ᠮᠤᠩᠭᠤᠯ ᠤᠯᠤᠰ ᠤᠨ ᠵᠠᠰᠠᠭ ᠤᠨ ᠭᠠᠵᠠᠷ
ХӨГЖЛИЙГ БАЙГАЛЬ ОРЧИНД НӨЛӨӨ БАГАТАЙ ТӨЛӨВЛӨХ ТАЛААР ЯРИЛЦАВ
ХӨГЖЛИЙГ БАЙГАЛЬ ОРЧИНД НӨЛӨӨ БАГАТАЙ ТӨЛӨВЛӨХ ТАЛААР ЯРИЛЦАВ

                                                                                            

  “Монгол орны өмнийн говийн экологийн бүс нутагт уул уурхайн хөгжлийг нөлөө багатай төлөвлөх” төслийн үр дүн болон экологийн бүс нутгийн үнэлгээг танилцуулах уулзалт өнөөдөр “ Чингис хаан” зочид буудалд боллоо. Уулзалтанд Байгаль орчин, ногоон хөгжлийн Сайд С.Оюун, Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн газрын дарга, төслийн ажлын хэсгийн ахлагч Д.Энхбат, Дэ Нэйче Консерванси / ТNC/ байгууллагын Монгол дахь хөтөлбөрийн захирал О.Энхтуяа, TNC байгууллагын судлаач, доктор Майкл Хайнер, Жоссеф Кисикер, төслийн багт ажилласан МУИС-ийн багш, доктор Н.Батсайхан,  ШУА-ийн хүрээлэнгийн ажилтан Г.Цогтжаргал болон төсөлд хамрагдсан орон нутгийн Байгаль орчны газрын дарга, холбогдох яамдын мэргэжилтэн, эрдэмтэн, судлаачид оролцлоо. БОНХЯ-эы захиалгаар  Өмнийн говийн экологийн бүс нутагт уул уурхайн хөгжлийг нөлөө багатай төлөвлөх төслийг 2011-2013 онд хэрэгжүүлжээ. Төслийн зорилго нь Өмнийн говийн биологийн олон янз байдлын амьдрах орчин болон экологийн чухал үйл явцыг тэтгэж чадах ландшафтын цөм болсон зайлшгүй хамгаалах газруудыг тогтооход чиглэсэн байна. Уг төсөлд Баянхонгор, Говь-Алтай, Дорноговь, Дундговь,Өвөрхангай, Өмнөговь, Ховд аймгийн газар нутгийг багтаасан, нийт 510.000 км2 талбай хамрагджээ. Судалгаагаар Монгол орны өмнийн говийн экологийн бүс нутгийн үнэлгээгээр, хамгаалах шаардлагатай газар нутаг нь нийт 195.000 км2 буюу судалгааны бүс нутгийн 37 хувийг эзлэх 50 гаруй нэгж байхаар тогтоолоо. Хөгжлийг байгаль орчинд нөлөө багатай төлөвлөх арга нь биологийн олон янз байдлуудын хувьд чухал газруудаас гадна цэвэр ус, бэлчээрийн ургамал зэрэг экологийн чухал үйлчилгээг бүрдүүлэх, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицоход чухал газруудад уул уурхайн хөгжлөөс үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах ач холбогдолтой юм. Мөн уул уурхай, дэд бүтцийн болон байгаль хамгааллын асуудлыг тэнцвэртэй хослуулах, төлөвлөх, зөрчлийг шинжлэх ухааны үндэслэлтэй шийдвэрлэх боломж олгодог. Судалгааны үр дүнг экологийн эдгээр бүсүүдэд хөгжлийн нөлөөллийг бууруулах, зохистой төлөвлөхөд ашиглах юм. Тухайлбал, Монгол орны газар нутгийн 30 хувийг тусгай хамгаалалтад авах талаархи Засгийн газрын өмнөө тавьсан зорилтыг биелүүлэх зорилгоор тусгай хамгаалалтад зарим газрыг авах үндэслэл боловсруулж болно. Мөн Газар ашиглалтын үйл явцыг аймаг, сумдын түвшинд гүйцэтгэх, мэдээлэхэд цаашид шинээр хийх биологийн судалгаа, шинжилгээний ажлын удирдамж болгон ашиглана. Төслийн багийнхан Өмнийн говийн экологийн бүс нутагт хийсэн үнэлгээний тайлан, мэдээллийг дэлгэрэнгүй танилцуулж, оролцогчдын сонирхсон асуултанд хариуллаа. Уулзалтын төгсгөлд судалгааны бүс нутгийн хамгаалах шаардлагатай газрууд ба эх газрын экосистемийн ангилал бүхий газрын зургийн эхийг БОНХ-ийн Сайд С.Оюунд гардууллаа.

                                                                                      


                                                                                       Хэвлэл мэдээллийн алба

САНАЛ БОЛГОХ МЭДЭЭ МЭДЭЭЛЭЛ