34.5 га талбайд техникийн нөхөн сэргээлт хийгдээд байна

Нэмэгдсэн: 2019-09-06

Архангай аймгийн Цэнхэр сумын Орхон багийн нутагт ашигт малтмал олборлож байсан 11 компанийн 13 тусгай зөвшөөрлийг АМГТГ-аас цуцалсантай холбогдуулан Мэргэжлийн хяналтын байгууллагаас үйл ажиллагааг зогсоож, эдгээр компаниудын олборлолтын талбайн хөрс, далан, усан сангийн уснаас нийт 29 дээж авч шинжлүүлсэн. Итгэмжлэгдсэн лабораторийн шинжилгээгээр усны дээжинд агуулагдах химийн бодисийн агууламж, хүнд металл, мөнгөн ус, хүнцэл, хром, цайр зэрэг нь стандартад заасан зөвшөөрөгдөх хэмжээнээс хэтрээгүй, хөрсний дээж стандартын шаардлагыг хангаж байв.

Иймд усан сангийн усыг задлан урсгаж нөхөн сэргээлт хийлгэх арга хэмжээ авч байгаа бөгөөд өнөөдрийн байдлаар 10 усан сангийн даланг сэтлэн урсгаж, техникийн нөхөн сэргээлтийг 34.5 га, нөхөн дүүргэлтийг 6 га, биологийн нөхөн сэргээлт 11.5 га талбайд хийлгээд байна.

Монгол газар ХХК, Эм Жи Эйч ХХК, Сэншивэе Монгол ХХК-аас бусад аж ахуйн нэгжүүд нөхөн сэргээлтийн ажлыг эхлүүлээд байгаа бөгөөд МХЕГ-аас энэ сарын 25-ны дотор эдгээр 11 компани нөхөн сэргээлтийг холбогдох стандартын түвшинд хийж гүйцэтгэн орон нутагт хүлээлгэн өгч, тайлан мэдээг ирүүлэхийг үүрэг болгосон.

Энэ хугацаанд тайлан мэдээ ирүүлээгүй, нөхөн сэргээлт хийгээгүй аж ахуйн нэгжүүдэд холбогдох хуулийн дагуу арга хэмжээ авна. 

Төрийн байгууллагуудын мэдээлэл