Төрийн их тугч

Нэмэгдсэн: 2016-01-26

Төрийн их тугч

 

Монголчууд жилдээ ганц болдог Үндэсний их баяр наадмаа хүсэн хүлээж, өргөн дэлгэр тэмдэглэдэг уламжлалтай. Төрийн их баяр наадмын ёслолын ажиллагаанд хамгийн хариуцлагатай, хүндтэй үүрэг гүйцэтгэдэг Зэвсэгт хүчний 032-дугаар анги гэхээр уншигчид андахгүй. Тэд төрийн томоохон арга хэмжээ, гадаадын зочид төлөөлөгчдийг угтан авах, төрийн их цагаан тугийг цэнгүүлэх хүндтэй үүргийг хүлээдэг. Дээр нь Батлан хамгаалах яам, Зэвсэгт хүчний жанжин штабын харуул хамгаалалтыг хариуцаж, Улаанбаатар цэргийн хүрээнд ёс журам сахиулах гээд хэд хэдэн үндсэн үүрэгтэй. Мөн зэвсэгт хүчний бусад ангиудаас Төрийн ёслолын цэргийн цагаан тугтай гэдгээрээ онцлог.

032 дугаар ангийн захирагчийн зөвшөөр­лөөр тус ангийн Хүний нөөцийн офицер О.Оюун­батыг энэ удаагийн “Монгол Улсын төлөө” буландаа урилаа. Тодотгож хэлбэл, Төрийн есөн хөлт цагаан тугийн тугчийн үүргийг цөөнгүй жил гүйцэтгэж яваа хүн. О.Оюунбат Дорнод аймгийн Хэрлэн сумынх. Аав нь цагдаагийн байгууллагад ээж нь аймгийнхаа нэгдсэн эмнэлэгт мэс заслын эмчээр ажилладаг байжээ. Тэрээр 1998 онд сумандаа дунд сургууль төгсч цэргийн хүн болох хүсэл сонирхолдоо хөтлөгдөн Батлан хамгаалахын ахлагчийн сургуульд элссэн байна. Хүссэн сургуульдаа орж мөрөөдлийнхөө захаас атгасан хүү ажлынхаа гарааг нутгаасаа эхлүүл­сэн түүхтэй. Тийнхүү Зэвсэгт хүчний 327 дугаар ангиас гадна Зүүн­баянгийн буюу Зэв­сэгт хүчний 336 дугаар ангиудад салаан захирагчаар ажилласан туршлагатай.

Харин Зэвсэгт хүчний 032-дугаар ангид 2006 оноос хойш өнөөг хүртэл олон сайхан хүмүүсийн удирдлага дор алба хашиж ирсэн талаараа “Анх жагсаалын даргаар ирээд дараа нь морьт салаан захирагч болсон. Тэгээд ротын захирагчийн алба хашиж байгаад одоо хүний нөөцийн офицероор ажиллаж байна. Эх орноо батлан хамгаалах салбарт ажиллаж байгаагаараа, мөн хүссэн хүн бүрт олдоод байдаггүй төрийн есөн хөлт цагаан тугийн тугч гэдгээрээ бахархдаг. Анх армид ирэхэд угтаж цэргийн хүн болгосон, мөн одоо удирдаж яваа дарга нараас эхлээд баярлаж явдаг олон хүн бий” хэмээн ярьж байна.

О.Оюунбат 2008 оноос хойш өнөөг хүртэл төрийн тугчийн үүргийг гүйцэтгэж буй. Мэдээж хүссэн хүн бүр төрийн тэргүүн, гадаад дотоодын зочдоос эхлээд гурван сая хүний өмнө төрийн есөн хөлт цагаан тугны тугч хийх хариуцлагатай хийгээд нэр хүндтэй сайхан албанд зүтгэх боломжгүй. Зэвсэгт хүчний 032-дугаар ангид тугчаар тусгайлан бэлтгэсэн 18 хүн байдаг гэнэ. Тугчийн үүрэг гүйцэтгэж байгаа хүмүүсийг ажлаа солих юмуу, энхийг сахиулах ажиллагаанд үүрэг гүйцэтгэх зэргээр дутах тохиолдолд ангийн албан хаагчдаас нөхөн шалгаруулж авдаг журамтай аж. Хамгийн наад захын жишээ гэхэд л тугч хүн бие бялдрын хувьд бэлтгэгдсэн байхаас гадна морь сайн унадаг, цэх нуруутай, гоё алхдаг гээд шалгуур өндөртэй байдаг юм байна.

