"НИЙСЛЭЛИЙН ЗАЛУУ ХӨТӨЧ" сургалтад хамрагдсан залуучууд батламжаа гардан авлаа

Нэмэгдсэн: 2018-10-22 05:44:09

 

Залуучуудыг аялал жуучлалын салбарт хөдөлмөр эрхлэхэд дэмжлэг үзүүлэх, тэдний мэдлэг, ур чадварыг нэмэгдүүлэх зорилготой “Нийслэлийн Залуу хөтөч” сургалтыг амжилттай дүүргэсэн 145 суралцагч батламжаа гардан авлаа.

Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Залуучуудын хөгжлийн газар, Аялал жуулчлалын газар хамтран “Нийслэлийн Залуу хөтөч” аяллын хөтчийн талаарх анхан шатны мэдлэг олгох сургалтыг хоёр дахь жилдээ Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Ажлын албаны дэмжлэгтэйгээр энэ сарын 15-19-ний өдрүүдэд нийслэлийн Иргэний танхимд зохион байгуулсан юм.

Сургалтад хамрагдан, батламжаа гардан авсан Н.Нямсумъяа “Энэхүү сургалт нь аялал жуулчлалын чиглэлээр мэргэшсэн багш, судлаачид олон талын цогц мэдлэгийг богино хугацаанд олгосноороо үр дүнтэй боллоо. Тухайлбал аяллыг эрсдэлгүй, сонирхолтой зохион байгуулах хөтөлбөр хэрхэн гаргах вэ?, дэлхийн олон орны соёлын ялгааны талаарх ойлголт,  Монгол орныхоо соёлын дурсгалт газруудын талаарх өргөн мэдлэг, мэдээлэлтэй болсондоо баяртай байна” гэлээ.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 1.4.1-д “Нийслэл Улаанбаатар хот Зүүн хойд Азийн бизнес, соёлын болон дамжин өнгөрөх жуучлалын төв” болох, 4 дүгээр зүйлийн 4.6.4-т “Оюутан залуучуудыг нарийн мэргэжил эзэмшүүлэх цогц арга хэмжээг мэргэжлийн байгууллагуудтай хамтран үе шаттай зохион байгуулах”, 4.7.9-т “Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төсөл хэрэгжүүлэн, түр болон байнгын ажлын байраар хангах” зорилтын хүрээнд энэхүү сургалтыг зохион байгуулав. гэж нийслэлийн Залуучуудын хөгжлийн газраас мэдээллээ.

Санал болгож байна
Төрийн байгууллагуудын мэдээлэл