ᠮᠤᠩᠭᠤᠯ ᠤᠯᠤᠰ ᠤᠨ ᠵᠠᠰᠠᠭ ᠤᠨ ᠭᠠᠵᠠᠷ
Сүхбаатар дүүрэгт халдварт бус өвчний чиглэлээр ОУ-ын төсөл хэрэгжинэ
Сүхбаатар дүүрэгт халдварт бус өвчний чиглэлээр ОУ-ын төсөл хэрэгжинэ

Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газрын дарга Н.Энхболд өнөөдөр Японы Жайка байгууллагын Өвсний үндэс техникийн хамтын ажиллагааны Орон нутгийг хөгжүүлэх тусгай хөтөлбөрийн Суурь судалгааны багийнхныг хүлээн авч уулзлаа. Уг уулзалтад дүүргийн Засаг даргын тамгын газрын Нийгмийн хөгжлийн хэлтсийн Эрүүл мэндийн асуудал хариуцсан мэргэжилтэн Б.Энхмаа, Эрүүл мэндийн төвийн дарга Л.Баярхүү болон холбогдох албаны хүмүүс оролцов. Суурь судалгааны баг гурван жилийн хугацаатай дүүргийн иргэдийн дунд зонхилж байгаа амьдралын хэв маягаас үүдэлтэй цусны даралт ихсэх, чихрийн шижин зэрэг халдварт бус өвчний талаар зорилтот бүлгийн иргэдийн дунд тандалт, судалгаа хийх төсөл хэрэгжүүлнэ. Мөн иргэдийн эрүүл мэндийн боловсролыг сайжруулах, сувилахуйн албаны чадавхийг дээшлүүлэх туршлага судлах зэрэг хөтөлбөр хэрэгжүүлэх юм. Энэ өдрүүдэд суурь судалгааны багийн бүрэлдэхүүнд багтсан Японы Улаан загалмайн Хоккайдо Сувилахуйн их сургуулийн дэд профессор Такэзава Чихиро, Хоккайдо мужийн Китами хотын Эм зүйчдийн холбооны дэд дарга Араи Шюн, Эрүүл мэнд, нийгмийн хамгааллын газрын Эрүүл мэндийг дэмжих хэлтсийн дарга Кояма Ацүко, Иргэд байгаль, орчны хэлтсийн ерөнхий эрхлэгч Иноүэ Томоюүки нар дүүргийн Эрүүл мэндийн төв, Өрхийн эрүүл мэндийн төвд ажиллаж, эмийн сангийн үйл ажиллагаатай танилцжээ. 

САНАЛ БОЛГОХ МЭДЭЭ МЭДЭЭЛЭЛ