АХМАДАД ЭЭЛТЭЙ БАЙГУУЛЛАГУУДЫГ ШАЛГАРУУЛЛАА

Нэмэгдсэн: 2020-05-07

Дундговь аймгийн Засаг даргын 2017 оны А/493 дугаар захирамжаар “Ахмадад ээлтэй сум, баг, байгууллага шалгаруулах журам”-ын дагуу аймгийн Ахмадын хорооноос шилдэг байгууллагуудаа тодрууллаа. Энэ жилийн “Ахмадад ээлтэй байгууллага”-аар аймгийн Нэгдсэн эмнэлэг, Эрдэнэдалай сумын “Монхаарбор” ахмадын сувилал тус тус шалгарчээ.

Шагналыг энэ сарын 4-ний өдөр аймгийн Засаг дарга О.Бат-Эрдэнэ, аймгийн Ахмадын хорооны дарга Ц.Сугир нар гардууллаа. Жил бүр ахмад настны эрүүл мэнд, нийгмийн хамгааллын асуудлыг дэмжих зорилгоор “Ахмадад ээлтэй сум, баг, байгууллага”-ыг шалгаруулж, шагналыг аймгийн Засаг даргын нөөц хөрөнгөөс шийдвэрлэдэг юм.

Дээрх байгууллагуудыг шалгаруулахдаа ахмадууддаа хүндэтгэл үзүүлэх, ахмадын сан бүрдүүлж, зарцуулах, ахмадын түүх, намтар, хүндэтгэлийн өрөө, булан байгуулах, ахмадын дунд уралдаан, тэмцээн, идэвхжүүлэх үйл ажиллагаа зохион байгуулах, тэдэнд түлээ, нүүрс, нэмэгдэл олгох, ахмадуудын баялаг туршлагыг өвлүүлэх, хөдөлмөр эрхлэлтийг нь дэмжих зэрэг найман үзүүлэлтээр дүгнэдэг байна. 

Санал болгож байна
Төрийн байгууллагуудын мэдээлэл