ᠮᠤᠩᠭᠤᠯ ᠤᠯᠤᠰ ᠤᠨ ᠵᠠᠰᠠᠭ ᠤᠨ ᠭᠠᠵᠠᠷ
ДАРХАН-УУЛ АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН АЛБАН ДААЛГАВАР ГАРЧЭЭ
ДАРХАН-УУЛ АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН АЛБАН ДААЛГАВАР ГАРЧЭЭ

Өвөлжилтийн бэлтгэл ажлыг эрчимжүүлэх тухай Дархан-Уул аймгийн Засаг даргын албан даалгавар гарсан байна.

Гамшгаас хамгаалах тухай хууль, Монгол Улсын онцгой комиссын 2016 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 02 дугаар албан даалгаварыг үндэслэн даалгасан тус албан даалгаварт:

Нэг. Сум, багийн Засаг дарга нарт нь

1. 2016-2017 оны өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах Засгийн газрын 2016 оны 322 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх зорилгоор өвс тэжээлийн аюулгүйн нөөцийг бүрдүүлэх, байршуулах.

2. Сумдын гамшгаас хамгаалах ерөнхий зориулалтын мэргэжлийн ангийн бэлтгэл, бэлэн байдлыг тогтмол хангуулж, аюулт үзэгдлийн үед дайчилгаагаар ажиллах хүн хүч, техник хэрэгслийг байнгын бэлэн байдалд байлгах.

3. Аймаг болон сум дундын отрын бүс нутагт отроор өвөлжих, хаваржих өрх, малын тоо, толгойг гаргаж, бэлчээрийн даацад тулгуурлан нутгийн өөрөө удирдах байгууллагуудтай тохиролцон гэрээ байгуулах.

4. Отроор өвөлжиж, хаваржих өөрийн харъяа болон бусад аймаг, сумдын малчдад эрүүл мэнд, нийгмийн үйлчилгээ үзүүлэх ажлын бэлтгэлийг хангах.

 5. Сумдын уурын зуухны өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангуулж нүүрсний аюулгүй нөөцийг бүрдүүлэх.

Хоёр. Аймгийн Онцгой комиссын гишүүн аймгийн Захирагчийн албаны даргад

1.Эрчим хүчний салбарын өвөлжилтийн бэлтгэл хангах ажлын хүрээнд үндсэн болон туслах тоноглолын засвар, хөрөнгө оруулалт, техник зохион байгуулалтын арга хэмжээ, нүүрс нөөцлөх, түлш шатахуун татан авах ажлыг цаг хугацаанд нь дуусгахыг.

Гурав. Аймгийн Онцгой комиссын гишүүн Хүнс, хөдөө аж ахуйн албаны даргад

1. Отрын бүс нутгийн хилийн заагийг тэмдэгжүүлэн хамгаалах, малчид,  ард иргэдэд мэдээлэл хүргэх.

2. Малын гоц халдварт болон халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх зорилгоор хашаа, байрны ариутгал, халдваргүйжүүлэлтийн арга хэмжээг технологид заасан хугацаанд нь чанартай зохион байгуулж, мал эмнэлгийн бэлэн байдлыг хангах.

3. Ургац  хураалтад ажиллах техник, тоног төхөөрөмжийн  засвар үйлчилгээг хийж, хүн хүчний тооцоо судалгааг гарган, хадгалах, зоорь агуулахын ариутгал халдваргүйтэл хийх.

Малчид, мал бүхий иргэд, аж ахуйн нэгжид

1. Малчин, мал бүхий иргэд,  аж ахуйн нэгжүүд отор нүүдлийг цаг алдалгүй хийж, малдаа тарга хүч авахуулах, мөн дундаас доош тарга хүчтэй болон бэлчээрийн даац хэтэрсэн тооны малыг нэмэгдэл тэжээлд оруулах, зах зээлд  борлуулах ажлыг зохион байгуулах.

2. Малчин, мал бүхий иргэд, аж ахуйн нэгжүүд  өвөлжөө, хаваржааг засварлаж, хашаа хорооныхоо хөрзөнг ховхлох, ариутгал халдваргүйтэл хийлгэх, өтөг бууц хүрэлцэхүйц хэмжээгээр бэлтгэх, байгалийн хадлан, хүчит тэжээлийг хангалттай бэлтгэх.

