САЙНЦАГААН СУМААС ХЭРЭГЖҮҮЛСЭН “ЧАДВАРТАЙ БАГШ-ЧАНАРТАЙ БОЛОВСРОЛ” ДЭД ХӨТӨЛБӨР ҮР ДҮНГЭЭ ӨГЛӨӨ

Нэмэгдсэн: 2020-02-18

Сайнцагаан сумаас 2018-2019 оны хичээлийн жилд багш ажлын байран дээрээ тасралтгүй хөгжих нөхцөл боломжийг бүрдүүлж, мэргэжлийн багш нарын хамтын ажиллагааг сайжруулан, 5, 9, 12 дугаар ангийн сурагчдын сурах арга барилыг нэмэгдүүлж, сурлагын чанар, ахиц амжилтыг дээшлүүлэх зорилгоор хэрэгжүүлсэн “Чадвартай багш-Чанартай боловсрол” дэд хөтөлбөр үр дүнгээ өгчээ.
Тус хөтөлбөрийн хүрээнд багшийн онолын мэдлэгийн шалгалтад 5 сургуулийн 217 багшийг хамруулснаар 5,3-14,9%-ийн өсөлттэй байна. Мөн сургууль бүр “Багшийн хөгжлийн төв”-ийг тохижуулж шаардлагатай тоног төхөөрөмжүүдийн хэмжээг нэмэгдүүлж, ажиллах таатай орчин нөхцөлийг бүрдүүлсэн байна.
Хөтөлбөр хэрэгжүүлсний үр дүнд элсэлтийн ерөнхий шалгалтын дүнгээр өмнөх жилээс 6 байр урагшилж 21 аймгаас 9 дүгээр байр орж, давхардсан тоогоор 5 сургуулийн 330 сурагч 10 судлагдахуунаар шалгалт өгч 14.7 -91.2 онооны өсөлттэй байсан. Тус хичээлийн жилд Сайнцагаан сумаас Математик, Нийгмийн ухааны хичээлээр хоёр хүүхэд 800 оноо авч, Монгол улсын зөвлөх багш хоёроор нэмэгдэн, “Цэгцбилиг” сургууль Монгол улсын “ТОП-20” сургуулийн нэгээр шалгарсан амжилтыг үзүүлсэн юм.
Түүнчлэн хөтөлбөр хэрэгжсэнээр сургуулиудын хамтын ажиллагаа сайжирч, багш нар ном хэрэглэгдэхүүнээ солилцох болон багш нарын заах арга зүй нэмэгдэж, сурагчдын амжилт, сурлагын чанарт ахиц гарсан давуу талтай хөтөлбөр хэрэгжив. Сайнцагаан сумаас тус хөтөлбөрийн 2 дахь шатыг 2019-2020 оны хичээлийн жилд хэрэгжүүлж ажиллахаар болоод байгаа аж.
Санал болгож байна
Төрийн байгууллагуудын мэдээлэл