“ЦӨМИЙН БОЛОН ЦАЦРАГИЙН ОСЛЫН БЭЛЭН БАЙДАЛ” СЭДЭВТ СУРГАЛТ БОЛЛОО

Нэмэгдсэн: 2019-09-03

Цөмийн болон цацрагийн аюулгүй байдлын хяналтын газраас Японы атомын энергийн агентлаг, Монгол улсын Цөмийн энергийн комиссын Ажлын алба, Онцгой байдлын ерөнхий газартай хамтран “Цөмийн болон цацрагийн ослын бэлэн байдал” сэдэвт дагалдах сургалтыг 2019 оны 08 дугаар сарын 26-30-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгууллаа. Уг сургалтад зохион байгуулагчдаас гадна Тагнуулын ерөнхий газар, Зэвсэгт хүчний жанжин штаб, Цаг уур, орчны шинжилгээний газар, Дотоодын цэргийн 05 дугаар анги, Цэргийн төв эмнэлгийн Хордлогын яаралтай тусламжийн үндэсний төв, Оюу толгой ХХК, Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ, Хөтөлийн цемент шохой ХК зэрэг 21 байгууллагын 26 албан хаагч оролцсон юм. 

Оролцогчдод цацрагийн тухай үндсэн ойлголт, цацрагийн биологийн үйлчлэл, цацрагийн ослын үеийн ажиллагсдын хамгаалалт, цацрагийн хамгаалалтын хувцас хэрэгсэл, цацрагийн тунгийн тооцоолол, цацрагийн ослын үед үзүүлэх эмнэлгийн тусламж үйлчилгээ, цацрагийн ослын үед авах арга хэмжээний талаар ОУАЭА-аас гаргасан зөвлөмж, Монгол Улсын ослын бэлэн байдал, хариу арга хэмжээ зэрэг сэдвээр лекц, хичээл зааж, цацрагийн бохирдолд хэмжилт болон ариутгал цэвэрлэгээ хийх, хэмжилтийн багаж тоног төхөөрөмж ажиллуулах зарчмын талаарх мэдлэгийг олгож, дадлага чадварыг эзэмшүүллээ.

Сургалтын хүрээнд зохион байгуулагдсан дасгал, сургуулилтыг Онцгой байдлын ерөнхий газрын харьяа Үндэсний аврах бригадын хими, цацрагийн ажиллагааны салбарын албан хаагчидтай хамтран Тахилт дахь сургалт, дадлагын талбайд зохион байгуулсан нь ихээхэн үр дүнтэй болсон төдийгүй цацрагийн ослоос урьдчилан сэргийлэх, бэлэн байдлыг хангуулах, ослын үед авах хариу арга хэмжээг төлөвлөх, салбарын хүний нөөцийг бэлтгэх, үүрэг оролцоог нэмэгдүүлж, уялдаа холбоог сайжруулахад чухал ач холбогдолтой сургалт болсныг оролцогчид ярьж байна.

Төрийн байгууллагуудын мэдээлэл