С.НАСАНБАТ: ДАРХАН-УУЛ АЙМАГ 2020 ОНД 33 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН АЖИЛ ХИЙНЭ

Нэмэгдсэн: 2020-06-09

Сэтгүүлч Б.Норовсамбуу Дархан-Уул аймгийн Засаг дарга С.Насанбаттай уулзаж тус аймаг 2020 онд чухам ямар ямар хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажил хийж байгааг тодруулж дараах ярилцлагыг хийсэн байна.

-Дархан-Уул аймагт 2020 онд чухам ямар ямар бүтээн байгуулалт хийхээр төлөвлөгдөв, одоо ямар төвшинд явагдаж байна вэ?

-Энэ онд манай аймгийн хэмжээнд таван эх үүсвэрээр нийтдээ 79 төсөл, арга хэмжээ, 33 тэрбум 753 сая төгрөгийн бүтээн байгуулалт хийгдэнэ. Одоогийн байдлаар манай аймагт улсын төсвийн хөрөнгө оруулалтын зургаан төсөл арга хэмжээ зохион байгуулагдаж байна. Үүн дотроос нийтдээ улсын төсвийн 27, орон нутгийн төсвийн 26, орон нутгийн хөгжлийн сангийн 17 төсөл хөтөлбөр, авто замын гурав, байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх арга хэмжээний зардлын зургаан төсөл хөтөлбөр гээд нийт 33 тэрбум 753 сая болж хуваагдаж байна. Зарим нь 2019-2020 он дамжсан хөрөнгө оруулалтууд байгаа. Мөн шинээр Дархан-Уул аймагт энэ онд зохион байгуулагдаж байгаа хамгийн томоохон төсөл хөтөлбөрийн хүрээнд Дархан сумын 6, 7, 8, 5 дугаар багийн нутаг дэвсгэр буюу бидний хэлж ярьж заншсанаар хуучин Дарханы гэр хорооллын орчмын дахин төлөвлөлтийн ажлын инженерийн дэд бүтцийн шугам хоолойн шинэчлэлийн ажлыг 29 тэрбум төгрөгөөр хоёр он дамжаад энэ онд дуусах юм. Ингээд цаашид Дархан хот орчин үеийн шийдэл бүхий амины болон нийтийн эзэмшлийн орон сууцаар иргэдээ хангасан, дэд бүтэцжсэн хот болох сууриа тавьж байна. Дээр дурдсан хорооллуудад одоогийн байдлаар гэр хорооллын иргэд амьдарч байгаа. Иймд эдгээр гэр хорооллын айл өрхүүд орон сууцтай болж амьдрал ахуйгаа дээшлүүлэх боломж бүрдэнэ гэсэн томоохон бүтээн байгуулалтын ажил энэ онд хийгдэж байна.

-Дархан хотод баригдаж эхэлсэн ахмадуудын чөлөөт цагаа өнгөрөөх төв хэзээ ашиглалтад орох вэ, уг нь ашиглалтад орох хугацаа нь болсон байх гэж асууж байна?

-Дархан-Уул аймагт ахмадын гереонтлогийн төвийг барьж тун удахгүй ашиглалтад оруулж ахмадууддаа хүлээлгэж өгнө. Дархан хотод ажиллаж амьдарч байгаа ахмадууд маань чөлөөт цагаа ая тухтай өнгөрөөх бүх талын үйлчилгээг энэ төвөөсөө авна. Нийтдээ 1.6 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар дөрвөн давхар иж бүрэн, сайхан барилгыг тоног төхөөрөмжийн хамтаар хүлээлгэн өгч нийт ахмадууддаа хүндэтгэл үзүүлэх гэж байгаадаа аймаг орон нутгийн удирдлагууд бид сэтгэл хангалуун байгаа.

-Дархан-Уул аймаг бүх сумтайгаа төмөр замаар холбогдсон, харин хоёр сум нь хатуу хучилттай замаар бүрэн холбогдоогүй гэж яригддаг байсан. Үлдсэн хоёр сумтайгаа хар замаар холбогдох замын ажил хийж байгаа гэсэн. Одоо ямар шатанд байна вэ?

