ᠮᠤᠩᠭᠤᠯ ᠤᠯᠤᠰ ᠤᠨ ᠵᠠᠰᠠᠭ ᠤᠨ ᠭᠠᠵᠠᠷ
Засгийн газрын хуралдаан боллоо
Засгийн газрын хуралдаан боллоо

Засгийн газрын ээлжит хуралдаан 12 дугаар сарын 21-нд болж, 40 гаруй асуудлыг хэлэлцэн дараах шийдвэрүүдийг гаргалаа.

Аялал жуулчлалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн үзэл баримтлалыг баталлаа

Аялал жуучлалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн үзэл баримтлалын төслийг хэлэлцээд хуралдаан дээр Засгийн газрын гишүүдээс гаргасан саналыг тусган үзэл баримлалыг баталлаа. Хуулийн төслийг боловсруулан Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэхийг Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд Н.Батцэрэгт даалгасан байна.

Аялал жуулчлалын тухай хууль анх 2000 онд батлагдсан бөгөөд шинээр батлагдан гарсан холбогдох хууль, бусад хуулиудад нэмэлт, өөрчлөлт орсонтой холбоотойгоор найман удаа нэмэлт, өөрчлөлт оржээ. Гэвч одоогийн хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хууль нь аялал жуулчлалын салбарын тогтвортой хөгжлийг хангах, эрх зүйн үндсийг бүрдүүлэх, салбарын өмнө тулгамдаж байгаа асуудлыг зохицуулахад учир дутагдалтай учраас Аялал жуулчлалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулжээ.

Энэ хуулиар Монгол Улсын нутаг дэвсгэрт аялал жуулчлалын үйл ажиллагаа эрхлэхтэй холбогдсон иргэн, аж ахуйн нэгж, байгууллага, жуулчин, төрийн байгууллагын хооронд үүсэх харилцааг зохицуулна. Шинэчилсэн найруулгын төсөлд дэлхийн аялал жуулчлалын байгууллагаас гаргасан зөвлөмжийн дагуу нэр томъёог нарийвчлан тусгахаас гадна жуулчлалын төрлүүд, тур оператор, хөтөч-тайлбарлагчийн үйлчилгээ, төрийн байгууллагын оролцоо, төр-хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлэх харилцаа, аялал жуулчлалын салбарыг дэмжих эдийн засгийн хөшүүрэг зэргийг тусгана.

Монгол Улсад жилд дунджаар 400 мянга орчим жуулчин ирж, 50 мянган ажлын байр бий болж, 263 сая долларын орлого оруулж, дотоодын нийт бүтээгдэхүүний 3.2 хувийг эзэлж байна.

Хүүхэд харах үйлчилгээнд санхүүгийн дэмжлэг олгох журам баталлаа

“Хүүхэд харах үйлчилгээнд санхүүгийн дэмжлэг олгох журам”-ын хэрэгжилтийг зохион байгуулж, хяналт тавьж ажиллахыг Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ, Сангийн сайд Б.Болор, Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд Л.Гантөмөр, бүх шатны Засаг дарга нарт  даалгалаа.

Хүүхэд харах үйлчилгээний тухай хууль 2015 оны 7 дугаар сарын 2-ны өдөр УИХ-аар батлагдсан бөгөөд 2016 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс дагаж мөрдөнө. Хүүхэд харах үйлчилгээ нь сургууль, цэцэрлэг хүрэлцээгүй, хөдөө алслагдсан газар, нутагт амьдарч байгаагаас шалтгаалан сургуулийн өмнөх боловсролд  хамрагдахгүй байгаа бага насны хүүхдийг эрүүл, аюулгүй орчинд асран халамжлах, хамгаалах, хооллох, тоглуулах, амраах үйлчилгээ үзүүлэн нэг талаас хүүхдийн аюулгүй байдлыг хангах, нөгөө талаас эцэг эхчүүдийн ажил хөдөлмөр эрхлэх боломжийг бүрдүүлж байгаа нийгмийн үйлчилгээний шинэ хэлбэр юм.

