Барилгын материалын олборлолт, тээвэрлэлтийн талаар оролцогч талуудын уулзалт болов

Нэмэгдсэн: 2019-07-18

Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хороо болон Өргөдлийн байнгын хорооны 2019 оны 04/01 дүгээр тогтоолоор нийслэлийн нутаг дэвсгэр дэх түгээмэл тархацтай ашигт малтмалын талаар авч хэрэгжүүлэх арга хэмжээг тогтоон, тодорхой асуудлуудаар Засгийн газарт чиглэл өгсөн.

Дээрх тогтоолын хэрэгжилтийг хангах, байгаль орчныг хамгаалах, орон нутгийн иргэдийн амьдрах орчны, жолооч нарын тээвэрлэлтийн аюулгүй байдлыг хангах зорилгоор нийслэлийн Байгаль орчны газраас төрийн захиргааны байгууллагууд, боловсрол, шинжлэх ухааны байгууллагууд, байгаль хамгаалах төрийн бус байгууллагууд болон барилгын материал олборлогч, үйлдвэрлэгч, тээвэрлэгчдийн эрх ашгийг хамгаалах мэргэжлийн холбоодыг оролцуулсан хэлэлцүүлгийг зохион байгууллаа.

Хэлэлцүүлгийн эхэнд Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийн биелэлтийг хангах ажлыг явцын мэдээллийг сонслоо. Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2016 оны “Улаанбаатар хотын усны эх үүсвэрийн хамгаалалтын бүсийг шинэчлэн тогтоох тухай” 50 дугаар тогтоолын 7 дугаар хавсралтаар батлагдсан усны сан бүхий газрын энгийн хамгаалалтын бүстэй давхцалтай 1857,18 га талбай бүхий 45 тусгай зөвшөөрлийг Нийслэлийн Засаг даргын 2017 оны А/609 дүгээр, 53,16 га талбай бүхий 1 тусгай зөвшөөрлийг 2019 оны А/540 дүгээр захирамжаар тус тус хүчингүй болгосны үр дүнд усны сан бүхий газрын энгийн хамгаалалтын бүстэй давхцалтай нийслэлийн нутаг дэвсгэрт олгогдсон түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөлгүй болсныг Нийслэлийн Байгаль орчны газраас мэдээлэв. Тухайн жилд уулын ажлын болон байгаль хамгаалах төлөвлөгөө батлуулан хуулийн дагуу ажиллах аж ахуйн нэгжүүдийн байршил, мэдээллийг орон нутгийн иргэд, мэргэжлийн холбоодод жил бүрийн 5 дугаар сард хүргүүлж байх, иргэн, аж ахуйн нэгжид идэвхтэн байгаль хамгаалагчийн эрх олгох, дээр дурдсан судалгаанд үндэслэн хууль бус олборлолтын талаарх мэдээллийг цагдаагийн болон мэргэжлийн хяналтын байгууллагад хүргүүлж байхаар талууд харилцан тохиролцлоо.

Нийслэлийн нутаг дэвсгэрт уулын дайрганаас хайрга гарган авах боломжийг судалж шийдвэрлэх асуудлаар “Бетон зуурмагт ордог элс дайрганы химийн стандарт” сэдвээр Карьер компанийн захирал, барилгын инженер Ж.Баяраа, Хайрга, дайрга олборлогчдын холбооны гүйцэтгэх захирал Б.Батжаргал мэдээлэл хийж, Шинжлэх ухаан технологийн их сургуулийн Хүрээлэн буй орчны инженерийн салбарын эрхлэгч доктор профессор С.Чулуунхуяг, Барилгын материал үйлдвэрлэгчдийн холбооны Улаанхүүхэн, Монголын Байгаль орчны иргэний зөвлөлийн Хяналтын хорооны дарга Ж.Ганбаатар, Бетон зуурмагийн холбооны тэргүүн Даваадорж нар байр сууриа илэрхийлж уулын дайрганаас хайрга гаргах боломж, өнөөдрийн ашиглаж буй барилгын материалын чанар стандартын шаардлага хангаж буй эсэх асуудлаар мэргэжлийн байгууллагуудын хэлэлцүүлгийг тусад нь зохион байгуулах нь зүйтэй гэж шийдвэрлэв. Түүнчлэн нийслэл хотын бүтээн байгуулалтад шаардлагатай түгээмэл тархацтай ашигт малтмал түүний дотор цахиурын агууламж өндөртэй элсний нөөцийг тодорхойлж, нөөц бүхий газруудыг дуудлага худалдаагаар ашиглуулах, “Барилга байгууламжийн ажилд хэрэглэх баяжуулсан элс, дайрга. Ширхэглэлийн химийн найрлага” MNS6713:2018 зөвлөмж стандартыг хэрэгжүүлэх, уулын дайргаас хайрга гаргах төхөөрөмжүүдийг татварын хөнгөлөлтөд хамруулах  зэрэг тодорхой саналууд гарсныг шинээр байгуулагдсан Хотын стандарт, орчны аюулгүй байдлын хяналт зохицуулалтын газарт уламжилж шийдвэрлүүлэхээр тогтов.