-Манай аймаг хөдөөгийн гурван сумтай, тэдгээрээс Орхон сум аймгийн төвтэйгээ хатуу хучилттай авто замаар бүрэн холбогдлоо. Хонгор сум олон улсын зэрэглэлтэй зам дагуу байрладаг учраас мөн л хатуу хучилттай замаар холбогдсон. Харин хамгийн алслагдсан Шарын гол сум хатуу хучилттай авто замынхаа ажлыг энэ онд эхлүүлж улмаар 17 км-ийн хатуу хучилттай авто замыг тавьж эхний ээлжийн ажлыг гүйцэтгэснээр хоёр дахь үе шатны ажлууд хийгдэнэ. Энэ бол манайд хэрэгжиж байгаа бас нэг томоохон төсөл хөтөлбөр юм.

-Дархан хотод олон улсын стандартад нийцсэн хөл бөмбөгийн талбайг барьж эхэлсэн. Энэ хэзээ ашиглалтад орох вэ, хөрөнгө мөнгө нь хаанаас гарч байгаа вэ?

-Дархан хотыг залуучуудын хот гэж улс даяараа мэддэг. Залуусын хөгжил, тэдний чөлөөт цагийг зөв боловсон өнгөрөөх, “Спортлог-Дарханчууд” хөтөлбөрийг хэрэгжүүлэх хүрээнд манай аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүдийн оролцоотойгоор улсын төсвийн 1.6 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар олон улсын чанартай уралдаан, тэмцээн зохион явуулах орчин үеийн стандарт шаардлагыг хангасан хөл бөмбөгийн талбайг энэ онд байгуулах ажлаа эхлээд явж байгаа. Дархан-Уул аймгийн хүүхэд багачууд нь улсын аварга шалгаруулах хөл бөмбөгийн тэмцээнээс аваргын алтан медалиудыг олон жил дараалан авсан. Иймээс хүүхэд залуучуудын энэ спортыг цаашид улам бүр өргөн дэлгэр хөгжүүлнэ. Тэр амжилт гаргасан хүүхдүүдийг сайн орчинд, өндөр бэлтгэл хийлгэх боломж бүрдсэн томоохон ажлыг зохион байгуулж, энэ ондоо багтаж ашиглалтад оруулна. Өнгөрсөн жил бид “Спортлог Дарханчууд” хөтөлбөрийн хүрээнд ОХУ-ын Москва хотод үйлдвэрлэгдсэн дэлхийн стандартад нийцсэн хоккейн талбайг аймагтаа анх, шинэ Дарханы хуучин хорооллын “Од цогцолбор” сургуулийн хажууд байгуулж хүлээлгэж өгсөн. Мөн тус аймагт спорт өндөр хөгжсөн, энэ нь Дархан хот анх сууриа тавихад тухайн үед гадаад орнуудын мэргэжилтнүүд энд ажиллаж амьдарч байхдаа спортын үндэс суурийг тавьж үлдээсний нэг нь юм. Үүнд багийн спортыг хөгжүүлэхэд чиглэсэн эдгээр томоохон ажлуудыг чиглүүлэн ажиллаж байна даа.

-Өнгөрсөн жил боловсролын салбарт сургууль цэцэрлэг шинээр баригдсан уу, энэ жил шинээр барих сургууль цэцэрлэгийн барилга байгаа юу?

-Алслагдсан гэр хорооллын хүүхдүүдийн сурах орчныг сайжруулах хүрээнд Дархан сумын Тосгоны гурван багт дөрөвдүгээр сургуулийн хичээлийн байрны өргөтгөлийг барихад 480 хүүхэд сурч боловсрох 5.2 тэрбум төгрөгийн бүтээн байгуулалтын ажлыг хийж байна. Ингэснээр сургалт хүмүүжлийн ажлын үр өгөөж сайжирч, сургалтад хамрагдах хүүхдийн тоо өсөх, тэнд ажиллаж байгаа багш, албан хаагчдын ажиллах нөхцөл сайжрах томоохон хөрөнгө оруулалтын ажлуудыг явуулж байгаа. Ингэж манай алслагдсан гэр хорооллуудын хүүхдүүд сурах орчин дээшилсэн сайхан хичээлийн байртай болно. Мөн улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжих нэг томоохон ажил бол энэ алслагдсан гэр хороолол буюу 1960-аад онд суурьшсан гэр хороолол учраас тэдгээрт байгаа байгууллага, айл өрхүүдийг хотын нэгдсэн сүлжээ, дулаан хангамж, дэд бүтэцтэй холбогдох шугамын ажлыг энэ онд эхлүүлсэн. Ингэснээр тэдгээр айл өрхүүд дээрх гурван багийн төвүүд, өрхийн эмнэлэг, цагдаа, банк зэрэг төрийн үзүүлж байгаа бүх үйлчилгээ нэгдсэн дулаан хангамжаар дэд бүтцэд холбогдоно. Цаашид эдийн засаг, санхүүгийн боломжоороо айл өрхүүд гудамжнаасаа цааш нь татаж өөрсдийн гэр орон руу дулаанаа татаж оруулах боломжтой болж байна.

