Улс, хот хоорондын автомашин, галт тэрэгний зорчих хөдөлгөөнийг 2020 оны 02 дугаар сарын 23-ны 08:00 цагаас 27-ны 08:00 цаг хүртэл түр хаана

Нэмэгдсэн: 2020-02-20

Улсын Онцгой комиссын 2020  оны тавдугаар хуралдаан боллоо. Хурлаар Шинэ коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх, бэлтгэл, бэлэн байдлыг хангуулах чиглэлээр Улсын Онцгой комиссоос авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар мэдээлэл сонсч, зорчигч, иргэдийн хөдөлгөөнийг хязгаарлахтай холбогдуулан хийх зохион байгуулалт, Цагаан сарын баярын өдрүүдээр улс,  хот хоорондын зорчигч тээврийн хөдөлгөөнийг хязгаарлах эсэх, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар хэлэлцэн шийдвэр гаргалаа.

Шинэ  коронавирусын эрсдлээс урьдчилан сэргийлж, улс орон даяар хэсэгчилсэн өндөржүүлсэн бэлэн байдалд холбогдох байгууллагууд ажиллаж байгаа ч Цагаан сарын баярын өдрүүдэд улс орон даяар хууль ёсны амралт үргэлжлэх учир зорчих хөдөлгөөн эрс нэмэгдэх эрсдлээс урьдчилан сэргийлж дараах арга хэмжээг авлаа.

Улс, хот хоорондын автозам, галт тэрэгний зорчих хөдөлгөөнийг Цагаан сарын битүүний өдрөөс шинийн дөрвөн хүртэл буюу 2020 оны 02 дугаар сарын 23-ны ням гаригийн 08:00 цагаас 27-ны пүрэв гаригийн 08:00 цаг хүртэл түр хаахаар эцэслэн шийдвэрлэлээ. Цагаан сарын баярын үеэр Улаанбаатар хотоос 300.000 гаруй автотээврийн хэрэгслээр 1,2 сая хүн гарч, 50.000 автрмашинтай 200.000 орчим хүн орж ирдэг байна. 

Улс, хот хоорондын зорчих хөдөлгөөнийг түр хаах шийдвэрийг 13 аймгийн Онцгой байдлын албанаас дэмжин саналаа ирүүлсэн бөгөөд орон нутгийн зорчих хөдөлгөөний зохицуулалтаа дотооддоо шийдвэрлэн ажиллах юм. Харин агаарын тээврийн зорчих хөдөлгөөниййг өндөр хяналт, ариутгал халдваргүйжүүлэлтийн стандарт шаардлагыг хангуулан хэвийн үргэлжлүүлэх юм.

БНХАУ-д голомттой COVID 19 өвчний тархалт хурдацтай явагдсан шалтгаан нь БНХАУ-ын Хубэй мужийн Ухань хотод вирусын халдвар гарах үетэй зэрэгцэн тус хотын 5 сая иргэн, хятад даяар нийт 84 сая хүн  Хаврын баярын  шилжилт хөдөлгөөн хийсэн нь бүх муж болон бусад улсад вирусын халдвар тархах үндсэн шалтгаан болж тархалтыг 34 хувиар нэмэгдүүлснийг тогтоосон байдаг. Иймд Монгол Улсад шинэ коронавирусын халдвар илрээгүй ч болзошгүй эрсдлээс урьдчилан сэргийлж иргэдийн зорчих хөдөлгөөнийг хаах нь зүитэй гэж үзэн Улсын Онцгой комисс  дээрхи шийдвэрийг гаргалаа гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ. 

Төрийн байгууллагуудын мэдээлэл