Манай улсад 2-5 насны 266 мянган хүүхэд байгаагаас цэцэрлэг, сургуульд хамрагдаж чадахгүй байгаа 59 мянган хүүхэд байна. Хүүхэд харах үйлчилгээнд үйлчилгээнд хамруулснаар сургуулийн өмнөх боловсролын эрэлт, нийлүүлэлтийн харьцаа тэнцвэржиж, 15-30 мянган иргэн ажлын байртай болох юм. Хүүхэд харах үйлчилгээнд хамрагдах нэг хүүхдийн сарын хоолны зардалд 36 300 төгрөг, хувьсах зардалд 70 500 төгрөгийн зардал олгогдохоор байгаа бөгөөд 2016 оны улсын төсөвт 10.8 тэрбум төгрөг төсөвлөсөн байна. 

 “Монцемент үйлдвэр” төслийн хөрөнгө оруулалтын гэрээний төслийг дэмжлээ

Хөрөнгө оруулалтын тухай хуулийн дагуу “Монцемент үйлдвэр” төслийн хөрөнгө оруулагчтай хийх хөрөнгө оруулалтын гэрээний төслийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн дэмжиж, Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбатыг гэрээнд гарын үсэг зурахыг зөвшөөрлөө.

Монцемент үйлдвэрийн төслийн хүрээнд хийгдэх хөрөнгө оруулалтын гэрээний төсөл нь 16 зүйлтэй бөгөөд гэрээнд хөрөнгө оруулалтын хэмжээ, үе шат, эх үүсвэр, татварын орчныг тогтворжуулах, Засгийн газар, Хөрөнгө оруулагч талын эрх, үүрэг, хариуцлага, байгаль орчин, нийгмийн асуудал болон бусад гэрээний үндсэн асуудлуудыг тусгасан байна. Хөрөнгө оруулагч нь Дорноговь аймгийн Өргөн сумын нутагт орших Сэнжит худгийн шохойн чулууны ордыг түшиглэн цемент, шохой болон клинкер үйлдвэрлэх хуурай аргын дэвшилтэт  технологи бүхий үйлдвэр байгуулах төслийг 2006 оноос хэрэгжүүлж эхэлсэн.

Монцемент үйлдвэр дээд хүчин чадлаараа ажиллахад жилдээ 984 мянган тонн чулуунцар, нэг сая тонн цемент, 100 мянган тонн шохой үйлдвэрлэх юм. Бүрэн автоматчлагдсан, байгаль орчинд ээлтэй технологи бүхий хуурай аргын цемент, шохойн үйлдвэрийн энэ төсөл улсын төсөвт жилд 21.8 тэрбум төгрөг, нийт 458.1 тэрбум төгрөгийн татвар, хураамж төвлөрүүлэх тооцооллыг хийсэн байна. Мөн 375 иргэн ажлын байраар хангагдах юм.

Баялаг бүтээгчдийн холбоог дэмжинэ

Засгийн газрын 2011 оны 134 дүгээр тогтоолын хавсралтаар батлагдсан “Сум хөгжүүлэх сангийн хөрөнгийг бүрдүүлэх, зарцуулах, хяналт тавих журам”-д өөрчлөлт орууллаа.

Энэ тогтоолоор 21 аймгийн бүх сумдын жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгч нар хөнгөлөлттэй зээлд хамрагдах эрх зүйн таатай орчныг бүрдүүлсэн боловч Сум хөгжүүлэх сангийн хөрөнгийн зарцуулалт, төсөл сонгон шалгаруулалт, түүний хэрэгжилтэд тавих хяналт сул байгаагаас сангийн хөрөнгө зорилтот бүлэгт хүрч чадахгүй, зориулалтын бусаар олгогдох дутагдал байсан. Иймд тус сангийн хөрөнгийг үр ашигтай зарцуулах, хяналтыг сайжруулах зорилгоор мэргэжлийн, төрийн бус байгууллага болох “Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо”-ны төлөөллийг Сум хөгжүүлэх сангийн төсөл сонгон шалгаруулах зөвлөл болон хяналт тавих ажлыг хэсэгт оруулдаг байхаар шийдвэрлэлээ.

“Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо” төрийн бус байгууллага нь 24 мянга гаруй жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдийг эгнээндээ нэгтгэсэн, 21 аймагт үйл ажиллагаа явуулж буй байгууллага юм. Тус байгууллагын төлөөллийг Сум хөгжүүлэх сангийн зөвлөл, ажлын хэсэгт оруулснаар сангийн хөрөнгийг оновчтой зарцуулах, хяналтыг сайжруулах, төр-хувийн хэвшлийн хамтын ажиллагааг дэмжих олон талын ач холбогдолтой гэж үзжээ.

