Д.Батбилэг:Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тал дээр дэмжиж ажилладаг

Нэмэгдсэн: 2015-08-28

Д.Батбилэг:Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тал дээр дэмжиж ажилладаг

    Нийслэлийн 6 дүүргээс бүтээн байгуулалт, орчин, дэд бүтцээрээ аргагүй ялгардаг дүүрэг бол Хан-Уул дүүрэг яахын аргагүй мөн. БНСУ-ын Сөүл хоттой газар нутгийн хэмжээгээрээ ижил гэгддэг энэ дүүргийн ИТХ-ын дарга Д.Батбилэгтэй тухтай ярилцах боломж олдсон юм. Түүнтэй ярилцаж байхад Хан-Уул дүүрэг нь бүхий л бололцоогоо ашиглан бүтээн байгуулалт, дэд бүтцийн ажлыг хийж байгаа гэдгээрээ их бахархдаг юм шиг анзаарагдсан. Ингээд түүнтэй ярилцсанаа хүргэе.

-Танай дүүрэгт хамгийн их бүтээн байгуулалт, дэд бүтцийн ажлууд хийгдсэн гэж сонссон. Яг ямар ажлууд ингэж хэлэхэд хүргэв?

Манай дүүрэг чамлахааргүй олон томоохон ажлуудыг өнгөрсөн хугацаанд хийлээ. Тухайлбал хэний ч өмнө нүүр улайхааргүй гэр хорооллыг бүрэн гэрэлтүүлэгтэй болголоо. Хуучин Шувуу, Био руу явах гэж 2 цаг зарцуулдаг байсан бол одоо замын асуудлаа бага багаар шийдсэний ачаар дүүрэг дотроо ямар ч түгжрэлгүй зорчих боломжтой болсон. Мөн сургууль, цэцэрлэгийн асуудлыг шийдэхээс гадна хуучин хог овоордог байсан газарт цэцэрлэгт хүрээлэн бий болгосон гээд нилээдгүй олон ажлууд хийгдсэн. Хамгийн гол нь Нисэх, Яармаг руу халуун, хүйтэн ус явуулахаар гэрээ байгуулаад энэ жилдээ хийхээр төлөвлөж байна. Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газартай гэрээгээ байгуулсан байгаа. Энэ бол том ололттой ажил юм.

-Танай дүүргийн түүхт 50 жилийн ой ирэх 10 сард болно гэсэн. Ойгоо хэрхэн тэмдэглэх гэж байна?

Бид 50 жилийнхээ ойд зориулан иргэддээ хийсэн ажлаа тайлагнах зорилготой ажиллаж байна. Хийсэн ажилтай, нүдэнд харагдахуйц бүтээн байгуулалттай дүүрэг гэдгээ иргэддээ тайлагнах нь чухал болохоос хий дэмий төсөв гаргаж шоу хийх бодол огт алга. 50 жилийн ойдоо зориулан “Хоггүй-Дүүрэг” болохын төлөө хичээн ажиллаж байна. Энэ зорилтыг маань дүүргийн залуучууд их дэмжин ажиллаж байгаад талархаж байгаа. Энэ хүрээнд олон ч шат дараалсан ажлууд хийгдэж байна. Цаашид бидэнд хийхээр төлөвлөсөн маш олон ажил, санаа оноо байгаа.

-Цаашид ямар ажлуудыг хийх төлөвлөгөөтэй байгаагаа та дэлгэрүүлэхгүй юу?

Бидний зорьж байгаа нэг ажил бол дүүрэгтээ аялал жуулчлалыг хөгжүүлэх явдал юм. Манай ХУД-ийн нутаг дэвсгэр дээр Тоорил хааны болон Чингисийн Есүгэн хатны туурь байдаг гэж үздэг. Энэ нь шинжлэх ухааны үндэслэлтэйгээр тогтоогдсон. Үүнийг аялал жуулчлалын чиглэлдээ ашиглах боломжтой гэж үзэж байгаа. Мөн Туул голынхоо эрэг дагуу аялал жуулчлал, амралтын бүс байгуулах бодол байна. Үүнээс гадна Богд Хан уулынхаа нэг өндөрлөг хэсэгт жуулчдад зориулсан дуран зооё гэсэн бодол байдаг. Учир нь унаган байгальтай орчинд Нийслэл хотыг олон талаас нь дурандах орчин бий болно гэсэн үг. Манай иргэд ч мөн амралт, чөлөөт цагаараа гэр бүлээрээ ууланд алхах, орчиноо дурандах бүрэн боломжтой болгох юмсан гэсэн үүднээс ажил болгох бодол байна.

