ᠮᠤᠩᠭᠤᠯ ᠤᠯᠤᠰ ᠤᠨ ᠵᠠᠰᠠᠭ ᠤᠨ ᠭᠠᠵᠠᠷ
Ц.ШИЖИР: “Иргэдийн ухамсар-Эрүүл хоггүй орчин” аян есдүгээр сарын 1 хүртэл үргэлжилнэ
Ц.ШИЖИР: “Иргэдийн ухамсар-Эрүүл хоггүй орчин” аян есдүгээр сарын 1 хүртэл үргэлжилнэ

Сүхбаатар дүүргийн Засаг даргын орлогч Ц.Шижирээс дараах тодруулгыг авлаа.

-Иргэдийг хоггүй, цэвэр цэмцгэр орчинд ажиллаж, амьдрахыг уриалсан аяныг эхлүүлжээ. Энэ аяныхаа тухай дэлгэрэнгүй мэдээлэл өгөөч?

-Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газраас “Иргэдийн ухамсар-Эрүүл хоггүй орчин” аяныг санаачлан эхлүүлээд байна. Аян есдүгээр сарын 1 хүртэл үргэлжилнэ. Энэ аяны гол зорилго нь дүүргийн нутаг дэвсгэрт зориулалтын бус газар ил, задгай хог хаяхыг таслан зогсоох, урьдчилан сэргийлэх, шинээр батлагдсан Хог хаядлын тухай хуулийг иргэд, олон нийтэд сурталчлах зорилготой. Нөгөө талаар зуны улиралд нийслэлийн иргэдийн дийлэнх нь зусландаа гардаг. Иймд зуслангийн бүсээ цэвэр цэмцгэр байлгахад иргэн таны оролцоо нь хогоо зориулалтын газар нь хаях юм шүү гэдгийг уриалж байгаа юм. Бид аяны хүрээнд дүүргийн 15-20 дугаар хорооны Засаг даргын ажлын албатай хамтран зуслангийн бүсэд Хог тээврийн үйлчилгээ эрхлэгч компаниудын үйл ажиллагаанд хяналт тавих, эргүүл, шалгалтыг тогтмол зохион байгуулж байна. Мэдээж төрийн байгууллагын нэг үүрэг бол шинээр батлагдан гарсан хууль, тогтоомжийг иргэдэд сурталчилж, холбогдох мэдээллээр хангах. Бид энэ үүргээ биелүүлж байна.

-Аяны хүрээнд Хог хаягдлын тухай болон холбогдох хууль, журмыг иргэдэд сурталчилна гэлээ. Тодруулбал?

-Дүүргийн Засаг даргын Тамгын газраас шинээр батлагдсан Хог хаягдлын тухай болон Зөрчлийн тухай хуулийн холбогдох заалтыг мэдээлсэн ТВ-ийн шторкийг бэлтгэж, иргэд олон нийтэд хүргэж байна. Мөн дүүргийн нутаг дэвсгэрт байгаа төвлөрсөн хогийн цэг, зуслангийн зам дагуу байрласан рекламны самбарууд дээр зориулалтын бус газар хог хаявал ямар харицлага хүлээх талаар мэдээллийн самбар, анонс байршууллаа. Энэ дашрамд хэлэхэд, дээрх хуулийн 23.1.1 дэх заалтад зориулалтын бус газарт хог хаясан иргэнийг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, аж ахуйн нэгж, байгууллагыг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 3-4 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тус тус торгож, учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх гэж заасан нь хариуцлага нэлээд чангарсныг илтгэнэ. Хуулиар хариуцлага хүлээлгэх эрх нь тухайн дүүрэг, хорооны Засаг даргад бий. Саяхан дүүргийн холбогдох Ажлын хэсэг зуслангийн бүсэд шалгалт хийхэд портер машинтай иргэд зориулалтын бус газарт барилгын хог асгаж байсан зөрчил илэрсэн. Бид дээрх зөрчлийг холбогдох хууль журмын дагуу дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтэст шилжүүлэн шалгаж байна. Ер нь хүн бүр эрүүл, хоггүй, цэвэр орчинд амьдрахыг хүсч байгаа бол хогоо зориулалтын хогийн саванд хийж сурах хэрэгтэй. Энэ бол хотын соёл гэхээсээ илүү амьдралын зөв дадал хэвшил, иргэдийн ухамсрын асуудал. Тийм учраас бид иргэдэд энэ дадал хэвшлийг нь сануулах, хогоо зориулалтын газар нь байнга хаяж хэвшихийг уриалж байна. 

САНАЛ БОЛГОХ МЭДЭЭ МЭДЭЭЛЭЛ