Өрхийн эрүүл мэндийн төвийн эмч, ажилтнууд зөвлөлдлөө

Нэмэгдсэн: 2018-06-15

“Нийслэлийн өрхийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний өнөөгийн байдал, хөгжлийн чиг хандлага” зөвлөгөөн өнөөдөр Чингис зочид буудалд боллоо. Төрөөс эрүүл мэндийн талаар баримтлах бодлого, чиглэлийн хүрээнд шинэчлэн батлагдсан “Эрүүл мэндийн даатгалын тухай” хууль болон “Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай хууль”-ийг хэрэгжүүлэхтэй холбогдуулан 2017 онд өрхийн эрүүл мэндийн үйлчилгээнд эдгээр эрх зүйн баримт бичгүүдийг мөрдөн ажиллах болсон. Энэхүү бодлого шийдвэрүүдийг хэрэгжүүлэх, өрхийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах ажлын хүрээнд нийслэлийн Эрүүл мэндийн газраас 2018 оныг “Өрхийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанар хүртээмжийг сайжруулах жил” болгон зарласан. Энэ хүрээнд зохион байгуулагдаж байгаа зөвлөгөөн нь эрүүл мэндийн анхан шатны тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжийг дээшлүүлэх, үйл ажиллагааны тогтвортой байдлыг хангах зорилготой юм.

Зөвлөгөөнд Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд болон нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Л.Төмөрбаатар болон эрүүл мэндийн салбарын удирдлагууд, ӨЭМТ-ийн эмч, ажилтнууд бүхий 200 гаруй зочид, төлөөлөгчид оролцлоо.

Манай улс төр болон төрийн бус, хувийн хэвшлийн байгууллагын түншлэлийг дэмжих зорилгоор өрхийн эмнэлгүүдийг эрүүл мэндийн салбарт анх удаа хувийн хэвшлийн хэлбэрээр зохион байгуулаад 19 жил болж байгаа юм. Зөвлөгөөний нээлтэд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд хэлсэн үгэндээ “Өрхийн эрүүл мэндийн төв, эмч ажилтнуудыг иргэд хувийн хэвшлийн байгууллага гэдэг талаас хардаггүй. Төрийн байгууллагын нүүр царай, анхан шатны нэгж гэж хардаг. Та бүхний үйлчилгээ, харьцаа хандлагаас их хотын эрүүл мэндийн үйлчилгээний өнгө төрх, нүүр царай харагддаг гэж хэлж болно. Нийслэлийн зүгээс та бүхнийг үргэлж дэмжин ажилладаг. 2018 онд нийслэлийн төсвөөс өрхийн эрүүл мэндийн салбарт 780 сая төгрөг, өрхийн эмнэлгүүдийн багаж хэрэгсэл, тоног төхөөрөмжид 710 сая төгрөгийг төсөвд суулган тендер зарлах ажил хийгдсэн байна. Мөн энэ онд Турк улсын Стамбул хоттой хамтран ажиллах гэрээнд 10 ӨЭМТ барихаас 3 эмнэлгийн барилгыг энэ онд барьж эхлээд байна. Та бүхэн энэ зөвлөгөөнөөс ололт амжилт, алдаа оноо хийж хэрэгжүүлж буй ажлаа ярилцаж цаашдын хөгжлийн гарцыг зөв тодорхойлно гэдэгт итгэлтэй байна” гэлээ. 

Зөвлөгөөнөөр нийслэлийн өрхийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудал, ЭМЯ-аас баримталж буй бодлого шийдвэр болон түүний хэрэгжилт, ӨЭМТ-ийн талаар мэдээлэл солилцож цаашид ДЭМБ-аас дэвшүүлсэн “Хэнийг ч орхигдуулахгүй байх” зарчмыг баримтлан иргэдэд хүртээмжтэй жигд чанартай үйлчилгээг хүргэх тухай зөвлөмж гарган хэрэгжүүлэхээр боллоо. Мөн ажилдаа идэвх санаачлагатай ажилласан ӨЭМТ-ын эмч ажилтнуудад шагнал гардуулсан юм гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Төрийн байгууллагуудын мэдээлэл