“Соёлын бүтээлч үйлдвэрлэл” үндэсний хөтөлбөр батлагдлаа

Засгийн газраас “Соёлын бүтээлч үйлдвэрлэл” үндэсний хөтөлбөрийг баталлаа. Хөтөлбөрт тусгагдсан зорилт, арга хэмжээг хэрэгжүүлэхэд шаардагдах хөрөнгийг жил бүрийн улс, орон нутгийн төсвийн төсөлд тусгах, хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтыг татан оролцуулах, хандивлагч орон, олон улсын банк, санхүүгийн байгууллагын зээл, тусламжийн хөрөнгөөр санхүүжүүлэх арга хэмжээ авч ажиллахыг Засгийн газрын холбогдох гишүүд, аймаг, нийслэлийн Засаг дарга, нийслэлийн соёл урлагийн газар, төв болон орон нутгийн соёлын байгууллагуудад тус тус үүрэг болголоо. Үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийг зохион байгуулж, явц, үр дүнг жил бүрийн 1 дүгээр улиралд багтаан Засгийн газарт танилцуулахыг Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам, Аж үйлдвэрийн яаманд тус тус даалгахаар шийдвэрлэжээ.

Соёлын бүтээлч үйлдвэрлэл үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлснээр соёлын бүтээлч үйлдвэрлэлийг хөгжүүлэх эрх зүйн болон зах зээл, бизнесийн таатай орчныг бүрдүүлж, соёл урлагийн салбарт өмчийн олон хэлбэр, зах зээлийн шударга, чөлөөт өрсөлдөөнийг бий болгож, олон улсын стандартад нийцсэн соёлын бүтээлч үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчид нэмэгдэн Монгол брэнд бүтээгдэхүүн олон улсын зах зээлд танигдах юм.

2016 онд зохион байгуулах олон улсын тэмцээний хуваарийг тогтоолоо

Биеийн тамир, спортын тухай хуульд заасныг үндэслэн Монгол Улсад 2016 онд олон улсын дараах тэмцээнийг зохион байгуулахаар тогтлоо.

-  Олимпийн эрх олгох “Рио-2016” чөлөөт бөхийн тэмцээн

-  Сумо бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн

-  Байт харвааны дэлхийн аварга шалгаруулах оюутны тэмцээн

-  Жүдо бөхийн “Чингис хаан” гран-при тэмцээн

-  Мотоциклийн бартаат замын дэлхийн цомын аварга шалгаруулах тэмцээн

-  Сагсан бөмбөгийн Ази тивийн аварга шалгаруулах оюутны тэмцээн

-  Шатрын Ази тивийн аварга шалгаруулах өсвөр үеийн тэмцээн

-  Даамны Ази тивийн аварга шалгаруулах өсвөр үеийн тэмцээн

-  Боксын “Чингис хаан 2016” цомын аварга шалгаруулах олон улсын тэмцээн

-  Хөлбөмбөгийн Футзалны клубын аварга шалгаруулах олон улсын тэмцээн

-  Чөлөөт бөхийн “Mongolian open” олон улсын тэмцээн

-  Цанын олон улсын тэмцээн

-  Биатлоны олон улсын тэмцээн

-  “Их нүүдэл” шатрын олон улсын тэмцээн

-  Аэробикийн олон улсын тэмцээн

Дээрх тэмцээнийг батлагдсан төсөвтөө багтаан зохион байгуулж, дүнг 2016 оны IV улиралд багтаан Засгийн газарт танилцуулахыг Эрүүл мэнд, спортын сайдын үүргийг хариуцагч бөгөөд Монгол Улсын Шадар сайд Ц.Оюунбаатарт даалгалаа.

Эдгээр нэр хүндтэй тэмцээнүүдийг өөрийн оронд зохион байгуулснаар олимпийн эрхийн оноо авах, олон улс, дэлхийн тавцанд өөрийн орныг сурталчлах, үзэгчид, сонирхогчид дэлхийд чансаагаараа тэргүүлж байгаа өндөр зэрэглэлийн тамирчдын өрсөлдөөнийг эх орондоо үзэх, өсвөр, залуу тамирчид тэднээс суралцах, туршлага хуримтлуулах, спортоор хичээлэх урам зориг өгөх ач холбогдолтой юм.

