ᠮᠤᠩᠭᠤᠯ ᠤᠯᠤᠰ ᠤᠨ ᠵᠠᠰᠠᠭ ᠤᠨ ᠭᠠᠵᠠᠷ
Г.Баярсайхан: Ажилгүйдлийг даван туулах хүсэлтэй хүн бүрийг дэмжиж ажиллана
Г.Баярсайхан: Ажилгүйдлийг даван туулах хүсэлтэй хүн бүрийг дэмжиж ажиллана

 Хөдөлмөрийн салбарын ажилтны өдрийг угтсан олон ажлын нэг “Ажилгүйдлийг даван туулцгаая” өдөрлөг өнөөдөр МҮЭ-ийн Соёлын төв ордонд боллоо. Нийслэлийн Баянгол дүүргийн Хөдөлмөрийн хэлтсээс зохион байгуулсан эл өдөрлөг тус дүүргийн аж ахуйн нэгж байгууллагынхан, хувиараа хөдөлмөр эрхлэгчид, мэргэжлийн сургуулиудын төлөөлөл гээд оролцогч олонтой, сонирхож очсон үзэгч бүр ч олонтой байсан юм.

Өдөрлөгийн нээлтийн ёслолд оролцсон Хөдөлмөрийн сайд Г.Баярсайхан Засгийн газрын мөрийн хөтөлбөрийг амжилттай биелүүлж,  “Ажилтай, орлоготой монгол хүн” үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд хөдөлмөр зүтгэлээрээ хувь нэмрээ оруулж байгаа баянголчуудад талархал илэрхийлэхийн хамт Хөдөлмөрийн яамнаас хөдөлмөр эрхлэлтийг дэмжих чиглэлээр хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрт хамрагдаж, хямралын энэ цаг үед ч гар хумхин суулгүй хөдөлмөрлөж, хөдөлмөрийнхөө үр шимийг хүртэж, өөрийгөө төдийгүй бусдыг ажилтай орлоготой байлгахын төлөө зүтгэж буй хүмүүсийг шагнаж урамшуулсан юм.  Сайдын тушаалаар тус дүүргийн иргэн Т.Адьяадорж, Ш.Энхтуяа нар Хөдөлмөрийн яамын жуух бичгээр шагнууллаа. Мөн ажлын байр олныг бий болгосон, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг сургаж ажилд авсан, хамтарч хөдөлмөрлөөд амжилтад хүрсэн гээд энэ өдөр олон хүн шагнал гардлаа. Тэдний нэг “Жи Эм Би Эй” компани авто машины засварын газартаа таван хүнийг сургаж дадлагажуулан ажилд авсан. Харин ноос ноолуурын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг  “Би Си Говь” компани хөгжлийн бэрхшээлтэй дөрвөн хүнийг нэхмэлийн машин дээрээ сургалж дадлагажуулан ажлын байраар хангаж буй гэнэ. Барилгын политехникийн коллежийн засал чимэглэлийн багийнхан Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас 10 сая төгрөгийн тоног төхөөрөмжийн дэмжлэг авахаар болж батламжаа Хөдөлмөрийн сайдаас гардлаа. Шагнал гардуулах үеэр сайд ажилгүйдлийг даван туулахын төлөө зүтгэж буй хүн бүрийг дэмжих бодлого барьж ажиллахаа хэлж байсан.

Баянгол дүүргийн хувьд 2012-2015 оны байдлаар Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас  255 иргэн, 41 нөхөрлөл, хоршоонд нийт нэг тэрбум 500 сая орчим төгрөгийн зээл олгожээ. Үүний үр дүнд 1100 орчим байнгын ажлын байрыг шинээр бий болгож, 282 ажлын байрыг хадгалж чадсан байна. Дүүргийн Хөдөлмөрийн хэлтэст өнөөдрийн байдлаар 1284 иргэн ажил хайгчаар бүртгүүлсэн байгаа бөгөөд зөвхөн энэ онд 1096 иргэнийг байнгын ажлын байранд зуучилжээ.