Нөгөөтэйгүүр цаашид хийгдэх ажлын төлөвлөгөөнд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн холбоог дэмжиж ажиллах талаар тусгагдсан. Танил талаараа бүрдсэн хэсэг хэсэг тамга барьсан холбоодууд яваад байдаг. Манай дүүрэг дээр 4,5 иймэрхүү хороод байна. Тэд нарыг нэгдсэн зохион байгуулалттай болгож дэмжмээр байна. Ингэснээр илүү үр дүнтэй, системтэйгээр тэдний нийгмийн асуудалд анхаарах нөхцөл бүрдэнэ. Мөн бид дүүргийнхээ ахмадын хороотой хамтран олон ажил хийхээр төлөвлөж байна. Гэртээ гунихраад сууж байгаа, амьдралаас уйдчихсан, хүн хайхардаггүй маш олон иргэд байдаг. Тэдгээр хүмүүсийг нийгэмд татан оруулмаар байна. Тиймээс энэ ажилтай уялдаад Ахмадын цогцолборыг барих талаар хэлэлцүүлэг явж байна.

-Дүүргийн ИТХ-ын даргын хувьд таны шууд удирдлаган доор ямар ажлууд хийгдээд, үр дүн нь гараад явж байна вэ?

Миний удирдлаган доор 2 үндсэн ажлын хэсэг байдаг. Үүнд:

1.  Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зөвлөл. Энэ зөвлөлд дүүргийн шүүх, эрүүл мэндийн төв, цагдаагийн 1,2 хэлтэс, боловсролын хэлтэс болон прокурор зэрэг нэгжүүд харьяалагддаг.

2.  Улаан загалмайн нийгэмлэг.

Тиймээс гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд олон ажлууд хийгдэхээр төлөвлөгдөөд байна. Саяхан бид прокурорын 85 жилийн ойг тохиолдуулаад ажиллах нөхцөл байдлыг нь сайжруулах талаас нь  дэмжлэг үзүүлж иж бүрэн компьютер өгсөн. Яг үнэндээ манай онцгой нөхцөлд ажилладаг төрийн албан хаагчдад ажлын багаж хэрэгсэл, ажиллах орчин их чухал байдаг нь анзаарагддаг. Бодит байдал дээр зургийн аппарат, ширээ сандал ч үгүй мөрдөн байцаагч нар байна ш дээ. Тиймээс ганц компьютер гэж харахаас илүүтэйгээр бага ч болов ажилд нь дэмжлэг үзүүлэхийг хичээдэг.

Ойрын ажлын төлөвлөгөөнд цагдаа, онцгой байдал, прокурорын газрын ажиллах нөхцөл байдлыг сайжруулахын тулд илүү олон чиглэлээр туслаж, дэмжих бодолтой байгаа. Төрөөс эдгээр байгууллагуудад өгдөг төсөв нь хангалтгүй байдаг учраас бага ч болов туслалцаа их хэрэгтэй байдаг. Бид эргүүл хийхэд нь шатахуунаар хангаж, хороодоор эргүүлд гарахад нь урамшуулал олгодог. Түүнчлэн үйл ажиллагааны зардлыг нь бас өгдөг. Замын цагдаагийн газартай хамтран нисэхийн дугуй тойрог, Яармагийн замд 4 тийшээ харсан камерыг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх сангийн мөнгөөр тавихаар баталсан. Мөн прокурорын газарт иргэдэд мэдээлэл хүргэх зорилгоор Монголд гуравхан байдаг том дэлгэц авахаар төсвийг нь сая баталлаа.

Улаан загалмайн нийгэмлэгийн хувьд манай дээр хэд хэдэн төслүүд хэрэгждэг. Манай дүүрэг дээр Улаан загалмайн 3,4 хэсэг ядарсан хүмүүс байдаг. Бид тэдэнд гэр өгч, хүнсний багц өгөх зэргээр дэмжлэг үзүүлдэг. Мөн Улаан загалмайн хороон дээр  үйл ажиллагааны зардал гэж бас өгч байгаа. 

-Танай дүүрэг дээр сургууль цэцэрлэгийн засвар, шинээр ашиглалтанд  орох ажлууд хэр явж байна вэ?

Сургууль, цэцэрлэгийн бүртгэлийн ажил эхлээд жигдэрээд байна. Өнгөрсөн долоо хоногт  Боловсролын хэлтсийн даргатайгаа хамтран Морингийн даваа, Өлзийт-д баригдаж буй барилгын ажилтай танилцлаа. Ер нь бүрэн дуусах шатандаа орсон байна.  Харин Шувуун фабрикт барилгын ажил 80 хувьтай явагдаж байгаа бол Буянт ухаа-1 дээр 100 гаруй хүүхдийн багтаамжтай 2 цэцэрлэг, орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр 10 дугаар хороонд нэг цэцэрлэг тус тус ашиглалтанд орж байна. Цэцэрлэгийн эрхлэгч нар нь томилогдчихсон,  9 сарын 1-нд хүүхүүдээ хүлээж авахад бэлэн байна. Шинэ Яармаг хороолол сарын өмнө тохиролцоонд хүрч, туслах ажилчидаа Яармагийн залуучуудыг сургаж авъя гэсэн.

Хийж буй ажлынхаа талаар бидэнд дэлгэрэнгүй мэдээлэл өгсөнд баярлалаа.

Эх сурвалж: ARSLAN.MN

Санал болгож байна
Төрийн байгууллагуудын мэдээлэл