Төрийн есөн хөлт цагаан тугийг жилд нэг удаа Төрийн ордноос гаргадаг байсан бол 2012 оноос хойш Монгол бахархлын өдрийг тохиолдуулан Их Эзэн Чингис хааны төрсөн өдөр, Үндэсний их баяр наадмаар цэнгүүлдэг болсон билээ. О.Оюунбат хүндэт харуулын ангид ажиллах хугацаандаа 2005, 2009 онд Иракийн эрх чөлөө ажиллагаанд, 2011 онд Афганистан руу энхийг сахиулах ажиллагаанд үүрэг гүйцэтгэж амьдралынхаа ихэнх хугацааг албандаа зориулжээ. Саяхнаас гэр бүл зохиож эхнэр, хөөрхөн хүүтэй болжээ. Эхнэр нь өөртэй нь хамт ажилладаг ахлах дэслэгч цолтой бүсгүй байдаг гэнэ.

О.Оюунбат  өнгөрсөн жилээс Төрийн есөн хөлт цагаан тугны их тугчийн үүрэг гүйцэт­гэж байгаа юм. Өөрөөр хэлбэл, Төрийн их хонжин­­гийн дараа буюу есөн хөлт цагаан тугны хамгийн том их тугч юм. Энэ талаар “Улсын их баяр наадам болохоос  сарын өмнө Шажин хурахын аманд тусгай бэлтгэлд гардаг.Есөн хөлт цагаан тугийг Монгол бахархлын өд­рөөр цэнгүүлэхээс гадна наадмаар долдугаар сарын 10-ны өдөр Төрийн ордноос гаргаж салхилуулаад 11-ний өглөө Төв цэнгэлдэх хүрээ­лэнд аваачиж, 12-ны орой буцааж авчир­даг. Жижиг тугнууд 26 кг, их туг 36 кг жинтэй байдаг учраас алдаа гаргахгүй авч явах ёстой. Наадам болохоос сарын өмнө морьт сумангаас морьдуудаа авчирч тусгай бэлтгэлд гардаг. Бид гүйх, 60-70 кг жинтэй төмрийг тугныхаа оронд өргөөд алхана, штанк өргөхөөс эхлээд олон янзын дасгал сургуулилт хийдэг ч хамгийн гол нь морьдоо бэлдэх ёстой. Ямар ч үед үргэхгүй байлгах үүднээс 60-70 хөгжимчинтэй бэлдэнэ. 30 гаруй морийг зэрэг зогсоож, явуулна. Сүүлдээ сурахаараа команд өгөнгүүт өөрс­дөө цуваандаа ордог болчихдог. Олон жил тугчийн үүрэг гүйцэтгэж туршлагатай болсон ч байнга бэлтгэл сургуу­лилт хийхгүй бол болохгүй. Тугч болоход нэг нутаг, арын хаалга гэж байхгүй шалгалтад ороод хамгийн сайн нь л шилэгдэж гарч ирнэ” гэж ярилаа.

Хүндэт харуулууд ёслолын арга хэмжээнд  Ерөнхийлөгч ирсэн тохиолдолд 75 цэрэг жагсана. Ерөнхий сайд болон элчин сайдуудыг угтаж авахад 48-аар жагсана зэргээр төрийн ёслолын журамд заасан зүйлүүд бий. Түүнээс тугч хүн алдаа гаргавал яах вэ гэж асуувал “Хүн алдвал арга хэмжээ авна. Морь үргэвэл яах ч аргагүй” гэж тайлбарлав.

Зэвсэгт хүчний 032 дугаар ангийнхны бас нэг үүрэг нь тус ангийн цэргийн цагдаагийн ротынхон  ёс журам сахиулдаг. Нэг ёсондоо зэвсэгт хүчнийхний цагдаа гэсэн үг юм. Ёс журам сахиулах үүрэг гүйцэтгэж байгаа албан хаагчид уртын болон богины ээлжээр Налайх-Таван шар, Сонсголон хүртэл явж зөрчил гаргасан албан хаагчдыг журамладаг. Зэвсэгт хүчин, шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба, онцгой, хилийн цэрэг, сонсогчид албаны хувцастай архи согтууруулах ундаа уух, эрээн хувцасыг өөр хувцастай хослуулж өмсөх зэргээр зөрчил гаргавал арга хэмжээ авдаг юм байна. Сонсогч нар зөрчил гаргасан бол сургууль руу нь албан бичиг явуулдаг ажээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Санал болгож байна
Төрийн байгууллагуудын мэдээлэл