ᠮᠤᠩᠭᠤᠯ ᠤᠯᠤᠰ ᠤᠨ ᠵᠠᠰᠠᠭ ᠤᠨ ᠭᠠᠵᠠᠷ
Хөдөлмөрийн сайд багш нарт мэндчилгээ дэвшүүлж, шагнал гардууллаа
Хөдөлмөрийн сайд багш нарт мэндчилгээ дэвшүүлж, шагнал гардууллаа

 Монголын хүүхдийн ордон өчигдөр хөл хөөр ихтэй өнжив. Багачуудын дуу хуур, инээд хөөр тасардаггүй эл өргөөнд энэ өдөр мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагын багш нар баяраа тэмдэглэсэн юм.

Монголын багш нарын 49 дэх өдрийг тэмдэглэх ёслолд Улаанбаатар хотноо үйл ажиллагаа 32 мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагын төлөөлөл болж 600 гаруй багш хүрэлцэн ирсэн байлаа.


Эрхэм багш нарын баярыг хуваалцахаар Монгол Улсын Засгийн газрыг төлөөлж ирсэн УИХ-ын гишүүн, Хөдөлмөрийн сайд Г.Баярсайхан ёслолыг нээж хэлсэн үгэндээ “Монгол түмэн эрт үеэс эрдэм оюуныг дээдэлж, багшаа эрхэмлэн хүндэтгэж, хүмүүн төрөлхтний их соёлтой хөл нийлүүлэн гэгээрсэн их түүх бидний өмнө бий. Өнөөдөр манай орны мянга мянган хүүхэд багачууд, иргэд, эзэмшсэн мэргэжил, ажил, бүтээлээрээ бахархаж яваа эрдэмтэн, зохиолч, инженер,  техникч, алтан гартай ажилчид чухам л багшийнхаа ачийг санаж, Та бүхэнд баяр, талархлын үгээ өргөж байна. Мэргэжилтэй ажилтан бэлтгэх салбарт өнөөдөр 2327 багш ажиллаж байгаагийн 67 хувь нь мэргэжлийн багш нар, 33 хувь нь ерөнхий эрдмийн багш байна. Тэдний дотор Монгол Улсын гавъяат багш 6, Боловсролын тэргүүний ажилтан 117, мастер болон ахлах багш 648 ажиллаж байгаагийн зэрэгцээ ажил мэргэжлийн улсын аварга 21  багш, мөн төгсөгчдийн дотроос ажил мэргэжлийн 34 аварга төрөн гарчээ. Манай багш нар ажил мэргэжилдээ үнэнч байж, баялаг бүтээгч мэргэжилтэй ажилтнуудыг сургаж бэлтгэх, мэргэшүүлэх, төлөвшүүлэх замаар эх орныхоо хөгжил, бүтээн байгуулалтад үнэтэй хувь нэмэр оруулсаар байгааг  тэмдэглэн хэлэхэд таатай байна” хэмээн баярт ирсэн багш нарт төдийгүй салбарынхаа нийт багш сурган хүмүүжүүлэгчдэд талархал илэрхийлсэн.

Монгол Улсын Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөр, “Ажилтай орлоготой монгол хүн” хөтөлбөрийн хэрэгжилтийн хүрээнд эх орны маань үйлдвэрлэл, үйлчилгээний салбарууд улам бүр өргөжин тэлж, шинэ техник, технологи, инноваци, бүтээмж хөгжлийн өнгө төрхийг тодорхойлох боллоо. Өнөө цагийн энэхүү шаардлагыг хангахуйц баялаг бүтээгчдийг бэлтгэх, тэдний мэргэжлийн ур чадварыг өндөржүүлэх нь мэргэжлийн боловсрол, сургалтын эн тэргүүний зорилт гэдгийг Хөдөлмөрийн сайд онцлоод “Хөгжлийн эрэлт, ажил олгогчийн шаардлагыг хангасан, мэргэжлийн өндөр ур чадвартай, хөдөлмөрийн соёлтой, санаачилга, хариуцлагатай мэргэжилтэй ажилтан бэлтгэх нь багшийн чадвар, сургалтын чанараас шууд шалтгаална.  Сургалтын чанар гэж бид их ярьдаг. Энэ чиглэлээр хийсэн зүйл, ахиц өөрчлөлт бий. Гэвч  үр дүн нь бидний хүсч хүлээсэн түвшинд хүрээгүй байгааг хэлэх хэрэгтэй.  Судалгаанаас үзэхэд, мэргэжлийн нийт багш нарын 13.1 хувь нь л мастер, ахлах багш, мөн үйлдвэр, аж ахуйн нэгжид ажиллаж байсан мэргэшсэн багш 16.7 хувь байгаа нь тийм ч хангалттай үзүүлэлт биш юм. Нийт багш нарын маань 40 шахам хувь 1-4 жил ажиллаж байгаа залуу багш байгаа нь тэднийг мэргэшүүлж, туршлагажуулах багагүй ажил хийх шаардлагатай буйг харуулж байна.  Багш бэлтгэх, давтан сургах, мэргэшүүлэх, бие даасан бүтэц зохион байгуулалтыг бий болгох, мэргэжлийн багш нарынхаа ур чадварыг үйлдвэрлэлд ажиллаж байгаа өндөр мэргэшсэн инженер техникийн ажилтны түвшинд хүргэх, заах арга, сургалтын идэвхитэй хэлбэрүүдийг эзэмшүүлэх, нийгмийн түншлэлийн өргөн боломжийг сургалтад ашиглах, багш нарын нийгмийн асуудлыг алхам алхмаар шийдвэрлэх зэрэг нь бидний үйл ажиллагааны гол чиглэлүүд гэж үзэж байна. Мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагууд “Мэргэжлийн боловсрол, сургалтын багшийн хөгжил” хөтөлбөр, түүний зорилт, хийж хэрэгжүүлэх ажлуудыг багш, хамт олондоо сайтар таниулж, арга хэмжээ бүрийг судалгаа тооцоотой, бэлтгэл сайтай зохион байгуулж үр дүнд хүргэх нь юунаас чухал” хэмээн тухайн салбарт барьж ажиллах бодлогоо товч танилцуулсан. 


