ᠮᠤᠩᠭᠤᠯ ᠤᠯᠤᠰ ᠤᠨ ᠵᠠᠰᠠᠭ ᠤᠨ ᠭᠠᠵᠠᠷ
ХӨВСГӨЛ ДАЛАЙДАА МАШ ИХ ХАЙРТАЙ
ХӨВСГӨЛ ДАЛАЙДАА МАШ ИХ ХАЙРТАЙ

               

  Цэнгэг ус, үзэсгэлэнт байгаль, онгон дагшин уул нуруудаараа гайхагдсан Хөвсгөл нуур Улаанбаатар хотоос 870 орчим км-т, Мөрөн хотоос 102 км-ийн зайд оршдог.  Хөвсгөл нуур нь эзэлхүүнээрээ хамгийн том, гүн нуур юм. Усны нөөцөөр Азид хоёрдугаарт, дэлхийд 14-т ордог, усны тунгалагшил, цэнгэг байдлаараа дэлхийд гуравдугаарт бичигдсэн үзэсгэлэнт далай ээжийн эргийн нийт урт 415 км, гүн нь 264 м, өргөн нь 145 км ажээ. Хөвсгөл нуурт 99 гол горхи цутгах бөгөөд Эгийн гол эх авч урсан Сэлэнгэ мөрөнг дамжин Байгал нуурт цутгадаг.

“ Хөвсгөл далай- бидний бахархал”

2013 оныг БОНХЯ-наас “Байгаль орчны боловсролыг дэмжих жил” болгон зарласан. Энэ жилийн хүрээнд Хөвсгөлийн Улсын тусгай хамгаалалттай газрын захиргаанаас санаачлан БОНХЯ, Байгаль хамгаалах сангийн дэмжлэгтэйгээр “ Хөвсгөл далай- бидний бахархал” хүүхдийн танин мэдэхүйн эко аялалыг амжилттай зохион байгууллаа. Хөдөө орон нутагт анх удаа болж байгаа энэ аялалд Хөвсгөлийн байгалийн цогцолборт газрын орчны бүсийн Мөрөн, Хатгал, Алаг-эрдэнэ, Ханх, Ринченлхүмбэ,Цагаан-Үүр, Чандмань-өндөр сумын ЕБС-ийн эко клубын шилдэг сурагчид, Улаанбаатар, Эрдэнэт хотын хүүхдүүдийн төлөөлөл оролцсон юм. Зүйрлэшгүй сайхан, хосгүй үзэсгэлэнт далайг өөрийн нүдээр харж танилцах, хайрлан  хамгаалахад гар бие оролцох, унаган төрхөөр нь үлдээхэд хувь нэмрээ оруулах зорилго өвөртөлсөн 10-16 насны 35 эко аялагч хүүхдүүд Хөвсгөлийн УТХГ-ын хамгаалалтын захиргааны үйл ажиллагаатай танилцаж, аялалын тухай зааварчилгаа авснаар аялалаа эхлэв. Аялагч хүүхдүүд  “Эх дэлхийгээ бид хайрлаж чадна”, “ Хоггүй, хорт зуршилгүй эрүүл орчинд амьдарцгаая”, “Ногоон дэлхий бидний гэр, ногоон дэлхийгээ хайрлан хамгаалцгаая”, “ Хөвсгөл далай бидний бахархал, түүнийг хамгаалах нь бидний зорилго, ногоон ирээдүйн төлөө эрч хүчтэйгээр урагшаа!” гэсэн уриаг цуурайтуулан нуурын эрэг, Үрэн-Ай, Доод модот булан, Дээд модот булан зэрэг үзэсгэлэнт газраар 17 км алхсаар Жанхайн аманд үдлэв. Тогооч эгч туслахын хамт уулын унанги мод, гишүүгээр  гал  өрдөж төд удалгүй сарлагийн сүүтэй  цай, гурилтай шөл, тахианы рагу бэлэн болгов. Хээрийн хоол үнэхээр амттай байлаа. Явган аялал цааш үргэлжлэн Хирвэстэгт буудаллав. Хүүхдүүд харуй бүрийтэй зэрэгцэн майхнаа босгов. Зуухан дээр борцтой цай болох зуур өдрийн аялалаа дүгнэж, Хөвсгөлийн УТХГ-ын хамгаалалтын захиргааны ажилтан Д.Үржинбадамын усны тухай сонирхолтой ярианд анхаарлаа хандуулав. Эхний өдөр 29 км замыг туулсан аялагчид оройн тойргоо хийн“ Тавтай нойрсоорой”  дуугаа дуулж, унтаж амрав. Далай ээжийн зөөлөн давалгаа  хацар илбэж, модот уулын нөмөрт бүүвэйлэгдсэн аялалын өдрүүд үргэлжилсээр...

