Ашиглалтын шаардлага хангаагүй байранд амьдарч байсан иргэдийн асуудлыг Хотын захирагч газар дээр нь шийдлээ

Нэмэгдсэн: 2019-04-16 09:31:36

Ашиглалтын шаардлага хангаагүй байранд амьдарч байсан иргэдийн асуудлыг Хотын захирагч газар дээр нь шийдлээ

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан өнөөдөр Хан-Уул дүүргийн 5-р хорооны нутаг дэвсгэрт орших иргэдийн хэлж заншсанаар арьс ширний нийтийн 9, 10, 11, 12 дугаар байр гэх хагас зуун жилийн насжилттай байранд очиж, нөхцөл байдалтай нь танилцаад оршин суугч иргэдтэй нь уулзаж тэдэнд тулгамдаж буй асуудлыг газар дээр нь шийдвэрлэлээ.  

Уг байр ашиглалтад орсон цагаас хойш засвар үйлчилгээ огт хийгдээгүй. Мөөгөнцөртсөн, газар хөдлөлтөнд тэсвэргүй болж, дээвэр туурга хана нь цуурсан энэ байранд одоо 80 айлын 200 гаруй иргэн амьдардаг байна.

2017 оны зургаадугаар сард арьс ширний нийтийн 10 дугаар байрыг шинэчлэн барихаар барилгын ажлын гүйцэтгэгчээр “Нью Биг Фиш Констракшн” ХХК барилгын ажлаа эхэлж байсан. Эхний ээлжийн 40 айлын орон сууцны барилгын ажил бүрэн дууссан ч хуучин байраа чөлөөлсөн иргэд өдий хүртэл байрандаа ороогүй байна. Учир нь Нийслэлийн өмчийн харилцааны газар, барилга гүйцэтгэсэн аж ахуйн нэгж, хуучин байраа чөлөөлсөн иргэдийн дунд үл ойлголцох байдал үүссэн байсныг өнөөдөр Хотын захирагч газар дээр нь шийдэж, иргэд нь шинэ байрандаа орохоор боллоо.

Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан хэлэхдээ “Нөхцөл байдалтай газар дээр нь танилцлаа. Та бүхэн өнөө маргаашдаа шинэ байрандаа нүүж ор. Харин дараа нь харилцан хариуцлага хүлээнэ. Хот үүргээ биелүүлээд иргэдийнхээ хүндрэлтэй нөхцөл байдлыг ойлгоод газар дээр нь ирж асуудлыг шийдвэрлэлээ. Харин хариуцлага гэдэг нь иргэд оршин суугчид та бүхэн энэ амьдарч буй орчин тойрноо цэвэрлэж, ногоон байгууламж тариалан нийслэлийнхээ хөгжил цэцэглэлтэд өөрийн оролцоотой байхыг хүсч байна” гэв.

Энэ үеэр шинэ байрандаа орохоор болсон оршин суугч сэтгэгдлээ хуваалцлаа. Тэрээр “Би энд ирж амьдраад 17 жил болж байна. Орчин нөхцөл бол маш хүнд. Өвлийн цагт орох 00 ч олддоггүй, бохироо хийх цооног ч байдаггүй. Айл айлын хаалга нүдэж шорлон гуйсаар өдийг хүрсэн. 2017 оны зургаадугаар сард дахин төлөвлөлтөд орж энэ байр шинэчлэгдсэн боловч өдийг хүртэл байранд орох асуудал шийдэгдэхгүй маргаан дагуулсаар ирсэнийг өнөөдөр Хотын захирагч маань өөрийн биеэр ирж энэ асуудлыг шийдэж өнөө маргаашгүй байрандаа орохоор боллоо. Нийслэлийн Засаг дарга болон дүүргийнхээ удирдлагуудад маш их баярлаж байна” гэлээ. 

 

Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

Санал болгож байна
Төрийн байгууллагуудын мэдээлэл