Өдөрлөгийн үеэр Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төсөл хөтөлбөрт хамрагдаж, санхүүгийн дэмжлэг авч үйлдвэрлэл явуулж буй хувь хүн, аж ахуйн нэгжүүдийн бүтээгдэхүүн үйлчилгээгээг сурталчлах үзэсгэлэн худалдаа зохион байгуулсан юм. Үзэсгэлэнд хүнсний төрөл бүрийн бүтээгдэхүүн, ноос ноолууран эдлэл, эсгий даавуу, арьс ширээр урласан хувцас гоёл чимэглэл, мод, чулуугаар хийсэн урлагийн бүтээл гээд юм юм байв.  Бүтээгдэхүүнээ дэлгэн борлуулж буй хүмүүстэй Хөдөлмөрийн сайд Г.Баярсайхан уулзсан. Тэдний нэг Ц.Өнөржаргал өрхийн үйлдвэрлэлээр эсгий улавч, шаахай, ажлын хувцас, дулаан хүрэм гээд хэд хэдэн төрлийн бүтээгдэхүүн гаргадаг гэнэ. Өөрөө хөдөлмөрийн чадьараа 60 хувь алдсан ч оёдол эсгүүрийн бүхий л ажлаа нөхөр хүүхдүүдтэйгээ хамтраад мөн дөрвөн ажилчин хөлслөөд үйлдвэрлэлээ явуулж байгаагаа танилцуулсан. Хөдөлмөрйин хэлтэстэйгээ тэр бүр ойр байж чаддаггүй байснаа ойлгож одооноос төсөл хөтөлбөрт хамрагдах тухай бодож байгаа гэж байсан.

“Эко-20” нэртэй ногоочдын бүлэг Баянгол дүүргийн Хөдөлмөрийн хэлтсээр дамжуулан  Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас дэмжлэг авч хоёр жил ногоо тарьж буй гэнэ. Энэ тухай Хөдөлмөрийн сайдад танилцуулсан З.Энхтуяа хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөрийн үр шимийг хүртэж буй бүлгийнхэнд нь тарьсан ногоогоо борлуулахад л хүндрэл учирдаг талаар дуулгасан.

“Ажилгүйдлийг даван гарцгаая” өдөрлөгийг зорьж ирсэн олон хүн эндээс ажлын байртай болсон байх. “Хулан уул” ХХК “Efes” сүлжээ дэлгүүр, зоогийн газартаа ажчилтан авахаар бүртгэж байсан бол “UBee” хүргэлтийн хоолныхонд ч мөн ажиллах хүч хэрэгтэй байгаа гэнэ. Барилгын “Си Эйч Си”, Залуучуудын хөдөлмөрийн төв бирж, “Таван Богд фүүдс”, “Good price” гээд олон компани өөрт хэрэгтэй ажлын байранд тохирох боловсон хүчин олохоор өдөрлөгт оролцож байлаа. Ажил олгогчдын хувьд Хөдөлмөрийн яармагт оролцох нь олон хүнд мэдээллээ хүргэх сайн талтай байдгийг онцолсон.  

- See more at: http://www.mol.gov.mn/nodes/view/type:news/slug:%20%D0%93.%D0%91%D0%B0%D1%8F%D1%80%D1%81%D0%B0%D0%B9%D1%85%D0%B0%D0%BD:%20%D0%90%D0%B6%D0%B8%D0%BB%D0%B3%D2%AF%D0%B9%D0%B4%D0%BB%D0%B8%D0%B9%D0%B3%20%D0%B4%D0%B0%D0%B2%D0%B0%D0%BD%20%D1%82%D1%83%D1%83%D0%BB%D0%B0%D1%85%20%D1%85%D2%AF%D1%81%D1%8D%D0%BB%D1%82%D1%8D%D0%B9%20%D1%85%D2%AF%D0%BD%20%D0%B1%D2%AF%D1%80%D0%B8%D0%B9%D0%B3%20%D0%B4%D1%8D%D0%BC%D0%B6%D0%B8%D0%B6%20%D0%B0%D0%B6%D0%B8%D0%BB%D0%BB%D0%B0%D0%BD%D0%B0#sthash.20R8d04v.dpuf
САНАЛ БОЛГОХ МЭДЭЭ МЭДЭЭЛЭЛ