ᠮᠤᠩᠭᠤᠯ ᠤᠯᠤᠰ ᠤᠨ ᠵᠠᠰᠠᠭ ᠤᠨ ᠭᠠᠵᠠᠷ
Цэргийн алба хаагчдад мэргэжил эзэмшүүлэхэд хамтарч ажиллахаар боллоо
Цэргийн алба хаагчдад мэргэжил эзэмшүүлэхэд хамтарч ажиллахаар боллоо

 

Монгол Улсын Засгийн газрын 2012-2016 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан хөдөлмөр эрхлэлтийн бодлогыг дэмжих, цэргийн алба хаагчдад  мэргэжил эзэмшүүлэх, батлан хамгаалах болон хөдөлмөрийн салбарын үндсэн зорилтыг хэрэгжүүлэх зорилготой Хамтран ажиллах санамж бичигт өнөөдөр Хөдөлмөрийн сайд Г.Баярсайхан, Батлан хамгаалахын сайд Ц.Цолмон нарын гарын үсэг зурлаа. 

 

Санамж бичигт гарын үсэг зурсны дараа Хөдөлмөрийн сайд Г.Баярсайхан “Манай хоёр яамны хооронд байгуулж байгаа энэ баримт бичгийн ач холбогдол маш өндөр.

“Ажилтай орлоготой монгол хүн” үндэсний хөтөлбөр, “Монгол цэрэг бүтээн байгуулалтад” хөтөлбөрийн хүрээнд хэрэгжих уг санамж бичгийг байгуулснаар  юуны түрүүнд эцэг эхчүүд хүүгээ цэрэгт явуулахад сурч боловсрох, мэргэжил эзэмших цаг хугацаагаа алдана хэмээн санаа зовох хэрэггүй болох юм. Учир нь залууст цэрэгт алба хааж байх хугацаандаа сургалтад хамрагдаж, мэргэжил эзэмших боломжийг бүрдүүлж буй бөгөөд хоёр тал хамтран ажилласнаар хугацаат цэргийн алба хаагчдад мэргэжил эзэмшүүлэхээс гадна гэрээт цэрэг, түүнчлэн цэргийн албанд олон жил ажилласан офицер, ахлагч нар чөлөөнд гарсны дараа  ажил олоход хүндрэлтэй байгаа цэргийн алба хаагчдыг ажлын байраар хангах, нийгмийн хамгааллын бодлого, үйлчилгээг хөгжүүлэх, тулгамдаж буй асуудлыг оновчтой шийдвэрлэх гарцыг нээж өгч байгаагаараа давуу талтай” хэмээсэн юм.

Батлан хамгаалахын сайд Ц.Цолмон "Цэргийн албанд ирээд мэргэжил эзэмшээд буцдаг олон жилийн уламжлал бий. Тэр ч бүү хэл, социализмын үед манайхан хугацаат цэргүүдэд бичиг үсэг заагаад уншиж, бичиж, бодож чаддаг болгож байсан. Цэргийн алба хаагчдад мэргэжил эзэмшүүлэх энэ уламжлалаа өнөөгийн нөхцөлд тохируулах шаардлага бий. Өнөөдөр Хөдөлмөрийн яамтай санамж бичиг байгуулснаар Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвүүдийг ашиглаад залуучууддаа мэргэжил эзэмшүүлэх нь албажиж байна. Мэдээж манай цэргийнхэн хугацаат цэргүүддээ мэргэжил эзэмшүүлэх, тодорхой мэргэжлээр нь мэргэшүүлэх талд анхаарч ирсэн байгаа. Тухайлбал, 2010 оноос хойш Мэргэжил, сургалт, үйлдвэрлэлийн төвүүдтэй хамтран 1000 гаруй цэргийг тусгай мэргэжилтэй болгосон байна. Барилгачин, мужаан, барилга засал, токарчин, жолооч гээд нарийн мэргэжлээр сургасан. Ялангуяа, орон нутаг дахь Зэвсэгт хүчний ангиуд маань орон нутгийнхаа Мэргэжил, сургалт, үйлдвэрлэлийн төвтэй илүүтэй хамтран ажиллаж байна. Харин мэргэжлийн чиг баримжаа олгох сургалт 2012 оноос эхлүүлсэн ба одоогоор 3000 цэргийн алба хаагч хамрагдсан байгаа" гэв.

