“Нийслэлийн жендэрийн эрх тэгш байдлыг хангах дэд хөтөлбөр”-ийг баталлаа

Нэмэгдсэн: 2020-04-01 13:25:06

“Нийслэлийн жендэрийн эрх тэгш байдлыг хангах дэд хөтөлбөр”-ийг баталлаа

Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2020 оны гуравдугаар сарын 31-ний өдрийн хуралдаанаар “Нийслэлийн жендэрийн эрх тэгш байдлыг хангах дэд хөтөлбөр”-ийг хэлэлцэн баталлаа. Дэд хөтөлбөрийн танилцуулгыг нийслэлийн Засаг даргын Хүний хөгжил, нийгмийн бодлогын асуудал хариуцсан орлогч, нийслэл дэх Жендэрийн салбар хорооны дарга Ш.Анхмаа хийв.

Тогтвортой хөгжлийн зорилт 2030, Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хууль, Жендэрийн эрх тэгш байдлыг хангах үндэсний хөтөлбөр, Үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх төлөвлөгөө, Нийслэлийн жендэрийн нөхцөл байдлын дүн шинжилгээний үр дүн, дүгнэлт, зөвлөмжид тулгуурлан “Нийслэлийн жендэрийн эрх тэгш байдлыг хангах дэд хөтөлбөр”-ийг боловсруулсан байна.

Нийслэлийн хөгжлийн бодлого, хөтөлбөр, эрх зүйн орчинд жендэрийн үзэл баримтлал тусгах, жендэрийн мэдрэмжтэй бодлого төлөвлөлт, төсөвлөлт, хяналт-шинжилгээ, үнэлгээний арга зүйг нэвтрүүлэн хэрэгжүүлэх, бүх түвшинд жендэрийн хэвшмэл үзэл буюу сөрөг хандлагыг өөрчлөх замаар Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хууль тогтоомжийг хэрэгжүүлэхэд энэхүү дэд хөтөлбөрийн зорилго оршиж байгаа аж.

Дэд хөтөлбөрийг хоёр үе шаттай дөрвөн зорилтын хүрээнд хэрэгжүүлнэ.

Хөтөлбөр хэрэгжсэнээр:

  • Жендэрийн мэдрэмжтэй төсөвлөлтийн аргачлал боловсруулж, нэвтрүүлэх,
  • Нийслэлийн хөгжлийн бодлогын барим бичгүүдийг жендэрийн мэдрэмжтэй төлөвлөлтөөр шинэчлэн боловсруулж батлуулах,
  • Оролцоонд суурилсан жендэрийн үнэлгээний аргачлалыг нэвтрүүлэх
  • Сургалт сурталчилгаа, нөлөөллийн ажил зохион байгуулах, сургалтын модуль боловсруулан сургагч багш бэлтгэх
  • Эрэгтэйчүүдийн кабинет байгуулах, ТАХ-ын ажил – ар гэрийн тэнцвэр хангах, мэргэжлийн сэтгэл зүйчдийг хороодод ажиллуулах
  • Нутгийн захиргааны байгууллагын удирдах албан тушаалтнуудын гүйцэтгэлийн төлөвлөгөөнд жендэрийн эрх тэгш байдлыг ханган ажиллах заалтыг тусгах давуу талуудтай юм байна.

Улаанбаатар хотын хэмжээнд нийт өрхийн 5.8 хувь нь өрх толгойлсон эцэг, эхчүүд байгаа бөгөөд эдгээр өрхийн 15.5 хувийг эрэгтэйчүүд, 84.5 хувийг эмэгтэйчүүд эзэлж байна. Өрхийн амьжиргааны судалгаагаар хот суурин газрын эмэгтэй тэргүүнтэй өрхийн 31 хувь нь амьжиргааны түвшнээс доогуур амьдралтай байгаа бол хоёр тэжээгч (эцэг, эх)-тэй өрхийн 26 хувь нь энэ ангилалд хамаарч байна.

Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

Санал болгож байна
Төрийн байгууллагуудын мэдээлэл