Ажилтай, орлоготой иргэд моргейжийн зээлд хамрагдана

Нэмэгдсэн: 2013-05-29

Ажилтай, орлоготой иргэд моргейжийн зээлд хамрагдана

Залуучуудад зориулсан “Залуучуудын орон сууц” нээлттэй хэлэлцүүлгийг Монголын Залуучуудын холбооноос өнөөдөр зохион байгууллаа.  Иргэний танхимд болсон уг хэлэлцүүлэгт Барилга, хот байгуулалтын яамны Төрийн нарийн бичгийн дарга Р.Эрдэнэбүрэн оролцож, орон сууцны эрэлт нийлүүлэлтийг дэмжих талаар хийгдэж байгаа ажлуудаас танилцуулсан юм.
Яамны зүгээс орон сууцны нийлүүлэлтийг дэмжих тал дээр ажиллаж байгаа. Өнөөдөр барилгын компаниудын  90 хувь нь арилжааны банкнуудаас өндөр хүүтэй зээл авч байна.  Барилгын ажил эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрлийн тоо олон шат дамжлагатай, хугацаа их ордог байснаас барилгаа эхлүүлэхэд цаг алддаг, зээлийн хүү өсдөг байв.  Эндээс шалтгаалан орон сууцны үнэ нэмэгдсэн нь бий.  Өнөөдрийг хүртэл Улаанбаатарт жилдээ 10 мянга хүрэхгүй орон сууцны байр ашиглалтанд орж буй нь үүний нотолгоо юм гэдгийг Р.Эрдэнэбүрэн онцоллоо.
Барилга, хот байгуулалтын яамнаас бодлогын түвшинд хэрэгжүүлж эхэлсэн ажил гэвэл барилгын ажил эхлүүлэх, үргэлжүүлэхэд цуглуулдаг гарын үсгийн тоог цөөлж, хугацааг бууруулж эхэлсэн.  Ингэснээр компаниуд цаг алдахгүй барилгаа барина. Мөн барилгын гол нэрийн материалын үнийг тогтворжуулахаар Монгол банктай хамтарч үнэ тогтворжуулах дэд хөтөлбөр баталсан.  Энэ ажлын хүрээнд 370 тэрбум төгрөгийг цемент, арматурын бизнес эрхлэгчдэд олгож эхлээд байна. Одоогийн байдлаар 100 тэрбум төгрөгийг аж ахуйн нэгжүүдэд өгөөд байгаа гэж хэллээ.
Орон сууцны үнэнд голлох нөлөө үзүүлдэг дэд бүтцэд зориулж Засгийн газраас энэ жил 200 тэрбум төгрөг хуваарилаад байгаа.  Дэд бүтэц, инженерийн шугам сүлжээг улсаас шийдвэрлэж өгснөөр үнэ буурах нөхцөл болж өгнө. Өөрөөр хэлбэл барилгын компаниуд дэд бүтцэд холбогдсон газрыг өндөр үнээр хэн нэгнээс худалдаж авахгүйгээр барилга байшингаа барих юм гэдгийг тодотгов.
Энэ жил судалгаагаар 18 мянган айлын орон сууц Улаанбаатар хотод ашиглалтанд орно. Эдгээр орон сууцыг бүрэн ашиглалтанд оруулахын тулд 300 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээл олгохоор шийдвэрлэсэн. Дээрхи бүх арга хэмжээг авч хэрэгжүүлсний үр дүнд ирэх жилүүдэд жилдээ 34 мянган айлын орон сууц иргэдэд очих боломжтойг БХБЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Р.Эрдэнэбүрэн мэдээллээ.
Иргэдийн хүсэн хүлээж байгаа 7-9 хувийн хүүтэй моргейжийн зээлийн журам дээр Барилга, хот байгуулалт, Эдийн засгийн хөгжлийн яамдууд Төв банктай хамтран ажиллаж байна. Засгийн газрын иргэдээ орон сууцжуулах энэ бодлого цэвэр ипотекийн зээл байна гэдгийг онцолсон юм.
Өөрөөр хэлбэл хүү инфляцийн түвшингээс шалтгаалан 8+- байна.  Зээлийн эргэн төлөгдөх хугацаа 20 жил байх бөгөөд урьдчилгаа төлбөр 10-30.  Урьдчилгааг хэрхэн төлснөөс зээлийн хүүгийн хэмжээ харилцан адилгүй байх юм.  Хамгийн гол нь 100 хувь ашиглалтанд орсон 80 мкв хүртэл хэмжээтэй байрнаас сонголтоо хийнэ.  Орон сууцны өмнөх хөтөлбөрүүд тодорхой зорилтот бүлгүүдэд чиглэж байсан бол энэ удаагийн бодлого бүх иргэдэд нээлттэй. Гол нь  иргэн ажилтай, орлоготой байх нь чухал юм гэдгийг “Залуучуудын орон сууц”  нээлттэй хэлэлцүүлэгт оролцохоор ирсэн хүмүүст тэрээр хэллээ.
Түүнчлэн 8+- хөтөлбөр арилжааны банкуудаар дамжина.  Мөн л өмнөх шиг ОССК, Төрийн банк гэсэн хязгаарлагдмал хүрээнд явахгүй учраас иргэдэд хүндрэл чирэгдэл дагуулахгүй байхаар журам дээр тусгаж байгаа. Иргэдийн зүгээс барьцаа хөрөнгө шаардлагагүй. Сонгосон байрны ордер нь барьцаа болох юм гэдгийг хэллээ.
Яг энэ хөтөлбөрт зориулсан 800 тэрбум төгрөгийн санхүүжилт бэлэн байгаа. Гэхдээ нийлүүлэлтээ эхлээд дэмжээд өгөхгүй бол үнэ өсөх сөрөг үр дагавартай учраас журам дээр энэ бүхнийг тусган нухацтай хандаж байна.  Удахгүй журам бэлэн болно гэв.
“Залуучуудын орон сууц” нээлттэй хэлэлцүүлэгт орон сууцны үнэ, чанар, зээл, хүндрэлтэй асуудал, шийдэх арга зам, залуучуудыг орон сууцжуулах нөхцөл боломжийн талаар тал бүрээсээ ярилцах юм байна.

Төрийн байгууллагуудын мэдээлэл