Хийн түлш, түүний сав, тоног төхөөрөмжийг НӨАТ, гаалийн албан татвараас чөлөөлнө

Нэмэгдсэн өртгийн албан татвар болон гаалийн албан татвараас чөлөөлөгдөх хийн түлш, хийн түлшний сав, тоног төхөөрөмж, тусгай зориулалтын машин, техник хэрэгсэл, тоноглолын жагсаалтыг баталлаа.

Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хууль шинэчлэн батлагдсанаар ашигт малтмалын эцсийн бүтээгдэхүүний жагсаалт, хийн түлш, хийн түлшний сав, тоног төхөөрөмж, тусгай зориулалтын машин, техник хэрэгсэл, тоноглолын жагсаалтыг Засгийн газар батлахаар заасан юм. Энэхүү шинээр батлагдсан жагсаалтыг хууль хүчин төгөлдөр болох хугацаа буюу 2016 оны 1 дүгээр сарын 1-ээс эхлэн мөрдөнө.

Д.Дэмбэрэлнямбад Шинжлэх ухааны салбарын 2015 оны “Технологийн дэвшлийн шагнал”-ыг олгоно

Химийн ухааны доктор, профессор Д.Дэмбэрэлнямбын “Адууны яснаас гаргаж авсан кальцийн бэлдмэл” бүтээлд Шинжлэх ухааны салбарын 2015 оны “Технологийн дэвшлийн шагнал”-ыг олгохоор шийдвэрлэж, шагналд шаардагдах 100 сая төгрөгийг Шинжлэх ухаан, технологийн сангаас гаргахыг Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд Л.Гантөмөрт зөвшөөрлөө.

Химийн ухааны доктор, профессор Д.Дэмбэрэлнямба нь олон жилийн судалгааны ажлын үр дүнд орчин үеийн биотехнологи, биохимийн аргыг ашиглан монгол адууны ясны биологийн үнэт чанарыг хэвээр хадгалсан  “Адууны яснаас гаргаж авсан кальцийн бэлдмэл”-ийг гарган авчээ. Уг бүтээл нь хоёрдогч түүхий эд болох монгол адууны яс ашигласан экологийн цэвэр, импортыг орлох, экспортод чиглэсэн, анагаах чадвар сайтай, манай орны брэнд бүтээгдэхүүн болсон юм. Бусад кальцийн бэлдмэлүүдээс биологийн идэвхийн хувьд 3 дахин өндөр, ясны сийрэгжилтээс сэргийлэх болон нөхөн төлжүүлэх үйлчилгээтэй бөгөөд хүний биед зайлшгүй шаардлагатай олон төрлийн микроэлемент, эрдэс бодисоор давхар баяжуулсан зохистой найрлагатай болох нь лабораторийн судалгаагаар нотлогдсон байна.

Уран бүтээлчдэд мөнгөн шагнал олгоно

ОХУ-ын Санкт-Петербург хотод зохиогдсон Е.Образцовагийн нэрэмжит олон улсын дуурийн залуу дуулаачдын уралдаанд хоёрдугаар байр эзэлсэн Цэргийн дуу, бүжгийн эрдмийн чуулгын гоцлол дуучин Ч.Бадралд 24 сая төгрөг, БНХАУ-ын Учао хотод зохиогдсон 15 дахь удаагийн олон улсын циркчдийн наадамд Т.Будын “Нууц хувьсал” шидэх банзны үзүүлбэрээр мөнгөн медаль хүртсэн Монголын үндэсний циркийн 12 жүжигчинд 40 сая төгрөгийн мөнгөн шагнал олгохоор шийдвэрлэж, хөрөнгийг Соёл, урлагийн зардлаас гаргахыг Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд Л.Гантөмөрт зөвшөөрлөө.

