ᠮᠤᠩᠭᠤᠯ ᠤᠯᠤᠰ ᠤᠨ ᠵᠠᠰᠠᠭ ᠤᠨ ᠭᠠᠵᠠᠷ
Хамтын ажиллагааны үр дүнг хэлэлцэж, цаашид хамтран ажиллах чиглэлээ тодорхойлов
Хамтын ажиллагааны үр дүнг хэлэлцэж, цаашид хамтран ажиллах чиглэлээ тодорхойлов

   Онцгой байдлын ерөнхий газраас Монголын улаан загалмайн нийгэмлэгтэй хамтран “Удирдах ажилтны хамтын ажиллагааны уулзалт”-ыг зохион байгууллаа.

   Талууд хамтран ажиллах “Санамж бичиг”-ийг таван жилийн хугацаатай хэрэгжүүлсэн үйл ажиллагааны тайлан, үр дүнг хэлэлцэн цаашид хамтран ажиллах чиглэлээ тодорхойлж 2021-2025 онд хамтран ажиллах “Санамж бичиг”- ийг байгуулсан юм.

Энэ үеэр ОБЕГ-ын дарга, бригадын генерал Г.Ариунбуян “Өнгөрсөн таван жилийн хугацаанд бид Монголын улаан загалмай нийгэмлэгтэй хамтран олон улсын болон бүс нутгийн түвшний олон удаагийн сургалт, дадлага сургуулийг амжилттай зохион байгууллаа. Тухайлбал,  Гамшгаас хамгаалах тухай хууль, Олон нийтийн оролцоотой гамшгийн эрсдэлийг бууруулах үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийг хангах хүрээнд улсын хэмжээнд “Гамшгаас хамгаалах иж бүрэн сургууль”-ийг  242 удаа, “Команд штаб”-ын сургуулийг 277 удаа, “Говийн чоно-2015-2019” гамшгийн хор уршгийг арилгах олон улсын сургалт, дадлага сургууль зэрэг нийт  524 удаагийн сургууль, дадлагыг хамтран зохион байгуулахад 790 орчим мянган  иргэнийг хамруулсан байна. Энэ бүх сургалт дадлагыг зохион байгуулахад Улаан загалмай нийгэмлэг, дунд шатны хороо, нийслэл, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын удирдлагууд Та бүхний оролцоо их байсан гэдгийг онцлон тэмдэглэж байна.  Мөн Улсын хэмжээний томоохон 756 үйлдвэр, аж ахуйн нэгж, байгууллагад Дунд шатны улаан загалмайн хорооноос байгуулсан “Анхны тусламжийн нөхөрлөл”-ийг түшиглэн “Гамшгаас хамгаалах сайн дурын бүлэг”-үүдийг байгуулсан. Ингэснээр улсын хэмжээнд 479 “Гамшгаас хамгаалахсайн дурын хэсэг”-ийн 5324 гишүүнийг гамшгаас хамгаалах, гал унтраах, эрүүл мэндийн анхны тусламж үзүүлэх мэдлэг, чадвар эзэмшүүлж хамтран ажиллажээ. Цаашид биднийг гадаад улс орнуудтай болоод бүс нутгийн хэмжээнд хамтран зохион байгуулах олон ажил хүлээж байна” хэмээн онцлон тэмдэглэлээ.

Цаашид гамшгийн эрсдэлийг бууруулах, гамшгийн үед ажиллах сайн дурын идэвхтэн, иргэдэд гамшгийн хариу арга хэмжээ авах мэдлэг, чадвар олгох сургалт зохион байгуулах, гамшигт нэрвэгдэгсдэд сэтгэл санааны болон эд материалын тусламж  үзүүлэх зэргээр хүмүүнлэгийн үйл ажиллагааг зохион байгуулахад хамтран ажиллана гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.


САНАЛ БОЛГОХ МЭДЭЭ МЭДЭЭЛЭЛ