ДИАЛИЗ ЭМЧИЛГЭЭНИЙ АППАРАТАД ШИНЭ УСНЫ ТӨХӨӨРӨМЖИЙГ ТАТАН НИЙЛҮҮЛЖЭЭ

Нэмэгдсэн: 2019-09-09

Дархан-Уул аймгийн Нэгдсэн эмнэлэгт диализ эмчилгээний 8 аппарат ажилладаг. Диализ эмчилгээ нь бөөрний эмгэгийг эмчлэхгүй бөгөөд бөөр орлуулах эмчилгээ тул эдгээр аппаратуудад аймгийн хэмжээнд бөөрний цочмог дутагдалтай 41 хүн 7 хоногт 4 цагаар 3 удаа эмчилгээнд тогтмол хамрагддаг юм.
Ингэснээр эмчлүүлэгч бөөр орлуулах эмчилгээгээр цаашид насан туршид эсвэл бөөр шилжүүлэн суулгах хүртэл амьдрах боломжтой болдог байна.

Өнгөрсөн долоо хоногт 2-3 өдрийн хугацаанд дээрх аппаратуудыг ажиллуулдаг усны аппаратын мотор эвдэрч хүндрэл учирчээ. Нэгдсэн эмнэлгийн удирдлагууд Дарханы инженерүүд болон энэ төрлийн аппарат нийлүүлдэг 2 газарт хандсан байна. Мэргэжилтнүүд сэлбэгийг солин засварлаж болох ч сэлбэг захиалгаар 21 хоногийн хугацаанд ирэхээс гадна 40 сая төгрөгийн өртөгтэй гэжээ. Иймд аймгийн Нэгдсэн эмнэлгээс Эрүүл мэндийн яам, УИХ-ын гишүүдэд хандсан байна. Энэ хүрээнд УИХ-ын гишүүн Б.Баттөмөр Эрүүл мэндийн яамны сайдтай биечлэн уулзаж, засварын мөнгийг шийдвэрлэхээс гадна “АйВиКо” ХХК-аас шинэ усны төхөөрөмжийг татан нийлүүлжээ.

Харин хүндрэл үүссэн өдрүүдэд Орхон, Сэлэнгэ, Булган зэрэг аймгуудын Нэгдсэн эмнэлгүүд Дарханы иргэдэд үйлчилгээ үзүүлснээр хүмүүсийн биед ноцтой хүндрэл учраагүйд маш их талархаж буйгаа аймгийн Нэгдсэн эмнэлгийн дарга Б.Эрдэнэтулга хэлж байна.

Саяхныг хүртэл аймгийн Нэгдсэн эмнэлэгт Диализын 6 аппарат ажиллаж байсан бөгөөд 2 аппарат шинээр нийлүүлсний нэгийг УИХ-ын гишүүн Б.Баттөмөр хувиасаа бэлэглэжээ.Мөн аймгийн Засаг дарга С.Насанбат ирэх онд дахин 2 аппаратыг төсөвт тусган нийт 10 Диализын аппараттай болгоход анхаарал хандуулахаа илэрхийлсэн юм. Хуучин аппаратын моторын сэлбэгийг Шанхай хот руу захиалсан бөгөөд засварлан нөөцөд хадгалахаар болсон талаар хэлж байна.

2013 оны 9 дүгээр сард анх аймгийн Нэгдсэн эмнэлгийн Мэдрэлийн тасгийн хажууд жижиг талбайд 2 Диализын аппаратыг 1 эмч, 1 сувилагчтайгаар ажиллуулж 8 хүн эмчлүүлдэг байжээ. Харин өнөөдөр шинэ Төрөх эмнэлгийн байр ашиглалтад орсноор төрөхийн хуучин байрны 2 давхрын 14 өрөөг засаж нэгтгэн 9 өрөөтэйгөөр 1 эмч, 2 сувилагч, 1 техникчтэйгээр 8 аппаратыг ажиллуулж байна. Энд эмчийн үзлэгийн өрөө, сувилагчийн амралтын өрөө, үйлчлүүлэгчийн хувцас солих өрөө, хэвлийн диализ, гардан үйлдлийн өрөө зэргийг бий болгож, стандартад нийцүүлсэн байна. Жил бүр аппаратын тоо нэмэгдэж, өрөө болон орчин сайжирч буйд эмчлүүлэгчид талархаж байв.

Санал болгож байна
Төрийн байгууллагуудын мэдээлэл