Алсыг харагч Чөчүү уул далайн түвшнээс дээш 2444 метр өндөр

Хөвсгөл далайн баруун талд сүндэрлэх Чөчүү уул далайн түвшнээс дээш 2444 метр өндөрт өргөгдсөн.  Их далай, Онголог нуурын холбоосоор явганаар явж, уул өөд гаргасан машины замыг даган явсаар оройд гарна. Уул өөд мацахад ойролцоогоор 2-2,5 цаг зарцуулдаг. Харин буухад 30-45 орчим минут. Уулын оргил хүртэл 5 орчим км. Социализмын үед оросууд Чөчүү уулнаас фосфоритын орд хайж байхдаа энэ 5 км машин замыг гаргасан ажээ. Харин манай аялагч хүүхдүүд уралдааны морьд шиг л уул өөд гүйцгээсэн. Тэд 1,20-1,45 минутанд уулын оройд гарсан юм. Чөчүү уулан дээрээс Хөвсгөл далай алган дээр байгаа мэт бүхлээрээ харагдах ажээ. Баруун болон баруун хойд талд нь Хорьдол Сарьдагийн нуруу, Саяны салбар уулс хараа булаан сүндэрлэнэ. Хоймор хэсэгт Мөнх цаст Бүрэнхан уул нүд баясгана. Зүүн талаар Сантийн нуруу үргэлжлэн харагдана. Хараад хараад ханашгүй диваажингийн хөндий юутай гайхамшигтай гээч. Энэ бүхнийг бидэнд өвлүүлсэн өвөг дээдэс, хувь тавилангаар заяасан эх нутагтаа маш их хайртай гэдгээ эко аялагч хүүхдүүд маань хоймор нутгийнхаа хамгийн өндөр уулан дээрээс илэрхийлсэн. Хөвсгөл далайдаа хайртай гэж нэгэн дуугаар цуурайтууллаа.

Хорыг арилгагч Хар усны рашаан

Их далайн эргээр үргэлжилсэн аяллын бас нэгэн гайхамшиг нь  Хар усны рашаан байв. Өндөр уулын дороос бүх төрлийн өвчнийг анагаах ид шидтэй рашаан оргилон байх ажээ. Үнэхээр гайхмаар бас биширмээр. Рашааны эмчилгээний үе нь жил бүрийн 5-р сарын дунд үеэс эхлээд 10 гаруй хоног үргэлжилдэг гэнэ. Тархи толгой, элэг цөс, ходоод, бөөр нуруу гээд бүхий л эд эрхтний өвчнийг анагаах увидастай рашаан энд байх бөгөөд Хөвсгөлийн УТХГ-ын хамгаалалтын захиргаанаас рашаанчдад зориулж тухайн орчныг тохижуулсан байна. Жилд ойролцоогоор 1000 гаруй хүн шидэт рашааныг зорин ирж илааршдаг. Рашаанаас холгүй ядаргааг арилгагч даль ягаан, оюун ухааныг сэргээгч цагаан даль цэцэг ургадаг ажээ.

“Сүхбаатар” онгоцон дээрхи дуутай, бүжигтэй, хөгжилтэй, америк найзуудтай далайн аялал

