ᠮᠤᠩᠭᠤᠯ ᠤᠯᠤᠰ ᠤᠨ ᠵᠠᠰᠠᠭ ᠤᠨ ᠭᠠᠵᠠᠷ
Дэлхийн цөлжилттэй тэмцэх өдөрт
Дэлхийн цөлжилттэй тэмцэх өдөрт

 

Дэлхийн хүн төрөлхтний өмнө тулгараад байгаа байгаль орчны тулгамдсан асуудлын нэг нь цөлжилт болоод байгаа билээ. Цөлжилт, газрын доройтолд өртөмтгийд тооцогдох хуурай, гандуу бүс нутаг дэлхийн эх газрын нийт нутгийн 41 хувийг эзлэх бөгөөд эдгээрт 2  тэрбум орчим хүн ам оршин сууж байна. Цөлжилт, газрын доройтол нь гандуу бүс нутгийн ард иргэдийн амьжиргаа, эрх тэгш байдлыг бууруулах зэрэг эдийн засгийн сөрөг үр дагавар ихтэй бөгөөд түүний эдийн засгийн хор хохирол дэлхийн хэмжээнд жилд 42 тэрбум ам.долларт хүрэх болжээ. 

  Өнөөгийн байдлаар, манай орны нутаг дэвсгэрийн 72 хувь нь цөлжилтөд ямар нэгэн байдлаар өртсөн байгааг эрдэмтдийн судалгаа харуулж байна. Түүнчлэн НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцийн газраас гаргасан тодорхойлолтоор манай орны газар нутгийн 90 орчим хувь нь эмзэг бүс нутагт хамаарагдаж байгаа нь Та биднээс ихээхэн хүчин чармайлт гарган ажиллах шаардлагатайболохыг анхааруулж байна. Монгол орны газарзүйн байршлын онцлог, дэлхийн дулаарал зэрэг байгалийн хүчин зүйлээс гадна бэлчээрийн газрын талхагдлыг нэмэгдүүлж буй хүчин зүйлс, ой модны хууль бус ашиглалт, хөдөө орон нутгийн олон салаа зам харгуй, уул уурхайн ашиглалтын дараах нөхөн сэргээлтийг шаардлагын түвшинд хийхгүй байгаа зэрэг хүний үйл ажиллагаа нь цөлжилтийн цар хүрээг нэмэгдүүлэхэд ихээхэн сөрөг нөлөө үзүүлж байна.

Монгол улс 2010 оноос цөлжилттэй тэмцэх төрийн бодлогоо шинэчлэн батлаад хэрэгжүүлж байгаа бөгөөд 2012 онд “Хөрс хамгаалах, цөлжилтөөс сэргийлэх тухай” хуулийг анх удаа УИХ-аар батлуулан хэрэгжүүлж эхэлсэн нь цөлжилттэй тэмцэх эрх зүйн орчныг боловсронгуй болгоход чухал ач холбогдолтой  үйл явдал болсон.

Цөлжилттэй тэмцэх төрийн бодлого хөтөлбөр, хууль тогтоомжийг хэрэгжүүлэхэд иргэн, аж ахуйн нэгж, байгууллага бүрийн оролцоо чухал байгааг онцлон тэмдэглэж байна.

Цөлжилттэй тэмцэх олон улсын өдрийн мэндчилгээг дэвшүүлэхийн ялдамд “Бидний ирээдүй хуурайших ёсгүй” гэсэн Цөлжилттэй тэмцэх конвенцийн уриаг хэрэгжүүлж, цөлжилтийн эсрэг хамтдаа тэмцэхийг ард иргэд Та бүхэнд хандан уриалж байна.

УИХ, Засгийн газрын гишүүн, Байгаль орчин,ногоон хөгжлийн сайд    С.Оюун                                                                

САНАЛ БОЛГОХ МЭДЭЭ МЭДЭЭЛЭЛ