ᠮᠤᠩᠭᠤᠯ ᠤᠯᠤᠰ ᠤᠨ ᠵᠠᠰᠠᠭ ᠤᠨ ᠭᠠᠵᠠᠷ
ИХ НАРТЫН НӨӨЦ ГАЗРЫГ 1996 ОНД УЛСЫН ТУСГАЙ ХАМГААЛАЛТАД АВСАН ЮМ.
ИХ НАРТЫН НӨӨЦ ГАЗРЫГ 1996 ОНД УЛСЫН ТУСГАЙ ХАМГААЛАЛТАД АВСАН ЮМ.

 

Дорноговь аймгийн Даланжаргалан сумын Их нартын хад, Айраг сумын Хэцүү тээгийн уул орчмын 66769 га газрыг 1996 онд УИХ-ын 43-р тогтоолоор Байгалийн нөөц газрын ангилалаар “Улсын тусгай хамгаалалт”-д авчээ.
Байгалийн мужлалаар говийн бүсэд багтах боловч нутгийн баруун хойд хэсэг нь хээр талын бүсэд хамаарна. Говь хээр хосолсон цөлөрхөг хээрийн энэ бүсэд хотгор гүдгэртэй нам дор болон хад чулуурхаг, элэгдэж эвдэрсэн хавцал, толгодорхог, уулархаг газрууд байдаг. Хуурай, эх газрын уур амьсгалтай, байнгын хүчтэй салхи, шороон шуурга нь тухайн бүс нутгийн ургамал амьтны аймагт их нөлөөлдөг. Говьд усан хангамж бага байдаг боловч Их нартын хөндийд цэнгэг хүйтэн уст булаг шанд их бий.
Эдгээр булаг шанд нь сайранд шингэн орох боловч  хэдэн зуун метрийн цаанаас дахин оргилон гардаг. Зарим булаг нь их хур борооны дараа ил гарч урсдаг. Мөн горхи, булаг шандаас гадна худаг ус, улирлын чанартай жижиг нуур цөөрөм тус нөөц газарт элбэг байдаг. Их нартын булаг шанд, худгийн уснууд маш цэнгэг байдаг боловч жижиг нуур цөөрмийн ихэнх нь уухад тохиромжгүй устай байдаг. Гэвч зэрлэг амьтадын хувьд усны чухал нөөц төдийгүй ховор усны шувуудыг харж болох тохиромжтой газар юм. Халзан уулын рашаан гэх мэт янз бүрийн өвчин анагаах чадалтай рашаан усны нөөцүүд бий.
Их нартын хадан ууланд нь дэлхийд алдартай ховор зэрлэг хонь аргаль угалз элбэг байдаг бол янгир ямаа харьцангуй цөөн бий. Цагаан зээр, хар сүүлт зэрэг нь улирлын чанартай тохиолдоно. Хулан адуу Их нартын өмнө хэсгээр зарим зун тааралдана. Чоно, шилүүс, мануул, үнэг, хярс, халздай дорго, өмхий хүрэн, үен, дэлдэн зараа, дагуурын зараа, атаахай, чичүүл, алаг даахай, үхэр огодой, боролзон туулай, хээрийн болон хадны борогчин, хэдэн зүйлийн гар далавчтан зэрэг жижиг хөхтөн амьтад бий. Их нартын хад, цохионы ангал, ан цавуудад олон зүйлийн шувуудын үүр байдаг нь энд жигүүртэн шувууд амьдрах нөхцөл сайн бүрдсэн байгааг харуулж байна. Өвслөг ургамлууд нь тухайн бүс нутгийн 35 хувийг эзэлдэг. Алтлаг холтостой тарваган харгана, хээрийн бариулт бүйлс зэрэг ховор ургамал ургадаг. Бариулт бүйлс нь үрээр хооллогч мэрэгч амьтад болон навч мөчрийг нь иддэг туруутан амьтадын идэш тэжээлийн чухал эх үүсвэр нь юм. Их нартын чулуунд Хульхан ам, Шинэ усны ам, Хөх усны ам, Элсний ам, Гурван хоногийн ам зэрэг булаг шанд, мод буттай байгалийн үзэсгэлэнт газрууд байдаг юм.
Нэн тэргүүнд  унаган байгаль, ургамал, амьтанаа хамгаалах шаардлага гарч байгаа тул аймгийн Засаг дарга 2011 оны 2 сард  Их нартад хамгаалалтын захиргаа байгуулах талаар захирамж гарган менежментийн зөвлөлийг байгуулан ажиллаж байна. Түүнчлэн НҮБ-ын хөгжлийн хөтөлбөрийн дэмжлэгтэйгээр БОАЖЯ, Их нартын менежментийн төлөвлөгөөг боловсруулан 2012 онд аймгийн ИТХ-аар батлуулан мөрдөж байна.
2013.05.02-ны өдөр Улаанбаатар хотод *Их нартын БНГ-ын хамгаалалтын захиргааны үүргийг Аргаль агнуур судлалын төв* ТББ-аар гүйцэтгүүлэх гэрээ БОНХЯны ТХГНУГ-ын дарга Т,Эрдэнэчимэг,  Аргал агнуур судлалын төвийн дарга С.Амгаланбаатар, Байгаль орчны газрын дарга Д.Сүрэн нарын хооронд байгуулж гэрээг БОНХСайд С.Оюун, аймгийн Засаг дарга П.Ганхуяг нар баталсан юм. Мөн Даланжаргалан суманд хамгаалалтын байр барих, тэнд ажиллах ажилчдын зардлын төсвийг аймгаас шийдвэрлээд байгаан байна.

САНАЛ БОЛГОХ МЭДЭЭ МЭДЭЭЛЭЛ