Засгийн газрын 2008 оны 120 дугаар тогтоолоор “Олон улсын хэмжээнд зохиогддог соёл, урлагийн их наадам, уралдаан, үзэсгэлэн, номын яармагт оролцож, онцгой амжилт гаргасан соёлын ажилтан, уран бүтээлчдэд мөнгөн шагнал олгох тухай” журам баталж хэрэгжүүлснээр урлагийн эдгээр төрлүүд сэргэн хөгжиж, уран бүтээлчдийн мэргэжлийн ур чадварыг олон улсын жишигт ойртуулахад түлхэц болж байна. Ингэснээр манай уран бүтээлчдийн ур чадвар өсөн сайжирч, олон улсын уралдаан тэмцээнд оролцох хүний тоо нэмэгдэж, эзлэх байр, үзүүлж байгаа амжилтын түвшин тасралтгүй өсч байгаа юм.

Мэргэжлийн боловсрол, сургалтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ

УИХ 2002 онд Мэргэжлийн боловсрол, сургалтын тухай хуулийг баталж, эдийн засаг, нийгмийн хөгжлийн шаардлагатай уялдсан мэргэжилтэй ажилтан бэлтгэх эрх зүйн орчныг бүрдүүлсэн юм. Уг хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн гол агуулга нь мэргэжлийн боловсрол, сургалтыг олон улсын жишигт нийцүүлэн чадамжид суурилсан сургалт, үнэлгээний шинэ тогтолцоонд шилжүүлэх, ажил олгогч, бусад түншүүдийн хамтын ажиллагааны үр өгөөжийг дээшлүүлэх, иргэдэд хөдөлмөрийн зах зээлд эрэлттэй мэргэжил эзэмшүүлж, төгсөгчдийн ур чадварыг өндөржүүлэх замаар ажил эрхлэлтийг дэмжих эрх зүйн таатай орчин бүрдүүлэхэд чиглэж байгаа юм. Мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагын онцлог нь нийт сургалтын 70-80 хувийг дадлагын сургалт давамгайлж байдаг тул сургалтын орчныг үйлдвэрлэл, үйлчилгээний орчинд ойртуулах, цаашлаад үйлдвэрлэлийн бааз дээр үргэлжлүүлэх шаардлага тавигдаж байна.

Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулснаар мэргэжилтэй ажилтан бэлтгэх тогтолцоог олон улсын жишигт нийцүүлэн шинэчлэх, төгсөгчдийн ур чадварыг өндөржүүлэх, тэднийг ажлын байртай болгох боломжийг баталгаажуулахад чиглэж, хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх бодитой үр дүн гарна гэж тооцож байна.

Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн барина

Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хууль 2001 онд батлагдаж, 2011 онд шинэчлэн найруулсан бөгөөд хүн амын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих үйл ажиллагааны төрөл, хэлбэр, хамрах хүрээг тогтоож, үйл ажиллагааны санхүүжилт, хөдөлмөр эрхлэлтийн байгууллагын тогтолцоотой холбоотой харилцааг зохицуулж байна. Хуулийн хүрээнд хүн амын зорилтот бүлгийн иргэдэд хөдөлмөр эрхлэлтийг дэмжих үйлчилгээ, арга хэмжээг төсөл, хөтөлбөрөөр дамжуулан үзүүлж байгаа боловч хуулийг хэрэгжүүлэх явцад хамрах хүрээ, үзүүлэх үйлчилгээтэй холбоотой анхаарах асуудлууд гарч байгаа юм. Мөн бичил аж ахуйн нэгжүүдийг чадавхижуулж, ажлын байрыг чанаржуулах, албан бус хөдөлмөр эрхлэлтийг албан хэлбэрт шилжүүлэх хөгжлийн чиг хандлагад хөдөлмөр эрхлэлтийн бодлогыг нийцүүлэх хэрэгцээ тулгарч байна. Жижиг, дунд үйлдвэрийн тухай болон Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуулийн хамрах хүрээ, үзүүлэх дэмжлэгийн зааг ялгааг тодорхой болгон, нөөцийг оновчтой ашиглаж, төрийн үйлчилгээг шуурхай хүргэх шаардлагатай болж байна.

