ᠮᠤᠩᠭᠤᠯ ᠤᠯᠤᠰ ᠤᠨ ᠵᠠᠰᠠᠭ ᠤᠨ ᠭᠠᠵᠠᠷ
Засгийн газрын хуралдаан боллоо
Засгийн газрын хуралдаан боллоо

Засгийн газрын ээлжит хуралдаан 8 дугаар сарын 31-нд болж, дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.

Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийг хэрэгжүүлэх журам батлагдлаа

Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийг хэрэгжүүлэх журмыг Засгийн газраас баталлаа. Хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Сангийн яам, Хууль зүйн яам, Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яам, Татварын ерөнхий газар, Гаалийн ерөнхий газар, Улсын бүртгэлийн ерөнхий газар, Нийгмийн даатгалын ерөнхий газарт тус тус даалгахаар шийдвэрлэлээ.

УИХ 2015 оны 8 дугаар сарын 7-ны өдөр Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийг батлан гаргасан. Энэ хуулиар хувь хүн, хуулийн этгээд бусдын нэр дээр бүртгүүлсэн, нуун дарагдуулсан өөрийн өмчлөлийн хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй адилтгах бусад хөрөнгө, олсон орлого, үзүүлсэн үйлчилгээгээ сайн дурын үндсэн дээр ил тод болгон үнэн зөв, шударгаар санхүү, татварын болон нийгмийн даатгалын тайланд тусгаж, шинээр тайлагнасан, гаалийн байгууллагад нөхөн мэдүүлсэн, улсын бүртгэлд шинээр бүртгүүлсэн тохиолдолд холбогдох хуулиар хүлээлгэх хариуцлагаас нэг удаа чөлөөлөхөөр шийдвэрлэсэн бөгөөд хууль хэрэгжүүлэх журмыг Засгийн газар батлан гаргахаар заасан байна.

Хуулийг хэрэгжүүлэх асуудлаар санхүү, татвар, гааль, улсын бүртгэлийн алба болон нийгмийн даатгалын газар нь харьяаллын дагуу иргэд, хуулийн этгээдтэй харилцаж, зөвлөгөө туслалцаа үзүүлж ажиллах бөгөөд уг хуулийг хэрэгжүүлэх асуудлаар тусгай сургалтад сууж, нууцын баталгаа гаргасан томилогдсон албан тушаалтан ажиллана. Хуулийн хэрэгжилтийг хурдан шуурхай явуулах зорилгоор  хууль хэрэгжих хугацаанд буюу 2015 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 24 цаг хүртэл ажлын цаг харгалзалгүйгээр цахим бүртгэл явуулахаар журамд тусгаснаас гадна интернет сүлжээгээр бүртгэл хийлгэх боломжгүй тохиолдолд цаасаар мэдээлэл авах салбарыг нийтэд зарлах юм байна.

Журмаар ил тод болгож байгаа мэдээллийг нууцлах, мэдээлсэнтэй холбогдуулж иргэн, хуулийн этгээдэд захиргааны болон эрүүгийн хэрэг үүсгэхгүй байх, гүйцэтгэх ажиллагаа явуулахгүй байх, ил болгосон мэдээллийг нотлох баримтаар авч үзэхгүй байх, бүртгэлийг баталгаажуулж хүлээн авсан тохиолдолд албан тушаалтныг гүйцэтгэсэн ажилтай нь холбогдуулан байцаах, хэргийн оролцогчоор татах зэрэг ажиллагааг хориглосон. Түүнчлэн иргэн, хуулийн этгээдийн гаргаж өгсөн мэдээллээс өөр мэдээлэл нэмж шаардахыг хориглолоо.

Давсны хэрэглээг бууруулах үндэсний стратегийг хэрэгжүүлнэ

Засгийн газраас Давсны хэрэглээг бууруулах үндэсний стратегийг баталлаа. Стратегийг 10 жилийн хугацаанд хэрэгжүүлэх бөгөөд хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөг хамтран баталж, хэрэгжилтийг төрийн болон төрийн бус байгууллагын оролцоо, хамтын ажиллагаанд тулгуурлан удирдлага, зохион байгуулалт, мэдээллээр хангаж ажиллахыг Эрүүл мэнд, спортын сайд Г.Шийлэгдамба, Хүнс, хөдөө аж ахуйн сайд Р.Бурмаа нарт даалгасан байна.

Дэлхийн эрүүл мэндийн байгууллага /ДЭМБ/-аас 2010 онд хүн амын давсны хэрэглээг өдөрт 5 грамм хүртэл багасгахад тархины цус харвалтыг 24 хувь, зүрх судасны өвчнийг 18 хувиар бууруулж, халдварт бус өвчний шалтгаант нас баралтыг бууруулах боломжтойг тогтоож, 2025 он гэхэд давсны хэрэглээг 30 хувиар бууруулах зорилт дэвшүүлэн энэ чиглэлийг бодлого стратеги болгон хэрэгжүүлэхийг гишүүн орнуудын Засгийн газарт зөвлөжээ. Монгол хүн хоногт 11.1 грамм /баруун бүсийн аймгуудад 15.6 грамм/ давс хэрэглэж байгаа нь ДЭМБ-аас зөвлөмж болгож байгаа хоногт 5 грамм хэрэглэх хэмжээнээс даруй 2 дахин өндөр байна.  Монголчуудын нийтлэг хэрэглэдэг хүнсний бүтээгдэхүүний 81.6 хувь, нийтийн хоолны 83.6 хувь нь олон улсын жишгээр “давс ихтэй” ангилалд байна.