3. Малчин, мал бүхий иргэд, аж ахуйн нэгжүүд өвөлжилтийн бэлтгэлээ базаан дулаан хувцас, түлээ нүүрс, эм эмнэлгийн хэрэгсэл, хоол хүнсээ хүрэлцэхүйц хэмжээгээр нөөцлөх.

4. Өөрсдийн орон нутгийн боломжид тулгуурлан малд шаардлагатай хүчит тэжээл, ногоон тэжээл, даршийг боломжит хэмжээгээр бэлтгэж нөөцлөх.

Дөрөв: Аймгийн Онцгой комиссын гишүүн Эрүүл  мэнд албаны даргад

1.  Сумдын эрүүл мэндийн байгууллагад шаардлагатай эм, эмнэлгийн хэрэгслийн нөөцийг бүрдүүлэх, отроор өвөлжиж, хаваржих  малчдад эрүүл мэндийн явуулын үйлчилгээ үзүүлэх хуваарийг гаргаж аймгийн Онцгой байдлын газарт хүргүүлэх.

Тав. Аймгийн Онцгой комиссын гишүүн Мэдээлэл технологийн албаны даргад

1.  Онцгой байдлын газар, Ус, цаг уурын байгууллага, сум, багаас ирүүлсэн сэрэмжлүүлэг мэдээллийг хэвлэл, мэдээллийн хэрэгслээр /орон нутгийн телевиз, FM радио, цахим сүлжээ/ иргэд, олон нийтэд цаг алдалгүй шуурхай дамжуулан хүргэх арга хэмжээг тухай бүр нь зохион байгуулах.

Зургаа. Аймгийн Онцгой комиссын гишүүн Ус, цаг уур, орчны шинжилгээний албаны даргад

1. Орон нутгийн цаг уурын байгууллагаас цаг агаарын аюулт болон гамшигт үзэгдлийн мэдээллийг сум, орон нутгийн хэрэглэгчдийн гар утсанд “Багц мессеж”-ээр шуурхай дамжуулах үйл ажиллагааг нь тасралтгүй явуулах.

2. Цаг агаарын төлөв байдлын урьдчилан сэргийлэх мэдээ, мэдээллээр аймгийн Онцгой комисс, холбогдох мэргэжлийн байгууллага, гамшгаас хамгаалах алба, сум орон нутгийг хангаж ажиллах.

3. Аюулт үзэгдлийн талаар сэрэмжлүүлэг мэдээллийг аймгийн иргэдэд шуурхай хүргэх талаар аймгийн Мэдээлэл технологийн алба, Онцгой байдлын газар, сумдын хэвлэл мэдээллийн албадтай хамтран ажиллахыг.

Долоо. Аймгийн Онцгой комиссын орлогч дарга,Онцгой байдлын газрын даргад даалгах нь

1. Болзошгүй гамшиг, аюулт үзэгдлийн үед үүрэг гүйцэтгэх бүрэлдэхүүн, техник хэрэгслийн бэлтгэл, бэлэн байдлыг хангаж ажиллах.

2. Байгаль, цаг агаарын аюулт болон гамшигт үзэгдлийн үед онцгой комиссын даргыг шуурхай мэдээ, мэдээлэл, удирдлага зохион байгуулалтаар хангаж ажиллахыг.

Найм. Албан даалгаврыг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулж, биелэлтийг 2016 оны 10 дугаар сарын 25-ны дотор дүгнэн аймгийн Онцгой байдлын газарт ирүүлэхийг сум, багийн Засаг дарга, онцгой комиссын гишүүдэд үүрэг болгосугай.

Аймгийн Засаг даргын албан даалгаврын биелэлтийг нэгтгэн дүгнэж 2016 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн дотор аймгийн Засаг дарга бөгөөд онцгой комиссын даргад танилцуулан хувийг Улсын онцгой комисст хүргүүлэхийг Онцгой байдлын газрын дарга, онцгой комиссын орлогч дарга, онцгой байдлын хурандаа Г.Батбаярт даалгасугай.

ДАРХАН-УУЛ АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА БӨГӨӨД ОНЦГОЙ КОМИССЫН ДАРГА    С.НАСАНБАТ

САНАЛ БОЛГОХ МЭДЭЭ МЭДЭЭЛЭЛ