ᠮᠤᠩᠭᠤᠯ ᠤᠯᠤᠰ ᠤᠨ ᠵᠠᠰᠠᠭ ᠤᠨ ᠭᠠᠵᠠᠷ
Засгийн газрын ээлжит хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ
Засгийн газрын ээлжит хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ

Ургацын урьдчисан балансын дүнг Хүнс, хөдөө аж ахуйн сайд Р.Бурмаа танилцууллаа.

Ургацын урьдчилсан балансаар 265.0 мянган тонн үр тариа, үүнээс 252.3 мянган тонн буудай, 117.3 мянган тонн төмс, 75.3 мянган тонн хүнсний ногоо, 28.7 мянган тонн тосны ургамал, 53.9 мянган тонн тэжээлийн ургамал  хураан авах төлөвтэй байна. Таримал ургамлын чийгэнд хамгийн эмзэг үе болох бутлалтаас гол хатгалтын үе буюу 6 дугаар сарын 10-аас 7 дугаар сарын 8-ныг хүртэлх хугацаанд тариалангийн гол бүс нутгаар хур бороо багатай байж, хэт их халснаас ургамлын ургалт, өсөлт хөгжилтөд сөргөөр нөлөөлжээ. Байгаль, цаг уурын давагдашгүй хүчин зүйлийн нөлөөгөөр улаан буудайн 49.9 мянган га талбай ургац алдаж, 32.5 мянган га талбай тэжээлд шилжсэнээр улаанбуудай тариалсан талбайн 77,1 хувийг хурааж, төлөвлөсөн ургацын 53.7 хувийг авахаар урьдчилсан төлөв гарчээ. Ургацын урьдчилсан балансаар нийтдээ 252.3 мянган тонн буудай үтрэм дээр бууж, цэвэр жингээр 241.4 мянган тонн буудай зарцуулагдах төлөвтэй байна. Үүнээс ирэх жилийн тариалалтад зориулан 29.4 мянган тонн, улсын үрийн нөөцөд 4.2 мянган тонн, тэжээлд 12.6 мянган тонн, спиртийн үйлдвэрт 9.0 мянган тонныг зарцуулснаар гурил үйлдвэрлэлд 186.2 мянган тонн буудай нийлүүлэгдэх төлөвтэй байна. Тариалан эрхлэлтийг дэмжих сангийн 27.4 мянган тонн буудайг нэмж тооцвол 213.6 мянган тонн буудайн нөөц бүрдэж байгаа юм. Манай улсын жилийн хэрэгцээт гурилыг дотооддоо үйлдвэрлэхэд 320.0 мянган тонн буудай шаардлагатай бөгөөд балансаас харахад 106.4 мянган тонн буудай дутагдах төлөвтэй байна.  Ургацын урьдчилсан балансын дүнг Засгийн газрын хуралдаанд танилцуулсантай холбогдуулан бэлтгэлийг бүрэн хангасны үндсэн дээр ургац хураалтын ажлыг технологийн дагуу богино хугацаанд шуурхай зохион байгуулахыг Хүнс, хөдөө аж ахуйн сайд Р.Бурмаад даалгалаа.

Жил бүр 100-аас доошгүй оюутныг дэлхийн шилдэг их сургуульд суралцуулах санхүүжилтийг төсөвт тусгана

Дэлхийн шилдэг их сургуульд 2015-2016 оны хичээлийн жилээс суралцахаар шалгарсан оюутны сургалтын төлбөрт нэмж шаардагдах зардлын тухай асуудлыг хэлэлцээд шаардагдах хөрөнгийг Монгол Улсын 2015 оны төсвийн тодотголд тусгаж, цаашид жил бүр шинээр 100-аас доошгүй иргэнийг суралцуулахад шаардагдах хөрөнгийг тухайн жилийн төсөвт тусган санхүүжүүлж байхыг Сангийн сайд болон Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд нарт даалгалаа.