Мөн уг ёслолд оролцсон Техник, мэргэжлийн сургуулиудын холбооны тэргүүн, гавьяат багш Ж.Юра Монголын багш нарын баярын өдрийн мэндчилгээ дэвшүүлсэн бол багш нарыг төлөөлж багш мэргэжлийн бахархлын талаар Монгол-Солонгосын Политехник коллежийн багш Ч.Алтанцэцэг санал бодлоо хуваалцаж, шинэ залуу багш нарыг төлөөлж Техник технологийн дээд сургуулийн багш Х.Төмөрчөдөр үг хэлсэн юм. Тэрбээр гагнуурчны мэргжил эзэмшиж улмаар мэргэжлээ ахиулан суралцаж багш болсон төдийгүй 2015 онд багшлах эрхийн үнэмлэхээ авсан бөгөөд багш мэргэжлээр хөгжих боломжийн талаар ярьсан нь хуралд оролцогсдод тун ч их таалагдсан.


Монгол Улсад мэргэжлийн боловсрол олгодог сургалтын байгууллага 82 бий. Төрийн болон хувийн өмчийн эдгээр сургуульд нийтдээ 42 мянга гаруй залуус сурч, тэдэнд 2400 шахам мэдлэг мэргэжил эзэмшүүлж буй юм. Тус салбарынхан жил бүрийн наймдугаар сард цуглан шинэ хичээлийн жилийн зорилтоо тодорхойлдог. Тэр дагуу өнгөрсөн наймдугаар сарын 25-26-нд Сэлэнгэ аймгийн Сүхбаатар хотод Багш нарын бага хурлаа зохион байгуулан шинэ хичээлийн жилийн зорилтоо “Чадвартай багш, Чанартай сургалт, Чадамжтай төгсөгч” хэмээн томъёолсон билээ. Зорилтоо амжилттай хэрэгжүүлэхийн тулд мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллага бүр, багш бүхэн санаачилгатай, хариуцлагатай байж, нийгмийн түншлэлийн байгууллагуудтай хүчин чармайлтаа нэгтгэж ажиллах нь чухал гэдгийг хурлын үеэр онцолж байсан.

Мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагын багш, захирал, сургалтын менежер зэрэг 70 хүнийг Засгийн газрын шагнал Хөдөлмөрийн салбарын тэргүүний ажилтан, Боловсролын тэргүүний ажилтан, Барилгын салбарын тэргүүний ажилтан цол тэмдэг болон яамны Жуух бичгээр  шагнасныг Хөдөлмөрийн сайд Г.Баярсайхан, тус яамны МБСБЗГ-ын дарга А.Халиунаа, Техник мэргэжлйин сургуулиудын холбооны тэргүүн Монгол Улсын гавьяат багш Ж.Юра болон албаны бусад хүмүүс гардуулж баяр хүргэлээ. Мөн энэ өдөр Техник, мэргэжлийн сургуулиудын холбооны “Мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагын шилдэг ажилтан” цол тэмдгийн эзнээр найман  багш тодорсон.

Багш нарын баярын арга хэмжээнд түрлэг нэмсэн Хүндэтгэлийн концертыг мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагуудын багш, суралцагчдын хүчээр босгосон аж. Салбарын хамгийн авьяаслаг багш сурагчид оролцсон концертын үзүүлбэр бүрийг үзэгчид нижигнэсэн алга ташилтаар мялааж байсан юм. 

- See more at: http://www.mol.gov.mn/nodes/view/type:news/slug:%D0%A5%D3%A9%D0%B4%D3%A9%D0%BB%D0%BC%D3%A9%D1%80%D0%B8%D0%B9%D0%BD%20%D1%81%D0%B0%D0%B9%D0%B4%20%D0%B1%D0%B0%D0%B3%D1%88%20%D0%BD%D0%B0%D1%80%D1%82%20%D0%BC%D1%8D%D0%BD%D0%B4%D1%87%D0%B8%D0%BB%D0%B3%D1%8D%D1%8D%20%D0%B4%D1%8D%D0%B2%D1%88%D2%AF%D2%AF%D0%BB%D0%B6,%20%D1%88%D0%B0%D0%B3%D0%BD%D0%B0%D0%BB%20%D0%B3%D0%B0%D1%80%D0%B4%D1%83%D1%83%D0%BB%D0%BB%D0%B0%D0%B0#sthash.MwOwcGqf.dpuf
САНАЛ БОЛГОХ МЭДЭЭ МЭДЭЭЛЭЛ