Эдийн засгийн хүндрэлээс үүдэн хүн амын хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх чиглэлээр тулгамдсан асуудлыг шийдвэрлэх зорилгоор хуульд нэмэлт, өөрчлөлт оруулснаар хуулиудын уялдаа, зохицуулалт сайжирч, тэдгээрээс иргэдэд үзүүлж байгаа төрийн үйлчилгээний хүртээмж нэмэгдэн, ажлын байр шинээр бий болгох, тогтвортой хадгалах боломж дээшилнэ гэж үзэж байна 

ТОВЧ МЭДЭЭ:

- Эх, хүүхдийн эрүүл мэндийн тухай хуулийн төслийн үзэл баримтлалын төслийг хэлэлцэн баталж, хуулийн төслийг боловсруулан Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэхийг Эрүүл мэнд, спортын сайдын үүргийг хариуцагч бөгөөд Монгол Улсын Шадар сайд Ц.Оюунбаатар, Хууль зүйн сайд Д.Дорлигжав нарт даалгалаа.

- Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж 2015 оны 11 дүгээр сард Бүгд Найрамдах Франц Улсад хийсэн албан ёсны айлчлалын дүнг хэлэлцээд Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд оруулахыг Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэнд даалгав. 

- Буянт-Ухаа 1 хорооллын орон сууцанд иргэдээс захиалга авах журамд өөрчлөлт оруулж, орон сууц худалдан авсан этгээд нь худалдан авсан байрыг 15 жилийн хугацаанд бусдад худалдахгүй, ашиг олох зорилгоор түрээслүүлээгүй байна гэснийг худалдан авсан байрны орон сууцны зээл, төлбөрийг бүрэн төлсөн тохиолдолд түүнд уг байрыг бусдад худалдах, ашиг олох зорилгоор түрээслүүлэх эрх нь нээгдэнэ гэж өөрчилллөө.

- Орон сууцны ипотекийн зээлийн баталгааны журамд нэмэлт, өөрчлөлт оруулав. Урьдчилгаа төлбөрийн баталгааны нөхцөлд арилжааны банкны баталгааг нэмж, арилжааны банк Зээлийн хорооны шийдвэрээ үндэслэн иргэдэд ипотекийн зээлийн баталгаа гаргах зохицуулалтыг хийлээ.

- Химийн хорт болон аюултай бодисыг импортлох, үйлдвэрлэх, худалдах зөвшөөрөл бүхий иргэн, аж ахуйн нэгж байгууллагаас тухайн жилийн тайланг авахдаа химийн бодисын сав, баглаа, боодлын талаарх мэдээллийг хамт авч байхыг Байгаль орчин ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд Н.Батцэрэгт, тухайн жилд хэрэглэгдсэн химийн хорт бодис болон аюултай бодисын үлдэгдэл, сав, баглаа боодлын хөдөлгөөний тайлан мэдээллийг гаргуулан авч, тухайн асуудлыг эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад тогтоосон хугацаанд хүргүүлж, аюултай хог хаягдлыг хадгалах, устгах үйл ажиллагааг зохион байгуулж, гүйцэтгэлд нь хяналт тавьж ажиллахыг аймаг, Нийслэлийн Засаг дарга нарт үүрэг болголоо. 

- Монгол Улсын Хөгжлийн банкны 2014 оны жилийн эцсийн болон 2015 оны эхний хагас жилийн санхүүгийн тайланд “Прайсуотерхаус Куперс Аудит” ХХК-ийн хийсэн аудитын дүгнэлтийг хэлэлцэж, холбогдох хууль тогтоомжийн дагуу УИХ-д танилцуулахаар тогтлоо.

- УИХ-ын 2015 оны 90 дүгээр тогтоолд заасан гадаад улсын дипломат төлөөлөгчийн болон консулын газар, олон улсын байгууллагын төлөөлөгчийн газрыг харьяалах улс, олон улсын байгууллагатай тухайн улстай харилцан адил байх зарчмыг баримтлан газар ашиглуулах Монгол Улсын олон улсын гэрээ байгуулахыг Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэнд даалгалаа.

- Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутаг дэвсгэрт орших Тост, Тосон бумбын нурууны 652527.98 га бүхий талбайг Ашигт малтмалын тухай хуулийн холбогдох заалтыг үндэслэн нөөцөд авлаа. Нөөцөд авснаар тухайн талбайд ашигт малтмалын тусгай зөвшөөрөл шинээр олгохгүй бөгөөд өмнө олгогдсон тусгай зөвшөөрлүүдийн талбайд ашигт малтмал эрэх, хайх, ашиглах үйл ажиллагаа хязгаарлагдана гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.

САНАЛ БОЛГОХ МЭДЭЭ МЭДЭЭЛЭЛ