Гайхамшигт аялал үргэлжилсээр... Аяллын 5 дахь өдөр буюу сүүлчийн өдөр. Хатгалаас явганаар 80 орчим км зам туулан Жиглэгийн даваанд буудалласан аялагч хүүхдүүдийг Сүхбаатар усан онгоцоор аялахыг “Хөвсгөл усан зам” компанийхан урьсан юм. Хөх цэнхэр далайгаар бүтэн өдөр аялах ховорхон боломж, мартагдашгүй дурсамж, бахархал, омогшил, хайрлан хамгаалах сэтгэлийг эко аялагч багачуудад маань тус компанийхан өгсөн. “Хөвсгөл усан зам” компаний гүйцэтгэх захирал Б.Үржинбадам эгч эко аялагч хүүхдүүдэд маань тусгай хөтөлбөр бэлтгэсэн байв. Дууны, бүжгийн тэмцээн, уралдаан зохион байгуулж тэргүүн байрын эздийг 30 гаруй жил усан онгоцыг жолоодож байгаа онгоцны капитан Л.Бадамдоржтай зургаа авахуулах эрх, ирэх жил болох компаний ойн нэвтрүүлэгт оролцох эрхээр урамшуулсан. Урлаг соёлын салбарт олон олон шинэлэг ажлуудыг санаачилсан түүнд УГЗ Ухнаа гуай “Шоуны хатан хаан” хэмээн нэр өргөмжилсөн байна. Шинийг санаачлах сэтгэлгээ,  зохион байгуулах чадвартай түүнд 7 жилийн өмнө “Номин холдинг” компани хамтран ажиллах санал тавьжээ. Улс төрийн дууны наадам, Монголын гоо бүсгүй, Гоёл наадам, Ихрүүдийн баяр, Аавуудын баяр, Ээжүүдийн баяр зэрэг 300 шахам шоу нэвтрүүлгийг санаачлан зохион байгуулж байсан тэрээр хөх сувдан далайн хөтөч,  усан онгоцны зохион байгуулагчийн үүргийг амжилттай гүйцэтгэж аялагч олны талархлыг хүлээсээр явна. Бидэнтэй хамт 14-17 насны 21 америк хүүхэд усан онгоцоор аялсан. Тэд хамтдаа дуулж, бүжиглэж, байгалийн сайхныг тольдож явлаа.

Байгалийн содон цогцолбор Модон хүй арал

Жиглэгээс усан онгоцоор 30 орчим км аялсны дараа үдийн цайгаа уухаар далайн тэг дунд байрлах битүү модон аралд буулаа. Аралыг “Модон хүй” гэж нэрлэдэг. Тэнгэр баганадсан модоор бүрхэгдсэн арлын урт нь 4 км, өргөн нь 3 км юм. Энэ аралд хандгай, гөрөөс, чандага зэрэг төрөл бүрийн ан амьтад байдаг, олон зүйлийн ургамал жимс ургадаг ажээ. Аралын тухай нэгэн домгийг Хөвсгөлийн УТХГ-ын хамгаалалтын захиргааны дарга Л.Даваабаяр хүүхдүүдэд хуучилсан юм. “Эрт урьд Хөвсгөл далай байгаа энэ нутаг талтай, уултай хөндий байжээ.Тэнд таргийн таван үнээтэй, таван хар ямаатай эмгэн 3 хүүгийн хамт амьдардаг байж гэнэ. Эмгэн малаа усалж яваад худгийнхаа тагийг таглахаа мартжээ. Өглөө сэртэл хөндий тэр чигээрээ ус болсон байв. Усанд амьдрахад хэцүү тул худгийн тагийг тагла гэж эмгэн 3 хүүдээ хэлэв. Бага хүү нь нэг худгийн амыг таглах гэж 7 атга шороо авч хаяв. Хөвсгөл нуурын зүүн талд орших “Долоон уул” бий болов.  Дунд хүү нь бас нэгэн худгийг таглах гэж хурц шовх оройтой “Уран дөш” уулын оройг тасдан авчирч тагласнаар “Хадан хүй” арал үүсэв. Том хүү нь  Баясгалант уулын оройг тасдан авчирч үлдсэн худгийг таглав. Ингэж үзэсгэлэн төгөлдөр “Модон хүй” арал бүрдсэн байна”. Ийнхүү “Модон хүй” аралд үдэлж ундлаад завиар дамжин усан онгоцондоо суун “Хадан хүй” арлын зүг хөдөллөө.

