ᠮᠤᠩᠭᠤᠯ ᠤᠯᠤᠰ ᠤᠨ ᠵᠠᠰᠠᠭ ᠤᠨ ᠭᠠᠵᠠᠷ
Засгийн газрын ээлжит бус хуралдаан боллоо
Засгийн газрын ээлжит бус хуралдаан боллоо

“Гацууртын ордын төрийн эзэмшлийн хувь тогтоох тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэн дэмжээд нэн яаралтай УИХ-д өргөн мэдүүлэхээр Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар шийдвэрлэлээ.  
Гацууртын ордыг ашиглахтай холбогдуулан тусгай зөвшөөрөл эзэмшигч “Сентерра Гоулд Монголиа” ХХК-тай төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоох, ашигт малтмалын нөөц ашигласны тусгай төлбөр (АМНАТТ) авах талаар Засгийн газраас байгуулагдсан ажлын хэсэг хэлэлцээг 2015 оны 03 дугаар сарын 25-аас хойшхи хоёр сарын хугацаанд хийсэн байна. “Гацууртын ордын төрийн эзэмшлийн хувь тогтоох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөлд 

1. Гацууртын ордыг ашиглах тусгай зөвшөөрөл эзэмшигч хамтарсан компанийн төрийн эзэмшлийн хувь хэмжээг 34 хувиар тогтоох

2. Энэ тогтоолын 1 дүгээр зүйлд заасан төрийн эзэмшлийн хувь, хэмжээг гэрээний нөгөө тал буюу хөрөнгө оруулагч талд шилжүүлэх талаар хэлэлцээ хийж, тохиролцсон тохиолдолд стратегийн ач холбогдол бүхий ордын ашигт малтмалын нөөц ашигласны тусгай төлбөрийн хувь, хэмжээг зохих журмын дагуу тогтоож, улсын төсөвт төвлөрүүлэх арга хэмжээ авахыг Монгол Улсын Засгийн газарт зөвшөөрөхөөр тусгасан байна гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ. 
САНАЛ БОЛГОХ МЭДЭЭ МЭДЭЭЛЭЛ