ᠮᠤᠩᠭᠤᠯ ᠤᠯᠤᠰ ᠤᠨ ᠵᠠᠰᠠᠭ ᠤᠨ ᠭᠠᠵᠠᠷ
Дүүргийн Засаг дарга Х.Болормаа Эрүүл мэндийн төв, Нэгдсэн эмнэлэгт ажиллалаа
Дүүргийн Засаг дарга Х.Болормаа Эрүүл мэндийн төв, Нэгдсэн эмнэлэгт ажиллалаа

Сүхбаатар дүүргийн Засаг дарга Х.Болормаа өчигдөр дүүргийн Эрүүл мэндийн төв, Нэгдсэн эмнэлгийн үйл ажиллагаатай танилцлаа. Эрүүл мэндийн төвийн дарга Л.Баярхүү эмнэлгийн үйл ажиллагаа, өнөөгийн байдал болон цаашид тулгамдсан асуудлын талаар мэдээлэл өгөв. Он гараад эхний долоо хоногийн байдлаар Сүхбаатар Эрүүл мэндийн төвөөр 5959 үзлэг хийгджээ. Үүний 8.4 хувь нь томуу, томуу төст өвчин буюу амьсгалын замаар халдварладаг ханиад болох нь тогтоогдсон байна. Эдгээрийн дийлэнх хувийг 0-5 насны хүүхдийн өвчлөл эзэлж байгаа аж.

“Дотны туслагч” ӨЭМТ: Сургуулийн амралт эхэлсэнтэй холбоотойгоор хүүхдийн өвчлөл буурсан

Нийслэл, дүүргийн  хэмжээнд томуу, томуу төст өвчний дэгдэлт нэмэгдэж байгаатай холбогдуулан Эрүүл мэндийн төв,ӨЭМТ-үүд уртасгасан цагийн хуваариар ажиллаж, нярай, өндөр настанд тогтмол хяналт тавин ажиллаж байгааг дүүргийн Засаг даргад дуулгалаа. Мөн Хүүхдийн түргэн тусламжид ирж үзүүлэх хүүхдийн тоо ихэсч байгаатай холбогдуулан нэмэлт эмчийн ажиллах цагийг 09-22:00 цаг хүртэл уртасгасан байна. Түүнээс гадна урсгалыг зөв зохион байгуулах, шуурхай байдлыг хангах зорилгоор хүүхдийн үзлэгийн өрөөг Эрүүл мэндийн төвийн 1 давхарт шилжүүлэн “Утасны эмч” ажиллуулах журам гарган хэрэгжүүлж байгаа гэлээ. Мөн ӨЭМТ-үүд иргэдэд томуу ,томуу төст өвчний зөвлөмж хүргэн гэрийн эргэлтийг сайжруулах, зорилтот бүлгийн иргэдэд эм олгох ажлыг зохион байгуулж байгаа аж. Түүнээс гадна бага насны хүүхдийн өвчлөл нэмэгдэж, хүндрэх асуудал гарч байгаатай холбогдуулан ЭХЭМҮТ-өөс зөвлөх эмч ажиллуулан цэцэрлэгийн эмч болон эцэг эхчүүдэд өвчлөлийн шинж тэмдгээр нь мэргэжлийн зөвлөгөө өгөн ажиллаж байгаа юм байна. Үүний дараа дүүргийн Засаг дарга XI хорооны “Дотны туслагч” ӨЭМТ-өөр орж, нөхцөл байдалтай нь танилцав. Гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд баригдсан Хангай хороолол, нийслэлийн Ахмадын орон сууц гээд шинэ суурьшлын бүс нэмэгдсэн учир тус өрхийн эмнэлгээр үйлчлүүлэгчдийн тоо эрс нэмэгдсэн гэдгийг ӨЭМТ-ийн дарга н.Цэрэндолгор тодотголоо. Харин сургуулийн амралт эхэлсэнтэй холбоотойгоор бага насны хүүхдийн өвчлөл өмнөх долоо хоногоос харьцангуй буурчээ.

Нэгдсэн эмнэлэг: Эм, тарианы хангалт хэвийн байгаа гэв

Мөн дүүргийн Засаг дарга Х.Болормаа Нэгдсэн эмнэлгийн удирдлага, үйл ажиллагаа, 0-5 насны хүүхдийн хэвтэлт, тэдэнд үзүүлж байгаа тусламж, үйлчилгээтэй танилцаж, харилцан санал солилцон зөвлөмж өглөө. Өнөөдрийн байдлаар нэгдсэн эмнэлэгт 360 гаруй хүн хэвтэн эмчлүүлж байгаагийн 210 нь 0-5 насны хүүхэд ажээ. Агаарын бохирдол, ханиад томууны ид дэгдэлтийн үеийг эрсдэлгүй даван туулахын тулд эмнэлгийн зүгээс шаардлагатай арга хэмжээ авч сургалтын танхим, эмч нарын өрөөгөө суллан иргэдээ хүлээн авч байгаа, эм, тарианы хангалт сайн, хүүхдийн эндэгдэлгүй ажиллаж байгаа гэдгээ эмнэлгийн дарга М.Чимгээ энэ үеэр хэлсэн. Мөн дүүргийн нэгдсэн эмнэлэг одоо байгаа суурин дээрээ гурван корпус бүхий орчин үеийн шийдэл бүхий шинэ эмнэлэг барих ажлаа эхлүүлсэн гэдгээ Засаг даргад дуулгалаа. Дүүргийн Засаг дарга эрүүл мэндийн байгууллагын үйл ажиллагаатай танилцсан уулзалтынхаа төгсгөлд “Иргэдийнхээ эрүүл мэндийг хамгаалах ажилд цаг, наргүй зүтгэж байгаа энэ салбарын хамт олонд талархлаа илэрхийлье. Бид хамтдаа цаг үеийн нөхцөл байдлыг хүндрүүлэхгүй, шаардлагатай арга хэмжээг авч хамтран ажиллах болно. Ялангуяа манай орны байгаль, цаг уурын нөхцлөөс шалтгаалан 1, 2 дугаар сард их хүйтэрдэг учраас аливаа эрсдлээс урьдчилан сэргийлэх арга хэмжээг тухай бүр нь авч ажиллах хэрэгтэйг Эрүүл мэндийн төв, Нэгдсэн эмнэлгийн дарга нарт үүрэг болгов. Мөн дүүргийн Засаг дарга 2016-2020 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөртөө “Хөдөлгөөнт оффис” ажиллуулах талаар тусгасан байгаа. Тэгэхээр Эрүүл мэндийн төв, Нэгдсэн эмнэлэг дүүргийн алслагдсан гэр хорооллын иргэдэд эрүүл мэндийн олон төрлийн тусламж үйлчилгээ хүргэх, шаардлагатай тохиолдолд үзлэг, оношлогоо хийх талаар хамтран ажиллах болно” гэдгийг энэ үеэр онцоллоо. 

САНАЛ БОЛГОХ МЭДЭЭ МЭДЭЭЛЭЛ