Усны шувуудын үржлийн газар “Хадан хүй” арал

Усан онгоцоор Модон хүйгээс 40 орчим км явж “Хадан хүй” аралд очив. Арлын өргөн 200м, урт нь 800 м. Бүхэлдээ цахлай шувууд нутагласан байх аж. Хааяа хар галуу, нугас өндөглөдөг гэнэ. Хоёр алхаад л цахлай шувууны өндөг тааралдах бөгөөд хүний сүүдэр тусахаас хамгаалан цахлайнууд зогсоо зайгүй эргэлдэн ниссээр байлаа. Бид бушуухан зураг аваад буцав.

Нар угтсан галын наадам

Бүтэн өдрийн турш далайгаар аялсан эко аялагчид үдшийн 23 цагт буув. Хөвсгөлийн УТХГ-ын хамгаалалтын захиргаан дээр оройн хоолоо идэж,  “Хөвсгөл-Сант” жуулчны баазад буудаллав. Цаг орой болсон хэдий ч хүүхдүүдийн хүсэлтээр галын наадмаа хийж дуулалдан бүжиглэлээ. Төд удалгүй шинэ өглөөний нар туяаран мандсан юм.

Аялалаа дүгнэж батламжаа гардав

Сурсан, мэдсэн зүйл арвинтай, бахархах зүйл ихтэй, олон найз нөхөдтэй болсон аялагч хүүхдүүд нэгэн дуугаар аялалаа маш гоё, мартагдашгүй аялал боллоо гэж дүгнэв. Аяллын туршид  цэнгэг усаар ундаалж, эко хүнсээр хооллож явсан бяцхан аялагчид аяны богцоо шинэ мэдлэг,  бахархал,  омогшил, хайрлан хамгаалах сэтгэл, мартагдашгүй дурсамж, эрч хүч, ирээдүйдээ итгэх хүсэл мөрөөдлөөр дүүргэсэн юм.  Аяллыг санаачлагч Л.Даваабаяр даргатай Хөвсгөлийн УТХГ-ын хамгаалалтын захиргааны хамт олон, Хөвсгөлийн Байгаль орчны газрын дарга  Ч.Уртнасан нар маш сайн ажиллалаа. Тэд аяллын явцад хүүхдүүдэд байгаль орчин, уул ус, ургамал амьтны тухай танин мэдэхүйн яриа, таниулгыг өгсөн юм.

Хөвсгөл далайдаа маш их хайртай

Эко аялалд оролцсон хүүхдүүдийн сэтгэгдлээс хуваалцлаа.

10 настай Ану, “Би усны гүнж болсон юм шиг л санагдаж байна. Хөвсгөл далай яг толь шиг тунгалаг гоё харагддаг. Би Хөвсгөл далайд өөрийгөө толинд харж байгаа юм шиг харсан. Тэр бас яг уран зураг шиг маш гоё, боломж байсан бол би явмааргүй дахиад баймаар л байна, Би Хөвсгөл далайдаа маш их хайртай”

Хатгал тосгоны Хүйн холбоо эко клубын сурагч И.Наранзаяа,” Би Хөвсгөл далайнхаа эрэг дээр төрж өссөн ч ингэж аялж байсангүй. Олон зүйлтэй танилцаж, мэдлээ. Уул ус, ургамал цэцэгсийн нэрийг мэдэж авлаа.Олон найз нөхөдтэй боллоо.Сурсан мэдсэнээ сургууль, хамт олондоо түгээнэ. Хөвсгөл далайгаа улам их хайрлах болно. БОНХЯ, Байгаль хамгаалах сан, аяллыг зохион байгуулсан бүх хүмүүст баярлалаа”

Алаг-Эрдэнэ сумын эко клубын ахлагч Г.Төгсбаяр,” Их юм мэдэж, олон найз нөхөдтэй боллоо. Далайн орчмын үзэсгэлэнт байгаль, уул ус, ан амьтдыг нүдээр харлаа. Бахархах, хайрлан хамгаалах сэтгэл улам их төрж байна, сумандаа очоод Эгийн голоо цэвэрлэх ажлыг хийнэ, аяллыг зохион байгуулсан, оролцсон бүх хүүхдүүд, хүмүүстээ баярлалаа, Дэлхийд гайхагдсан Хөвсгөл далайдаа хайртай, мөнхөд хайрлаж бахархаж явнаа”

 


САНАЛ БОЛГОХ МЭДЭЭ МЭДЭЭЛЭЛ