Барилгын тусгай зөвшөөрөл олголтыг хөнгөрүүлнэ

Нэмэгдсэн: 2013-05-29

Барилгын тусгай зөвшөөрөл олголтыг хөнгөрүүлнэ

Барилга, хот байгуулалтын салбарын удирдах ажилтны “Бүтээн байгуулалт-хөгжил” зөвлөлгөөн өнөөдөр Соёлын төв өргөөнд  боллоо. Зөвлөлгөөнд барилгын салбарт үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжүүд, ахмад барилгачид, салбарын яам, агентлагуудын төлөөлөл гээд 600 гаруй төлөөлөгч оролцож байна. Барилгын улирал эхэлж буй энэ үед барилгын материал нийлүүлэлт, ажиллах мэргэжилтэй ажилчин нэн шаардлагатай тул уг асуудлыг шийдэх гарцыг салбарынхан эрэлхийлсээр. Одоо тулгараад байгаа чухал асуудлын нэг болох орон сууцны үнийн өсөлтийг хазаарлахын тулд салбарын бодлогыг зангидаж буй Барилга, хот байгуулалтын яамнаас орон сууцны нэг м/кв-ын үнийг шууд буулгах боломжгүй бөгөөд нийлүүлэлтийг дэмжих байдлаар ажиллахаа мэдэгдэж байна.

Барилгын салбарт тулгамдсан зарим асуудлын талаар Барилга, хот байгуулалтын сайд Ц.Баярсайханаас тодрууллаа. 

 -Орон сууцны үнийн тухай яамнаас баримтлах бодлого илт байгаа. Орон сууцгүй иргэдээ хэтдээ яаж анхаарах боломжтой вэ? 


-Яг энэ асуудлыг шийдэх зорилготой Орон сууц хөгжүүлэх сан уг нь байдаг юм. Энэ нь орон сууцгүй иргэдэд зориулж цаашдаа орон сууц барих эх үүсвэр бий болгох зорилготой. Одоогоор санд хөрөнгө төдийлөн төвлөрч чадаагүй байна.

-Санг ямар байдлаар идэвхжүүлэх боломж байна? 

-Цаашдаа энэ санд хөрөнгө төвлөрүүлэхийг анхаарна. Ингэхдээ улсын төсвөөс дэмжлэг авах, орон сууц барьж худалдсаны тодорхой борлуулалтын орлого, түрээсийн орлого, олон орон сууц эзэмшигчээс авч буй татвараас шийдэх байдлаар орон сууцгүй иргэдээ дэмжих боломжтой гэж харж байна. Ерөнхийдөө зохист тэнцвэрийг хангахыг зорино гэсэн үг юм.

-Барилгын тусгай зөвшөөрлийг хөнгөрүүлнэ гэж байсан. Энэ талаар тодруулаач? 

-Ер нь барилгын салбарт барилгын, нийтийн аж ахуйн, барилгын материалын иж бүрэн, өргөх байгууламжийн гэх зэрэг таван төрлийн тусгай зөвшөөрөл өгдөг. Одоо бол зарим тусгай зөвшөөрлийг салбар газруудад хариуцуулах чиглэлтэй байна. Тэр дундаа барилгын материалын үйлдвэрлэлийн тусгай зөвшөөрлийг гэхэд төрийн бус 10-аад байгууллагуудыг нэгтгэсэн Барилгын үндэсний хөгжлийн нэгдсэн төвд шилжүүлсэн. Бид цаашдаа хуулийн хүрээнд тусгай зөвшөөрлийн нөхцлийг хөнгөрүүлэх бодлогыг барина. Тухайлбал, тусгай зөвшөөрөл авахад шаардлагатай бичиг баримтын тоог цөөлөх, цаашлаад онлайнаар зөвшөөрөл өгдөг болох, чиглэл рүү явж байна. Эдгээр асуудлыг Барилгын тухай хуулинд зааж оруулж байна. Мөн барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрлийг олгоход их хугацаа шаарддаг, олон гарын үсэг зурдаг байсныг өөрчилсөн. Одоо нийслэл, аймагт газар хүссэн, тэр газартаа ямар төсөл хэрэгжүүлэхээсээ холбогдуулаад тусгай зөвшөөрлийн хариуг 30-35 хоногт өгнө. Хуучин 60-100 орчим гарын үсэг зурдаг бол одоо бол маш цөөхөн буюу нэг цэгийн үйлчилгээгээр шийддэг боллоо.

-Барилгын салбарт ажиллагсад тогтвор суурьшилтай ажиллах боломжгүй байдаг. Ажиллах нөхцөл, нийгмийн халамжийг хэрхэн сайжруулах вэ? 

-Хөдөлмөрийн тухай хуульд энэ асуудлаар өөрчлөлт оруулахаар судалж байна. Тухайлбал, улирлын онцлогоос шалтгаалаад барилгын талбайд ажиллаж байгаа ажилчдыг тогтвор суурьшилтай ажиллуулахын тулд барилгын салбарт ажилласан жилийг нь уртасгаж тооцох асуудал яригдаж байна. Өөрөөр хэлбэл, барилгын салбарт ажиллах нөхцөл муу байгаа учраас жилийн дөрвөн улиралд ажиллуулдаг болгохыг зорино. Эхний ээлжинд барилгын материалын үйлдвэрүүдийг дэмжихийн тулд техник хэрэгслийг нь шинэчилж, өргөтгөлийн асуудалд анхаарал хандуулж байна. Мөн барилгын нойтон ажлыг аль болох багасгаж, үйлдвэрлэлийн аргаар хийхийг дэмжинэ. Энэ мэт нь барилгын салбарт ажиллагсдыг тогтвор суурьшилтай ажиллах боломж нөхцлийг бүрдүүлж өгөх юм.

Монголын барилгын салбарын Ахмадын хорооны дарга Л.Цогтбаатар: 


-Орон сууцны үнэ нэмэгдэхэд юу нөлөөлж байна гэж та үзэх вэ? 

-Барилга, хот байгуулалтын яам үнийг нэг төвшинд тогтоох аргагүй. Барилгыг 80 м/кв-аас илүүгүй, том байлгахгүй байх бодлого барьж байгаа тухай Сайдын илтгэлд орлоо. Энэ нь зөв. Одоо бол барилгын материал, орон  сууцны үнэд хийсвэрээр нөлөөлж байгаа зүйл байна. Барилгын компаниуд гадна талын тагтыг орон сууцны м/кв-т оруулж тооцож байна. Харанхуй өрөө, 00-ын өрөөний хуучин Зөвлөлтийн стандарт одоо өөр болж. Одоо бол 00-ын өрөө 5-10 м/кв  байна шүү дээ. Коридор гээд хэтэрсэн урт байх жишээний. Ингээд орон сууцныхаа метр квадратыг хийсвэрээр үнэлж, үнэ хөөсрүүлээд байна. Ер нь хүнд ашигтай биш талбайг эсрэгээр нь их шийдээд байх юм. Тиймээс стандарт мөрдүүлэх хэрэгтэй байна. Архитекторууд анхнаасаа зураг төслийг хийхдээ ч өрөө, зохион байгуулалтынхаа хэмжээг нарийн заах нь зөв.

News.mn

Төрийн байгууллагуудын мэдээлэл