-Хуучин модон барилгуудаа буулгаж суурин дээр нь шинэ орон сууц барих ажлыг өнгөрсөн жилээс эхлүүлсэн гэсэн. Энэ жилийн хувьд ямар байгаа вэ?

-Манай Дархан хотод 1960-аад онд баригдсан, сүүлийн жилүүдэд хүн амьдрах орчин нөхцөл нь холбогдох мэргэжлийн байгууллагуудын дүгнэлтээр хангалтгүй гэж гарсан Дархан сумын 5, 6 дугаар багийн нутаг дэвсгэрт байдаг манайхны ярьдгаар барак байруудаа буулгаж газрыг нь дахин төлөвлөлтөд оруулж чөлөөлөөд уг чөлөөлөгдсөн газруудад орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар 60 айлын амины орон сууцуудыг өнгөрсөн жил барьсан, энэ жил ч бас үргэлжлүүлээд барьж байгаа. Ингэж бид Дархан хот зам дагуу учраас хотын өнгө үзэмж сайжирч бас иргэдийн аж амьдрал дээшилнэ. Тэдгээр байшингуудад амьдарч байсан иргэдэд нөхцөлийг нь сайжруулах замаар ямар нэгэн зөрүү хөрөнгө мөнгө авахгүйгээр шууд гэрээ хийж байр сууцанд нь оруулна. Бид алсдаа Дархан хотын барак байруудын байсан талбай дээр нь дахин төлөвлөлт хийж үндсэндээ энэ орчин хотын өнгө үзэмжийг сайжруулахад бодитой хувь нэмэр оруулна гэж бид тооцож ажиллаж байна. Дархан хот залуучуудын хот, Дархан-Уул аймаг энд хүн ажиллаж амьдрах орчин нөхцөлийг бүрдүүлэхийн тулд боловсрол, эрүүл мэндийн салбар нь, бизнес эрхлэх орчин бүрдүүлэх хүрээнд, төрийн захиргааны байгууллагууд ч таатай орчныг бүрдүүлэх ёстой.

-Сургуулиудын хувьд хүрэлцээтэй болж байгаа юм байна. Харин цэцэрлэгүүдийн хувьд ямар вэ, шинээр хэд хэдэн цэцэрлэг барьж ашиглалтад оруулж хүүхдээ хамруулсан гэж байсан. Хаана хаана хэдэн цэцэрлэг ашиглалтад оруулсан бэ?

-Манай аймагт шинээр 12 цэцэрлэг ашиглалтад орсон. Төсөл хөтөлбөрт хамрагдах хүрээг нэмэгдүүлэхийн тулд бид энэ жил Дархан сумын “Өргөө” багийн нутаг дэвсгэрт улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 150 хүүхдийн цэцэрлэгийг барьж ашиглалтад оруулж байна. Ингээд манай Дархан хотын төв дээр байдаг 18-н баг бүр энэ хугацаанд тус бүр 100-150 хүүхдийн нэг нэг цэцэрлэгтэй боллоо. Энэ нь боловсролын салбарт орж байгаа хамгийн томоохон бүтээн байгуулалт юм. Яг нөгөө талд нь “Азийн хөгжлийн банк” “Эрсдэлийн үеийн боловсролын салбарыг дэмжих нь” хөтөлбөрийн хүрээнд Дархан сумын 12 дугаар багийн нутаг дэвсгэрт 960 хүүхдийн “Эко сургууль” барих ажлыг эхлүүлэхэд орон нутгийн зүгээс газар олголт, инженерийн дэд бүтэц, шугам хоолой, эдийн засгийн үндэслэлийг боловсруулах бүх нөхцөлөөр нь хангаж өгсөн. Ингээд манай Дархан-Уул аймагт сүүлийн хориод жилд сургуулиуд баригдаагүй байсан бол энэ онд дахин нэг сургууль барих боломж нээгдлээ.

-Амины орон сууц барих хорооллын газрыг орон нутаг иргэддээ олгож эхэлсэн гэсэн. Өмнө нь бас нэг хороолол баригдсан. Одоо баригдах амины орон сууцны газрыг ямар нөхцөлөөр олгож байгаа вэ?

