Сар шинийн баярыг өргөн хүрээнд тэмдэглэхгүй

Нэмэгдсэн: 2020-01-30

Улсын Онцгой комисс шинэ коронавирусын дэгдэлт, түүнээс урьдчилан сэргийлэх хүрээнд авч хэрэгжүүлэх арга хэмжээний тухай  Монгол Улсын Засгийн газрын 30 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангаж, ажиллах хүрээнд гарч буй цаг үеийн асуудлуудыг нэгтгэн хэлэлцэж  дараах  шийдвэрийг гаргалаа.

-  БНХАУ-ын Ухань хот дахь Монгол оюутнуудыг тээвэрлэж ирэхэд шаардагдах 53.000 ам.долларын зардлыг Засгийн газрын тусгай сангаас гаргах

-  БНХАУ болон шинэ коронавирусын халдварын голомт газраас ирсэн, сэжигтэй иргэдийг өвчний нууц үеийг дуустал тусгаарлах

-  Төрийн золголт, нутгийн зөвлөл, албан байгууллагууд, хамт олны золголт хийхгүй байх, Сар шинийн баярын Үндэсний бөхийн барилдаан зэрэг нийтийг хамарсан спорт, урлаг, сургалтын арга хэмжээг явуулахгүй байх

-  Сар шинийн баяраар иргэд хол зорчихгүй, олноороо цуглахгүй, гэр бүлийн хүрээндээ тэмдэглэхийг зөвлөх

-  Хилийн боомтууд, галт тэрэг, нисэх буудлын нийт ажилчид, хил гаалийн нэвтрэх хэсэгт онцгой нөхцөлд ажиллаж байгаа алба хаагчдын аюулгүй байдлыг хангах, нэг удаагийн хамгаалалтын хувцас хэрэглэлтэй болгох түүнд шаардагдах төсвийг шийдвэрлэж ажиллах

-  Галт тэрэг, хот хоорондын автобус, Улаанбаатар хот дахь нийтийн тээврийн хэрэгслийг байнгын ариутгал шинжилгээнд хамруулах, түүнд ажиллаж байгаа ажилчдыг хамгаалах хэрэгсэл, ариутгалын бодисоор хангах, хот хоорондын зам дагуух хоолны газруудын ариун цэвэр, ариутгалын ажилд дэмжлэг үзүүлэх зэрэг ажлыг холбогдох байгууллагууд чиглэл чиглэлээр зохион байгуулж ажиллахыг үүрэг болголоо. 

Өнөөдрийн байдлаар Монгол Улсад шинэ коронавирусын халдвар илрээгүй. Япон Улсад үйлдвэрлэгдсэн багажны тусламжтайгаар 24 агийн дотор шинжилгээний хариуг бүрэн гаргаж байгаа бөгөөд 50 сэжигтэй тохиолдол бүртгэгдсэн нь шинжилгээний дүнд үгүйсгэгдсэн байна. Халуурсан, цээж давчидсан зэрэг шинж тэмдгийн улмаас сэжиглэгдэж тусгаарлагдсан 14 иргэн байна. Тэдний шинжилгээний эцсийн хариуг хүлээж байгаа аж.  БНХАУ иргэдээ гадаад улс орнууд руу зорчих эсэхэд тодорхой хязгаарлалт тавьсан. Монгол Улс руу нэвтрэх Хятад иргэдийн зорчих хөдөлгөөн эрс буурсан. Түүнчлэн манай талаас жуулчны визийн олголтыг түр зогсоосон. Харин БНХАУ-аас эх орондоо өөрийн хүсэлтээр ирж буй бүх иргэдээ хүндрэл бэрхшээлгүй нэвтрүүлэх ажлыг шуурхай зохион байгуулж байна. Гэсэн хэдий ч БНХАУ-ын ӨМӨЗО-ны Эрээн хотод 200 гаруй Монгол иргэний бөөгнөрөл үүсээд буйг тус хотын Консулын газар болон холбогдох байгууллагуудтай хамтран 2020 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр дөврөн автобусаар авчрахаар хоёр тал тохиролцож чадсан байна. Хэдийгээр коронавирусын дэгдэлт гарсан ч  хилийн боомтуудыг хаахгүй, экспорт, импортын ачаа тээвэрлэлт болон бусад үйл ажиллагааг хорио цээрийн дэглэмийн хүрээнд үргэлжүүлнэ хэмээн Улсын Онцгой комиссоос шийдвэрлэлээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Санал болгож байна
Төрийн байгууллагуудын мэдээлэл