хийж,  үйлчилгээ үзүүүлэхээр PCR шинжилгээний явуулын нэг лабораторийг бэлэн болгосон. Гашуунсухайт боомтод ирэх долоо хоногт дахин нэгийг байрлуулахаар төлөвлөж байна. 

Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын Я.Содбаатар;

Зүүнхараад төмөр зам дагасан тархалтаас халдварын хоёр тохиолдол бүртгэгдээд байна. Мөн бүсэд буюу Зүүнхараад самар түүхээр ууланд гарсан 7,000 гаруй хүний 1,000 гаруй нь тус суманд  ирсэн.  Эдгээр иргэдийг түргэвчилсэн оношлуур, PCR шинжилгээнд оруулж  орон нутаг бүрт нь нэгдсэн зохион байгуулалттайгаар цагдаагийн хамгаалалтын дор буцаахаар бэлтгэж байна. Улсын онцгой комисс салбар хоорондын уялдаа холбоог хангах, мэргэжил арга зүйн дэмжлэг үзүүлэх зорилгоор Сэлэнгэ, Дархан-Уул, Өмнөговь, Алтанбулаг, Замын-Үүд, Зүүнхараад тусгай үүргийн Шуурхай бүлэг томилон ажиллуулж байгаа. Мөн Улсын онцгой комиссын дэргэд холбогдох салбаруудын төлөөллөөс бүрдсэн Эрдэмтдийн зөвлөх багийг байнга ажиллуулахаар боллоо. Дархан-Уул аймагт голомт байхгүй ч хөдөлгөөн ихтэй учир хөл хорионы дэглэмийг чангатган ажилласан. Дорноговь, Говьсүмбэр аймагт хошууч генерал Ш.Лхачинжаваар ахлуулсан Ажлын хэсэг ажиллаж байгаа. Автозамын боомтоор өдөрт 150 гаруй ачаа тээврийн автомашин нэвтэрч байгааг бууруулахгүй, экспорт, импортыг хэвийн үргэлжүүлэх зорилго тавьсан. Энэ хүрээнд БНХАУ-ын талаас тавьсан шаардлагыг биелүүлж, жолооч, иргэд, боомтын ажилчдын аюулгүй байдлыг ханган ажиллахыг үүрэг болгож, байнгын холбоотой ажиллаж байна. Халдвар гарсан газар, байршил, байр, орон сууц зэрэгт ариутгал халдваргүйтгэл сайн хийхийг холбогдох газруудад дахин анхааруулсан. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын ахалсан Ажлын хэсэг эмзэг бүлгийн иргэдэд хүнс, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлж, тулгамдсан асуудлуудыг нь шийдвэрлэхээр ажиллаж байгаа. Улсын онцгой комиссын Шуурхай бүлэг шинээр бүрдүүлж байгаа мэдээллийн дата баазад үндэслэн дунд, урт хугацааны стратеги төлөвлөгөөг шинэчлэн гаргаж эхэлсэн. Халдварын тархалтын урьдчилсан зураглалаас үзэхэд орон даяар халдвар тархаагүй байх төлөв ажиглагдаж байна. Гол нь иргэд халдвар хамгааллын дэглэмээ сайтар баримталж, аль болох бөөгнөрөл үүсгэхгүй байвал  богино хугацаанд  тархалтыг бүрэн хумиж чадна. Аймаг, орон нутгийн Онцгой комиссын дарга нар нэгдсэн удирдлагын дор ажиллах ёстойг дахин анхааруулья.  

САНАЛ БОЛГОХ МЭДЭЭ МЭДЭЭЛЭЛ