-Дархан хотын иргэдийн хувьд манай аймаг газар нутгийн хэмжээ харьцангуй багатайгаас үүдээд амины орон сууцны хорооллыг барих асуудал шийдэгдээгүй олон жил хуримтлагдсан байсан. Иймээс бид энэ онд иргэдийн өөрсдийнх нь оролцоотойгоор Дархан сумын 9, 10 дугаар багийн нутаг дэвсгэрт 394 айлын амины орон сууцны газар олголт хийж, амины орон сууцны томоохон хорооллын дэд бүтцийг татах ажил өнөөдөр эрчимтэй хийгдэж байгаа. Энэ нь аймгийг хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөнд тусгагдсан томоохон бүтээн байгуулалтын ажил учраас аймгийн зүгээс нэгдсэн зам харгуй, гэрэл гэрэлтүүлгээс эхлээд бүх талд нь анхаарч бүх бололцоог нь бүрдүүлж өгнө. Харин иргэд маань өөрсдөө, өөрсдийн оролцоогоо идэвхжүүлж бүтээлчээр оролцох ёстой.

-“Спорт цогцолбор”-ын барилга ямар шатанд явж байгаа вэ, өмнө нь царцаад амилсан энэ барилга Дархан хотынхонд ихээхэн ач холбогдолтой барилга биз дээ?

-Энэ барилгыг Нэмбар компанийн хамт олон барьж ажиллаж байгаа. Ажлын гүйцэтгэл 90 хувьтай үргэлжилж байна. Энэ барилгыг бид энэ зургадугаар сард ашиглалтад оруулахаар эхнээсээ хөөцөлдсөн, гүйцэтгэгч компаниуд ч гэсэн ажил төрлөө шавдуулсан боловч ний нуугүй хэлэхэд санхүүжилтийн асуудалд нь БСШУЯ, Сангийн яамны хоорондын ажлын уялдаагүй байдлаас үүдэж санхүүжилт нь одоогийн байдлаар дутуу буюу удааширсантай холбоотой тодорхой хугацаагаар хойшилж байгаа. Гэхдээ бид улсынхаа баяр наадмын өмнө энэ томоохон байгууламж 2200 гаруй хүний суудалтай заал, бэлтгэлийн дөрвөн том танхимтай, 250 метрийн урттай дөрвөн зам бүхий усан бассейнтай, ийм томоохон дөрвөн байгууламж бүхий спорт цогцолбороо ашиглалтад оруулж хүлээж авна. Энэ нь Монгол улсын хэмжээнд олон улсын тэмцээн, уралдаан явуулах бүрэн боломжтой байгууламж Монголдоо байхгүй гэж бид харж байгаа. Буянт-Ухаа буюу нисэхийн спорт цогцолбор бол спорт заал л байгаа. Харин манай энэ цогцолбор бол сургалт, хүмүүжил явуулах, усан спорт, нийтийн биеийн тамирыг хөгжүүлэх, бэлтгэл сургуулилт хийх заал, танхимтай, эрдэм шинжилгээ, судалгаа, туршилт хийх лабораторитой зэрэг боломжуудаар хангагдсан иж бүрэн цогцолбортой болох цаг хаяанд ирлээ. Шинэ спорт цогцолбор ашиглалтад орсноор бид хуучин спортын ордноо дараа жилээс эхлээд “Спортын төрөлжсөн дунд сургууль” болгож хөгжүүлнэ. Ингэснээр спортод авьяас сонирхолтой хүүхдүүдээ шигшиж аваад Дархан хотынхоо шигшээ багийг бүрдүүлнэ. Энэ дунд сургуульдаа хамруулж тэднийг спортдоо илүү их амжилт гаргах боломжоор хангана. Тун удахгүй Дархан хотынхон спортоор улсдаа оролцдог уралдаан тэмцээнүүдэд одоогийн үзүүлж байгаа амжилтаа улам бүр ахиулах алтан боломжтой болно гэж итгэл дүүрэн байна.

-Нэгэнт Засаг даргатай уулзсаных Дархан хотод баригдаж байгаа “Арьс ширний цогцолбор”-ыг барих ажил ямар төвшинд явж байна вэ, Энэ онд багтаж зарим үйлдвэрүүд нь ашиглалтад орно гэж байсан даа?

