ᠮᠤᠩᠭᠤᠯ ᠤᠯᠤᠰ ᠤᠨ ᠵᠠᠰᠠᠭ ᠤᠨ ᠭᠠᠵᠠᠷ
Нэгдсэн төслийн албыг танилцуулав
Нэгдсэн төслийн албыг танилцуулав

 


Монгол Улсын хөдөлмөрийн салбар НҮБ,  Европын Холбоо, Олон улсын хөдөлмөрийн байгууллага, Дэлхийн эрүүл мэндийн байгууллага, Азийн хөгжлийн банк зэрэг томоохон төсөл хэрэгжүүлэгч олон байгууллагатай хамтран ажилладаг. Хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэхээс гадна Монгол Улсад мэргэжилтэй ажилтан бэлтгэхэд гадны донор байгууллагынхны тус дэм их юм.  Тэдний үзүүлж буй тусламж дэмжлэгийг чухал шаардлагатай зүйлд үр дүнтэйгээр зарцуулахад Хөдөлмөрийн яамны удирдлага байнга анхаарч ирсэн. УИХ-ын гишүүн Г.Баярсайхан Хөдөлмөрйин сайдаар томилогдож ирснээсээ хойш хөдөлмөрийн салбарт хэрэгжиж буй төсөл хөтөлбөрүүдийн уялдаа холбоог сайжруулж, үр өгөөжийг нэмэгдүүлэх тал дээр тодорхой бодлого барьж ажиллаж буй бөгөөд тэрхүү зорилгынхоо хүрээнд яамны Санхүү эдийн засгийн газрын дэргэд Нэгдсэн төслийн алба байгуулснаа өнгөрсмөн баасан гаригт зохион байгуулсан “Хөдөлмөрийн салбарын хамтын ажиллагаа” уулзалтын үеэр танилцууллаа.

Хөдөлмөрийн салбарт хамтарч ажилладаг олон улсын байгууллага, донор орнууд, санхүүжүүлэгч хөрөнгө оруулагч байгууллагын төлөөлөл оролцсон энэхүү уулзалтад Хөдөлмөрийн сайд Г.Баярсайхан хэлсэн үгэндээ хөдөлмөрийн салбарт олон төсөл, хөтөлбөр амжилттай хэрэгжиж, зорилтот үр дүндээ хүрч, салбарын чадавхийг бэхжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсны үр шимийг Монголын ард түмэн хүртэж байгааг онцолсон. Тэрбээр “Энд би салбарынхаа олон салаа мөчрийн нэг болсон мэргэжлийн боловсрол, сургалтын салбарыг онцлохыг хүсч байна. 2008 онд Мянганы сорилтын сангийн дэмжлэгээр Мэргэжлийн боловсрол, сургалтын төсөл хэрэгжиж эхэлснээр улс орны хөгжил, бүтээн байгуулалтын эзэд нь мэргэжилтэй ажилтан гэдгийг олон нийтэд ойлгуулах замыг нээсэн төдийгүй араасаа Германы Олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг, Швейцарийн Хөгжлийн агентлаг, БНСУ-ын КОЙКА олон улсын байгууллага, Энэтхэг улсын Засгийн газар, Сингапурын “Темасек” сан зэрэг олон төсөл хөтөлбөр бидэнтэй хамтран ажиллаж багагүй хугацаанд их зүйлийг хийсний үр дүнд Монгол Улсын мэргэжлийн боловсрол, сургалтын салбар хөгжлийн шинэ үе шатанд гарч ирснийг тэмдэглэхэд таатай байна.

Манай бусад салбарт ч Нэгдсэн үндэстний байгууллага, Европын Холбоо, Олон улсын хөдөлмөрийн байгууллага, Дэлхийн эрүүл мэндийн байгууллага, Азийн хөгжлийн банк зэрэг томоохон төсөл хэрэгжүүлэгч олон байгууллагатай тогтоосон хамтын  ажиллагаа жилээс жилд өргөжин тэлж, үйл ажиллагааны хүрээ өргөжиж үр дүнтэй хамтран ажиллаж байгаа билээ.

Гэвч ялангуяа өнөөдрийнх шиг эдийн засгийн хүндрэлтэй цаг үед мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагуудын хөгжил, санхүүжилтийн олон эх үүсвэрийг бий болгох, хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх  зэрэг тулгамдсан олон асуудлаа шийдвэрлэхэд та бүхний туслалцаа дэмжлэг юу юунаас илүү чухал байгааг анхаарч ойлгоно гэдэгт итгэж байна” хэмээсэн юм.

“Хөдөлмөрийн салбарын хамтын ажиллагаа” уулзалтад  оролцогчдыг төлөөлж Щвейцарийн Хөгжлийн агентлагийн Хамтын ажиллагааны газрын захирал, Ерөнхий консул Маркус Валдфогел үг хэлсэн бөгөөд тэрбээр мэргэжлийн боловсролын салбарт хэрэгжүүлж буй төслүүдийн үр өгөөжид сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлсэн юм.  Халуун дотно яриа, хамтын ажиллагааны ажил хэрэгч санал санаачилга дүүрэн уулзалтын үеэр ярьсан бүхнээ бодитоор хэрэгжүүлэхийн төлөө талууд чармайн ажиллахын хамт Нэгдсэн төслийн алба салбарын хэмжээнд далайцтай ажиллаж, хөтөлбөр төслүүдийн уялдаа холбоог сайжруулах, үр өгөөжийг дээшлүүлэхэд чиглэсэн тодорхой ажлуудыг хийнэ гэдэгт итгэж буйгаа оролцогчид илэрхийлсэн.

- See more at: http://www.mol.gov.mn/nodes/view/type:news/slug:%D0%9D%D1%8D%D0%B3%D0%B4%D1%81%D1%8D%D0%BD%20%D1%82%D3%A9%D1%81%D0%BB%D0%B8%D0%B9%D0%BD%20%D0%B0%D0%BB%D0%B1%D1%8B%D0%B3%20%D1%82%D0%B0%D0%BD%D0%B8%D0%BB%D1%86%D1%83%D1%83%D0%BB%D0%B0%D0%B2#sthash.5L4c3c9Y.dpuf
САНАЛ БОЛГОХ МЭДЭЭ МЭДЭЭЛЭЛ