Түүнчлэн уг санамж бичигт цэргийн алба хаагчдад ажил мэргэжлийн чиг баримжаа олгох, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сургалт зохион байгуулах,  мэргэжил сурталчлах, чадварлаг боловсон хүчин болгоход чиглэсэн үйл ажиллагааг хамтран хэрэгжүүлэхийн хамт цэргийн алба хаагчдыг шинэ бүтээн байгуулалтын ажилд оролцуулахад харилцан дэмжлэг үзүүлэх тухай заалт ч оржээ.

Мөн цэргийн алба хаагчдын мэргэжил, ажлын дадлага, ур чадварыг нэмэгдүүлэх, цэргийн болон иргэний хос мэргэжил эзэмших, “Оюутан цэрэг” хөтөлбөр хэрэгжүүлэх,  Барилгын цэргийн ангийг түшиглэн сургалтын дадлагын газрыг  байгуулж,  цэргийн алба хаагчдад барилгын салбарын мэргэжил эзэмшүүлэхэд хамтран ажиллах боломж ч бүрдэж буй юм. Үүний тулд цэргийн алба хаагчдад мэргэжил эзэмшүүлэх чиглэлийг тогтоож,  чадамжид суурилсан сургалтын хөтөлбөр боловсруулахад дэмжлэг үзүүлэх, багш бэлтгэх,  чадваржуулахад хамтрах шаардлага тулгарч буй аж.

Санамж бичигт тусгасан өөр нэг чухал заалт нь автомашины засварчин,  мэргэшсэн жолоочийн чиглэлээр цэргийн алба хаагчдыг сургаж, зэвсэгт хүчний анги, салбарт жолооны сургалтын үйл ажиллагаа явуулахад хоёр тал хамтрахаар болж байна. Гэхдээ уг санамж бичиг зөвхөн хугацаат цэргийн алба хаагчдад хамаатай биш. Гэрээт цэрэг, түүнчлэн цэргийн албанд олон жил ажилласан офицер, ахлагч нарыг чөлөөнд гарахаас өмнө давхар мэргэжил эзэмшүүлж тэднийг бусад салбарт хөрвөн ажиллах боломжийг бий болгох,  Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төсөл, хөтөлбөрт хамруулахад  дэмжиж ажиллах юм. Мөн цэргийн алба хаагчдын сурах орчин, нөхцөлийг бүрдүүлэх, сургалтын хэрэглэгдэхүүн, анги танхимаар хангах, сургалтыг зохион байгуулахад мэргэжил арга зүйгээр хангах зэрэг үүргийг хоёр тал хүлээж байгаа.  

- See more at: http://www.mol.gov.mn/nodes/view/type:news/slug:%D0%A6%D1%8D%D1%80%D0%B3%D0%B8%D0%B9%D0%BD%20%D0%B0%D0%BB%D0%B1%D0%B0%20%D1%85%D0%B0%D0%B0%D0%B3%D1%87%D0%B4%D0%B0%D0%B4%20%D0%BC%D1%8D%D1%80%D0%B3%D1%8D%D0%B6%D0%B8%D0%BB%20%D1%8D%D0%B7%D1%8D%D0%BC%D1%88%D2%AF%D2%AF%D0%BB%D1%8D%D1%85%D1%8D%D0%B4%20%D1%85%D0%B0%D0%BC%D1%82%D0%B0%D1%80%D1%87%20%D0%B0%D0%B6%D0%B8%D0%BB%D0%BB%D0%B0%D1%85%D0%B0%D0%B0%D1%80%20%D0%B1%D0%BE%D0%BB%D0%BB%D0%BE%D0%BE#sthash.cHoe6VzC.dpuf
САНАЛ БОЛГОХ МЭДЭЭ МЭДЭЭЛЭЛ