Сургалтын төрийн сангийн зээлийн санхүүжилтээр дэлхийн шилдэг их сургуульд 2014-2015 оны хичээлийн жилээс эхлэн суралцуулах шалгаруулалт зохион байгуулсан бөгөөд сонгон шалгаруулалтын дүнгээр шаардлага хангасан 86 оюутан 2014 онд гэрээ хийж, холбогдох журмын дагуу төлбөрөө шилжүүлэн авсан байна. Эдгээр оюутнуудын 60 хувь нь тэргүүлэх чиглэл болох инженер, технологи, 25 хувь нь анагаах ухаан, байгаль орчны аюулгүй байдал, экологийн чиглэлээр суралцаж байгаа нь Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн зорилттой уялдаж байгаа юм. Сонгон шалгаруулалтад хамрагдсан оюутнуудын 35 хувь нь дэлхийн шилдэг их сургуулийн жагсаалтын эхний 20-д багтсан сургуульд суралцах эрх авсан нь монгол оюутан залуусын оюуны их нөөц, өндөр чадавхийг харуулж байгаа үзүүлэлт гэж үзэж байна. 2015 оны сонгон шалгаруулалтыг 4 дүгээр сард зохион байгуулсан бөгөөд нийт бүртгүүлсэн иргэдийн 40 хувь нь шилдэг сургуулийн эхний 20-д эрэмбэлэгдсэн сургуульд тэнцэж, суралцах эрх авсан болон суралцаж байгаа оюутнууд байна. Уг сонгон шалгаруулалтын дүнгээр эхний 35 оюутныг Сургалтын төрийн сангийн санхүүжилтээр суралцуулах тухай Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын шийдвэр гарчээ. Сургалтын төрийн сангийн зээлийн санхүүжилтээр суралцах оюутнууд тус байгууллагатай үл хөдлөх хөрөнгө барьцаалан гэрээ хийдэг бөгөөд сургуулиа төгсөн эх орондоо ирж ажиллан, гэрээний хэрэгжилтийг хангасны дараа зээлээс Засгийн газрын болон сайдын шийдвэрээр чөлөөлдөг журамтай. Сонгон шалгаруулалтад тэнцэж, санхүүжилт хүлээгдэж байгаа оюутнуудыг Сургалтын төрийн сангийн санхүүжилтээр суралцуулах 4.2 тэрбум төгрөгийн эх үүсвэрийг 2015 оны төсвийн тодотголд тусгахаар шийдвэрлэлээ. Дэлхийн шилдэг их сургуульд суралцах эрхээ авсан оюутны төлбөрийг хөнгөлөх, чөлөөлөх асуудлыг тухайн улсын Засгийн газарт тавих талаар санал боловсруулахыг Гадаад хэргийн сайд, Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд, Сангийн сайд нарт үүрэг болголоо.

“Гэрч, хохирогчийг хамгаалах, туслалцаа үзүүлэх үндэсний хөтөлбөр”-ийг баталлаа

“Гэрч, хохирогчийг хамгаалах, туслалцаа үзүүлэх үндэсний хөтөлбөр”-ийг батлах тухай тогтоолын төслийг Хууль зүйн сайд Д.Дорлигжав Засгийн газрын гишүүдэд танилцууллаа.

2013 онд УИХ-аар Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хууль батлагдан гарч, уг хуульд Засгийн газраас гэрч, хохирогчийг хамгаалах, туслалцаа үзүүлэх талаар хөтөлбөр баталж, хэрэгжүүлэх тухай заасан юм.  

“Гэрч, хохирогчийг хамгаалах, туслалцаа үзүүлэх үндэсний хөтөлбөр” нь гэрч, хохирогч нэг бүрт хуулиар олгогдсон эрхээ эдэлж, мэдээлэл авах, аюулгүй байдлаа хангуулах, хамгаалуулах, зөрчигдсөн эрхээ нөхөн сэргээлгэх, учирсан хохирлоо арилгуулах, нийгмийн халамж, туслалцаа авах эрхийг хангах эрх зүйн зохицуулалт, тогтолцоог бий болгох, гэрч, хохирогчийн эрхийг хангах, хамгаалах замаар гэмт хэрэгтэй тэмцэх, хүнд болон ноцтой гэмт хэргийг илрүүлэх, нотлох, гэм буруу нь тогтоогдсон этгээдэд шударга шийтгэл оногдуулахад гэрч, хохирогчийн идэвх, оролцоог дэмжих зорилготой. Хөтөлбөрт зорилго, хэрэгжүүлэх зарчим, үйл ажиллагааны үндсэн чиглэл, удирдлага, зохион байгуулалт, хугацаа, санхүүжилт болон хөтөлбөрийг үнэлэх шалгуур үзүүлэлтүүдийг тусгажээ. Хөтөлбөрийг 2016-1024 он хүртэл гурван үе шаттайгаар хэрэгжүүлэх юм.

