Нийслэлийн өнгөрсөн 14 хоногийн нөхцөл байдлын мэдээлэл танилцууллаа

Нэмэгдсэн: 2019-10-07 12:22:37

Нийслэлийн өнгөрсөн 14 хоногийн нөхцөл байдлын мэдээлэл танилцууллаа

Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөнөөр холбогдох байгууллагуудаас нийслэлийн өнгөрсөн 14 хоногийн нөхцөл байдлын мэдээллийг танилцууллаа.

Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дарга Л.Эрдэнэчулууны танилцуулснаар өнгөрсөн 14 хоногийн хугацаанд мэргэжлийн хяналтын байгууллагад нийт 1661 өргөдөл гомдол ирсэн байна. Үүний хүрээнд хяналт шалгалт хийхэд 641 зөрчил илэрч, 216 эрх зүйн баримт бичиг үйлдэн, 120 гаруй сая төгрөгийн торгууль ноогдуулжээ. “Үдийн цай” хөтөлбөрийн хүрээнд төрийн өмчийн 115, төрийн бус өмчийн 90 сургуулийн цайны газарт хяналт шалгалт хийхэд 60 гаруй хувь нь ариун цэврийн шаардлага хангаагүй, 58 хувь нь зориулалтын бус байранд үйл ажиллагаа явуулсан зөрчил илэрчээ. Нийт 95 албан шаардлага, 65 албан даалгавар өгч, 31 цайны газарт 21.5 сая төгрөгийн торгууль ноогдуулсан байна. Мөн зарим сургуулийн цайны газрыг цуцлах санал хүргүүлжээ.

Нийслэлийн Цагдаагийн газрын дарга, хурандаа Д.Ядамдоржийн танилцуулснаар Улаанбаатар хотод өнгөрсөн 9 дүгээр сард гэмт хэргийн гаралт 3000 орчмоор буурсан байна. Үүн дотод хулгай, дээрмийн хэрэг 15-45 хувиар буурчээ. Өнгөрсөн 14 хоногийн хугацаанд гэмт хэргийн 584 тохиолдол бүртгэгдсэн байна.

Нийслэлийн Онцгой байдлын газрын дарга, хурандаа Ж.Чүлтэмсүрэнгийн танилцуулснаар өнгөрсөн 14 хоногийн хугацаанд нийт 74 удаагийн аврах ажиллагаа явуулж, 53 сая төгрөгийн өмч хөрөнгө авран хамгаалжээ. Тарваган тахал өвчнөөс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд авто тээврийн товчоодод хяналт шалгалт хийж, 6 тулам илрүүлэн ЗӨСҮТ-д хандан устгалд оруулсан байна.

Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

Санал болгож байна
Төрийн байгууллагуудын мэдээлэл