Иймд хүн амын давсны хоногийн хэрэглээг 2025 он гэхэд 30 хувиар бууруулах зорилгоор үндэсний стратегийг боловсруулжээ. Стратегийг хэрэгжүүлснээр давсны хэт хэрэглээтэй холбоотой үүсэх өвчлөлийн түвшин буурах эерэг нөлөө үзүүлэх төдийгүй урьдчилсан судалгаагаар эдийн засагт ч эерэг нөлөө үзүүлэх дүн гарчээ.

Томоохон төсөл, арга хэмжээ хэрэгжүүлэгч хуулийн этгээдийн жагсаалтыг баталлаа

Улсын чанартай томоохон төсөл, арга хэмжээ хэрэгжүүлэгч хуулийн этгээдийн жагсаалтыг баталлаа. Жагсаалтад багтсан хуулийн этгээдийн төлөх ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг улсын төсөвт төвлөрүүлэх арга хэмжээнд хяналт тавьж ажиллахыг Сангийн сайд, Уул уурхайн сайд нарт тус тус даалгалаа. 

Уул уурхайн салбараас орох орлогоос орон нутгийн төсөвт төвлөрүүлэх хэмжээг зохистой хэмжээгээр нэмэгдүүлэх зорилгоор Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Хүний хөгжил сангийн хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийг УИХ баталж, хуулиар томоохон төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэгч хуулийн этгээдийн төлсөн ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн орлогыг хассан зөрүүний 30 хувийг орон нутагт төвлөрүүлэхээр тусгаж, хуулийн этгээдийн жагсаалт батлах эрхийг Засгийн газарт олгосон. Хуулийн хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд улсын чанартай томоохон төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэгч хуулийн этгээдийн жагсаалтыг Засгийн газраас баталж, 2016 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс хэрэгжүүлэхээр шийдвэрлэлээ.

Урьдчилсан тооцоогоор аймаг, нийслэлийн орон нутгийн хөгжлийн санд ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрөөр 20 орчим тэрбум төгрөг төвлөрөхөөр байна.

72 бага сургууль, цэцэрлэг барих концессын гэрээг шинээр байгуулах эрх олголоо

Концессын “барих-шилжүүлэх” төрлөөр хэрэгжүүлэх “Бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор төсөл”-ийн Концессын гэрээг “Топ Интернэшнл Инженеринг Монголиа” ХХК-тай шинээр байгуулах эрхийг Хөрөнгө оруулалтын газарт олгож, гэрээ байгуулах ажлыг холбогдох хууль тогтоомжийн дагуу удирдан зохион байгуулахыг Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбатад даалгалаа. Төслийн хүрээнд 72 бага сургууль, цэцэрлэг барихад шаардлагатай газрын асуудлыг холбогдох хууль тогтоомжийн дагуу шийдвэрлэхийг тухайн шатны Засаг дарга нарт, өндөр ур чадвартай ажиллах хүч, мэргэжилтэн авч ажиллуулан тэдгээрт Монгол Улсад хөдөлмөр эрхлэх зөвшөөрөл олгох асуудлыг холбогдох хууль тогтоомжийн дагуу шийдвэрлэхийг Хөдөлмөрийн сайдад тус тус даалгахаар боллоо.

Засгийн газар 2 дугаар сарын 18-нд “Рич Голден Буллс Эдукэшн” ХХК-тай “Бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор төсөл”-ийн гэрээг байгуулсан боловч концесс эзэмшигч нь гэрээний заалтыг биеүүлээгүй учраас гэрээг цуцалж, концессын гэрээний урьдчилсан нөхцөлийн дагуу төслийн эхний ээлжийн санхүүжилтийн 30 хувийг өөрийн харилцах дансанд байршуулж, барилгын ажлыг нэн даруй эхлүүлэхэд бэлэн болсон Топ Интернэшнл Инженеринг Монголиа” ХХК-аар гүйцэтгүүлэхээр шийдвэрлэлээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ. 

ТОВЧ МЭДЭЭ:

- Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэнгийн 2015 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр Норвегийн Вант улсад хийх албан ёсны айлчлал, 15-16-ны өдрүүдэд Стокгольм хотноо болох Ардчилал, сонгуульд дэмжлэг үзүүлэх олон улсын хүрээлэнгийн 20 жилийн ойн арга хэмжээнд оролцох үеэр Монголын талаас баримтлах удирдамжийн төслийг хэлэлцээд Ерөнхий сайдаар батлуулахаар тогтов.

- Худалдан авах ажиллагааны Улсын ерөнхий байцаагчаар Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга /Х.Ганцогт/-ыг томиллоо.

-  Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2015 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн биелэлттэй холбогдуулан биелэлт удаашралтай байгаа арга хэмжээний хэрэгжилтийг эрчимжүүлж, үндсэн чиглэлийн биелэлтийг тогтоосон хугацаанд тайлагнаж байхыг Засгийн газрын гишүүдэд үүрэг болголоо.

- 2015 оны 6 дугаар сард Улаанбаатар хотноо зохион байгуулагдсан Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны Монгол, Беларусийн Засгийн газар хоорондын комиссын дүнгийн тухай Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн Засгийн газрын гишүүдэд танилцууллаа. Үүнтэй холбогдуулан уг хуралдааны мөрөөр хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөг батлан хэрэгжилтэд нь хяналт тавьж ажиллахыг Барилга, хот байгуулалтын дэд сайд бөгөөд тус комиссын Монгол хэсгийн дарга Г.Байгалмаад даалгав.

САНАЛ БОЛГОХ МЭДЭЭ МЭДЭЭЛЭЛ