Эмгэг судлалын үндэсний төв байртай боллоо

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлалтай Цус сэлбэлт судлалын үндэсний төвийн байрны 2 дугаар давхарыг Эмгэг судлалын үндэсний төвд балансаас балансад шилжүүлэхээр тогтлоо.

Эмгэг судлалын үндэсний төв нь эмгэг эд, эс, бүтэц судлал, онош зүйн лабораторийн шинжилгээний аргуудад тулгуурлан эмгэг судлалын тусламж үйлчилгээг улсын хэмжээнд мэргэжлийн удирдлага, арга зүй, хяналтаар хангах, хөгжлийн хэтийн төлөв, бодлого боловсруулах зорилго бүхий эрдэм шинжилгээ, сургалт, практикийн эрүүл мэндийн байгууллага юм. Тус төв нь өнөөдөр Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн байрны 9 өрөөнд түрээсээр байрлаж байна. Одоогийн байрлаж байгаа байрны нөхцөл тус төвийн үйл ажиллагаа явуулах шаардлагыг хангахгүй байгаа болон шинээр барилга барих эдийн засгийн боломж байхгүй  тул шаардлага хангасан барилгыг балансаас балансад шилжүүлж, асуудлыг шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Үл хөдлөх хөрөнгийг балансаас балансад шилжүүлэх ажлыг холбогдох хууль тогтоомжийн дагуу зохион байгуулахыг Төрийн өмчийн хороонд даалгалаа.

Зарим албан тушаалтныг үүрэгт ажлаас нь чөлөөллөө

  Засгийн газрын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 5 дахь хэсэг, 181дүгээр зүйлийн 5 дахь хэсэг болон асуудал хариуцсан сайд нарын саналыг тус тус үндэслэн:

-  Н.Оюундарийг Гадаад хэргийн дэд сайдын

-  Х.Баделханыг Аж үйлдвэрийн дэд сайдын

-  Я.Төмөрбаатарыг Боловсрол, соёл, шинжлэх ухааны дэд сайдын

-  Б.Мөнхбаатарыг Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын дэд сайдын

-  Г.Тэмүүлэнг Уул уурхайн дэд сайдын

-  Б.Батзоригийг Хүнс, хөдөө аж ахуйн дэд сайдын

-  Д.Атармааг Эрүүл мэнд, спортын дэд сайдын үүрэгт ажлаас чөлөөллөө.

Товч мэдээ

-  “Ази, Европын дээд түвшний арван нэгдүгээр уулзалтын бэлтгэл ажлыг хангах зарим арга хэмжээний тухай” болон “Хөрөнгө шийдвэрлэх тухай” Засгийн газрын тогтоолуудыг хэрэгжүүлэх зорилгоор дотоодын зах зээлд 6 жил хүртлэх хугацаатай, 4 хувийн хүүтэй үнэт цаас гаргахыг Монгол Улсын Хөгжлийн банкны Төлөөлөн удирдах зөвлөлд зөвшөөрлөө.

-  УИХ-ын гишүүн С.Бямбацогт нарын санаачлан боловсруулсан Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн хэлэлцээд яамдаас ирүүлсэн саналыг төсөл санаачлагчид уламжлахаар тогтлоо.

-  Монгол Улс дахь Хүний эрхийн төлөв байдлын талаарх Үндэсний хоёрдугаар илтгэлтэй холбоотойгоор бусад улсуудаас өгсөн 164 зөвлөмжийн талаарх байр суурийн тухай Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн Засгийн газрын гишүүдэд танилцуулав. Эдгээрээс Монгол Улс 151 зөвлөмжийг хүлээн авч, 13-ыг хүлээн авахгүй байх байр суурь гаргасныг НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлийн 30 дугаар чуулганд танилцуулахыг Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэнд даалгалаа.

-  2009 онд БНХАУ-ын Тяньжин хотод байгуулагдсан “Улаабаатарын төлөөлөгчийн газар” Улсын төсөвт үйлдвэрийн газрыг 2015 оны 9 дүгээр сарын 1-ний өдрөөс татан буулгаж, Тяньжин хотын Бинхай шинэ дүүргийн Дунзян эдийн засаг, худалдааны чөлөөт боомт бүсэд тээвэр ложистикийн төслийг Хятадын талтай хамтарсан компани байгуулах замаар хэрэгжүүлэхийг “Монголын төмөр зам” ТӨХК-д зөвшөөрлөө. 

САНАЛ БОЛГОХ МЭДЭЭ МЭДЭЭЛЭЛ