Нийслэлийн Хүрээ амаржих газар "Алтан гадас”, “Хангарди одон”-гоор шагнууллаа

Нэмэгдсэн: 2019-10-18 18:19:58

Нийслэлийн Хүрээ амаржих газар

Нийслэлийн Хүрээ амаржих газар үүсэн байгуулагдсаны түүхт 60 жилийн ойн арга хэмжээ өнөөдөр зохион байгуулагдаж байна. Нөхөн үржихүйн насны охид эмэгтэйчүүдэд эх барих, эмэгтэйчүүдийн цогц тусламж үзүүлэн, эх нялхасын эрүүл мэндэд анхаарч, эсэн мэнд амаржуулах эрхэм хүндтэй үйлсээрээ манлайлж яваа тус амаржих газрын хувьд энэ өдөр шагналын хур буулгасан олон баяр тохиож буй юм.

Тухайлбал, тус газрын хамт олонд төрийн дээд шагнал “Алтан гадас” одон, нийслэлийн дээд шагнал “Хангарди” одонг гардуулах ёслол хүндэтгэлийн үйл ажиллагаа боллоо.

Эх, нярайн төрөлжсөн нарийн мэргэжлийн тусламж, үйлчилгээг өргөжүүлэх, эрүүл мэндийн салбарын хөгжил дэвшилд үнэтэй хувь нэмэр оруулсан түүхэн он жилүүдээ дурсаж, ололт амжилтаа дүгнэж буй энэхүү арга хэмжээнд Монгол Улсын Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга З.Энхболд, Эрүүл мэндийн дэд сайд Л.Бямбасүрэн, Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Л.Төмөрбаатар болон албаны бусад хүмүүс, тус амаржих газрын үе үеийн ахмадууд, эмч, эмнэлгийн мэргэжилтнүүд оролцсон юм.

БНМАУ-ын сайд нарын зөвлөлийн тогтоолоор 1959 онд Хан-Уул дүүргийн нэгдсэн эмнэлэгт анх дөрвөн ортой төрөх тасаг нээгдсэнээр нийслэлийн Хүрээ амаржих газрын суурь тавигдсан түүхтэй ажээ. Харин өдгөө Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хорооны нөхөн үржихүйн насны нийт 68 мянга гаруй хүнд эх барих, эмэгтэйчүүдийн нарийн мэргэжлийн тусламж, үйлчилгээг үзүүлж буй тус амаржих газар нь 2020 оны эхний улиралд ашиглалтанд орох Нийслэлийн эх, хүүхдийн эмнэлэгт шилжин байрлаж, үйл ажиллагаагаа улам бүр өргөжүүлэх бэлтгэл ажлаа хангаж байна.

Энэ өдөр зохион байгуулагдсан арга хэмжээний үеэр эрүүл мэндийн салбарын удирдлагууд тус амаржих газарт ЭМЯ-ны өргөмжлөлийг гардуулж өгсөн бөгөөд салбартаа үр бүтээлтэй ажиллаж, амжилт бүтээлээрээ тэргүүлсэн эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийг шагнаж урамшуулсан юм.

Мөн энэ хүрээнд нийслэлийн Хүрээ амаржих газар “Эх барих, нярайн тусламж, үйлчилгээ” MNS ISO 9001:2015 олон улсын чанарын стандартын дагуу итгэмжлэгдсэн гэрчилгээ авсныг нь гардуулж өгсөн байна.

НИЙСЛЭЛИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ГАЗАР

Санал болгож байна
Төрийн байгууллагуудын мэдээлэл