ХУД-ын 12, 13, 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт явагдаж буй олборлолт, тээвэрлэлт болон Төв аймгийн Алтанбулаг сумаас түгээмэл тархацтай ашигт олборлон тээвэрлэж буй үйл ажиллагаанаас дуу чимээ, шороо тоос ихээр үүсэж тухайн хорооны оршин суугчдын аюулгүй, тайван орчинд амьдрах нөхцөл алдагдаж байгаа гомдол байнга гарч байгааг шийдвэрлэх зорилгоор тээвэрлэлтийн хугацаа, маршрутыг тогтоож өгөх санал гарлаа. Дүүргийн зүгээс өөрсдийн барьсан технологийн замаас хураамж авч, засвар үйлчилгээг нь сайжруулах боломж мэргэжлийн холбоодод байгаа болохыг, холбоодын зүгээс Нийслэлийн Засаг даргын 2016 оны А/520 дугаар захирамжийн дагуу автозамд ачааны машины бүх жинг 10 тонноор хязгаарлаж байгаагаас барилгын материал тээвэрлэх зорилгоор Улаанбаатар хотын хэмжээнд хамгийн өндөр өртгөөр барьсан Нисэхийн тойргоос Био, Шувуу чиглэлийн замыг ашиглуулахгүй, үүнээс үүдэн тоосжилт, шөнийн тээвэрлэлт ихээр явагдаж байгаа болохыг дурдлаа. Нийслэлийн Автозамын газраас тодруулга авсны дагуу Нийслэлийн Засаг даргын 2016 оны А/520 дугаар захирамжийн 1 дэх хэсгийн “... 10 тонноор хязгаарлах ...” гэснийг өөрчлөх санал боловсруулж өргөн мэдүүлэх, тээвэрлэлтийг засмал замаар гүйцэтгэхээр тогтлоо. Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас “Автотээврийн хэрэгслийн техникийн байдалд тавих ерөнхий шаардлага MNS:4598-2003” стандартыг чанд мөрдөх, хашлага давуулж ачилт хийснээс дайрга шороо зам дээр асгарч, замын эвдрэл үүсгэж байгаа болохыг мэргэжлийн холбоодод анхааруулж, уг байдлыг таслан зогсооход хамтран ажиллахыг хүслээ. Оролцогч талуудын харилцан зөвшөөрснөөр суурьшлын бүсэд түгээмэл тархацтай ашигт малтмалын тээвэрлэлт хийх хугацааг 08.00-22.00 цаг байхаар шийдвэрлэв.  

Нийслэлийн нутаг дэвсгэрт 2018 оны жилийн эцсийн байдлаар 1652,6 га талбай олборлолтын улмаас ухагдаж эвдэрсэн бөгөөд 2014-2018 онуудад 438,1 га талбайг орон нутгийн төсвийн болон аж ахуйн нэгжийн хөрөнгөөр нөхөн сэргээсэн байна. Нөхөн сэргээлтийн хэмжээ 2016 онтой харьцуулахад 2018 онд 4 дахин нэмэгдсэн боловч хуулийн дагуу тогтоогдсон нөөцөө бүрэн авсны дараа нөхөн сэргээлт хийх, нөөцийг сорчилж авахгүй байх зохицуулалт нь байгаль орчны холбоод, иргэдийн зүгээс ашигласан талбайдаа жил бүр нөхөн сэргээлт хийх шаардлагатай зөрчилддөг болохыг мэргэжлийн холбоодын зүгээс танилцуулж байлаа. Үүнтэй холбоотойгоор 2019 оноос эхлэн дүүргүүдийн саналын дагуу дүйцүүлэн хамгаалал хийх боломжуудыг бий болгосон талаараа зохион байгуулагчид танилцууллаа гэж Нийслэлийн Байгаль орчны газраас мэдээлэв.

Санал болгож байна
Төрийн байгууллагуудын мэдээлэл