-Манай аймгийн Хонгор сумын нутагт, Дархан хотын үйлдвэрийнүүрэгт 180 орчим га газарт төлөвлөлт хийгдэж ажил нь эхэлсэн. Энэ чинь Монгол улсын эдийн засгийн тулгуур гэж хэлж болох Оюу толгойтой эн зэрэгцэхүйц салбар. Манай улс ная орчим сая малтай, жилдээ арав гаруй сая бод, богийг нядалж байхад түүнийг дагасан дайвар бүтээгдэхүүн, малын арьс ширээ өнөөгийн байдлаар бүрэн ашиглаж чадалгүй бараг хаягдах талдаа байгаа. Тиймээс үүнийг олон улсын стандартад нийцсэн, иж бүрэн боловсруулалт хийж зөвхөн урд хөрш рүү нийлүүлэх биш Европын өндөр хөгжилтэй орнуудын зах зээлд нийлүүлэхийн тулд евро стандартын шаардлагыг хангасан бүтээгдэхүүн гаргадаг үйлдвэрийн цогцолборыг барьж байна. Яг одоогийн байдлаар газар дээрээ төлөвлөлтийн дагуу ажлууд нь бүрэн явагдаж байгаа. 16 мегаваттын цахилгаан станцаа угсраад дуусгах гэж байна. Дөрвөн шатлал бүхий цэвэрлэх байгууламжийн газар шорооны ажил нь 95 хувьтай, ингээд цутгалтын ажлууд эхэлж энэ намартаа багтаж цэвэрлэх байгууламжийг хүлээлгэж өгнө. Яг үүнийг дагалдаад энэ бүтээн байгуулалтын хүрээнд гурван үйлдвэр баригдаж байна. Ноос угаах, ноолуур самнах, арьс шир боловсруулах үйлдвэр. Энэ төсөл хэрэгжихэд бид боловсруулах үйлдвэртээ иж бүрэн боловсруулалт хийгээд Европын зах зээлд гаргах түүхий эдээ боловсруулах болно. Энэ төслийн дараагийн шатанд боловсруулсан бүтээгдэхүүнээрээ нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн болгох замаар ажлын байрыг нэмэгдүүлнэ. Дархан хотод ажилгүйдлийн асуудлын бүрэн шийдэх боломж бүрдэх ийм хоёр шаттай хөтөлбөр.

-Энэ чинь хэдийгээр Дархан-Уул аймгийн газар нутаг дээр байгуулагдаж байгаа ч улсын мэдлийн үйлдвэр гэж ойлгосон. Тэхээр аймаг орон нутагт ямар ач холбогдолтой вэ, мэдээж ямар нэгэн ач тус байгаа л байх даа?

-Байлгүй яахав жишээ нь шууд үйлдвэрлэлийн салбарт нь 2800 хүн ажиллана. Энэ төсөл чинь өөрөө Монгол улсын эдийн засагт жилд 6.8 тэрбум долларыг оруулна. Үүнийг дагаад байнгын ажлын байртай 2800 хүний, хүн амын орлогын албан татвар, нийгмийн даатгалын сан арвижна. Аж үйлдвэрийн уг салбар хөгжөөд ирэхээр түүнийг дагаад энд ирж ажиллах мэргэжлийн албан хаагчид ажиллаж амьдрахын тулд орон сууц худалдаж авна, хэрэглэх хоол хүнс, сургууль, цэцэрлэгийн эрэлт нэмэгдэнэ. Энэ бүхэн аймгийн эдийн засагт хөрөнгө оруулалт болж ирнэ гэсэн үг. Хажуугаар нь бэлтгэн нийлүүлэгчид гээд бодохоор одоогийн ХААЯ-д байгаа тоогоор бараг арав орчим мянган бэлтгэн нийлүүлэгч байгаа гэсэн тооцоо бий. Тэд наашаа ирнэ, тэхээр худалдан авалт хийх, амьдрал ахуй зэргээр энэ салбар нь миний Засаг даргаар ажилласан найман жилийн хугацаанд хийгдсэн бүтээн байгуулалтуудаас хамгийн томд тооцогдсон бүтээн байгуулалт гэж дүгнэж байна. Дархан-Уул аймгийн цаашдын хөгжилд эдийн засгийн өсөлтийн болон нийгмийн хөгжилд бодит хувь нэмэр болж Дархан хот улам бүр эрчимтэй хөгжих үндэс нь болно гэдэгт итгэлтэй байна.

Ярилцсан Б.Норовсамбуу

Санал болгож байна
Төрийн байгууллагуудын мэдээлэл