ᠮᠤᠩᠭᠤᠯ ᠤᠯᠤᠰ ᠤᠨ ᠵᠠᠰᠠᠭ ᠤᠨ ᠭᠠᠵᠠᠷ
Дүүрэг, орчноо цэвэрхэн байлгахыг ажил хариуцсан хүмүүст үүрэг болголоо
Дүүрэг, орчноо цэвэрхэн байлгахыг ажил хариуцсан хүмүүст үүрэг болголоо

Сүхбаатар дүүргийн Засаг дарга Х.Болормаа цаг үеийн асуудлаар шуурхай хурал хийлээ. Хуралд ЗДТГ-ын Тохижилт, нийтийн аж ахуй, Хүнс, худалдаа, үйлчилгээ, Санхүү, төрийн сангийн хэлтэс, Онцгой байдал, Газрын алба болон дүүргийн нутаг дэвсгэрт хог тээврийн үйлчилгээ эрхлэгч таван компанийн удирдлагууд оролцож, дүүргийн нутаг дэвсгэрийн хог хаягдал, тээвэрлэлтийн асуудлаар санал солилцов.  Хурлын эхэнд дүүргийн ЗДТГ-ын Тохижилт, нийтийн аж ауйн хэлтсээс 1-20 хорооны нөхцөл байдалтай газар дээр танилцаж, зарим хорооны далан, гуу жалга, гудамжны хогтой хэсгийг гэрэл зургаар баримтжуулсныг хог тээврийн компанийн удирдлагуудад үзүүллээ. Дүүргийн Засаг дарга хэлэхдээ “Та бид нар нийслэлийн төвийн дүүргийг өнгөтэй, цэвэр цэмцгэр байлгахын төлөө өдөр шөнөгүй ажиллах ёстой. Хүн бүр гэрээ цэвэрхэн байлгадаг шиг дүүргээ, хороогоо хоггүй цэмцгэр байлгах нь бидний үүрэг. Иймд бүх хог тээврийн компаниуд, төрийн болон төрийн бус бүх аж ахуй нэгж байгууллагууд ойр орчмоо цэвэрхэн, тохилог байлгахад хариуцлагатай хандах хэрэгтэй. Тийм учраас дүүргийн хэмжээнд энэ тав дахь, хагассайн өдөр болох бүх нийтийн их цэвэрлэгээг зохион байгуулахаар болсон. Бүх нийтийн их цэвэрлэгээнд дүүргийн нутаг дэвсгэрт ажиллаж, амьдарч байгаа иргэн бүр оролцох ёстой. Их цэвэрлэгээ болохоор л угааж,  цэвэрлэдэг биш өдөр бүр хоггүй, цэмцгэр байх ёстойг бүх хүмүүст анхааруул. Цэвэрлэгээнд хяналт тавьдаг 1-20 хорооны Засаг даргын ажлын алба, холбогдох хэлтэс, төрийн бус байгууллагууд, СӨХ ажлаа хий. Данц ганц хогоо цэвэрлэх бус аж ахуй нэгж байгууллагууд, айл өрх бүр хаалга, хашаагаа бүгдийг нь угаах хэрэгтэй. Мөн газар эзэмших гэрчилгээ аваад үүргээ биелүүлдэггүй барилгын компаниудын судалгааг Газрын алба гаргаж, хуулийн дагуу хариуцлагын асуудлыг ярих хэрэгтэй” гэдгийг ажил хариуцсан хүмүүст үүрэг болголоо.

САНАЛ БОЛГОХ МЭДЭЭ МЭДЭЭЛЭЛ