Бүтээн байгуулалтын ажилтай танилцав

Нэмэгдсэн: 2018-06-22 08:41:05

Бүтээн байгуулалтын ажилтай танилцав

С.Батболд: Иргэдтэйгээ хамтраад ногоон байгууламж, тохижилтын ажлыг хийсээр байх болно

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд өнөөдөр нийслэл хотод хийгдэж буй зарим тохижилт, бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцлаа.

Хотын дарга эхлээд Баянзүрх дүүргийн 1, 3, 4, 7-р хороо Их тойруугийн /Зүүн дөрвөн замын уулзвараас Сансарын тойрог хүртэлх/ жишиг гудамжны тохижилтын ажилтай танилцав.

Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас тус гудамжны баруун талд том оврын 153 нарс мод, гэрлэн чимэглэл, 2389 метр ногоон байгууламжийн хамгаалалтын троссон хашлага, 939 м/кв сул шороон хөрс бүхий газрыг хатуу хучилттай болгож явган зам тавьсан байна. Мөн 4284 м/кв газарт зүлэг тарьж, 155 м ургамлан хашлага тарьсан бол зүүн талын талбайд 22 нарс мод, 940 м/кв талбайд зүлэг, 453м ногоон байгууламжийн хамгаалалтын троссон хашлага, 81 ургамлан хашлага тарьж, 1423.8 м/кв сул шороон хөрс бүхий газрыг хатуу хучилттай болгож явган зам тавьж, 255 м/кв зам талбайг асфальтан хучилттай болгож, 150 автомашины зогсоол байгуулжээ.

Тохижилтын ажил хийхтэй холбогдуулан трассд орсон 32 ТҮЦ, нэг объектыг буулгах ажлыг нийслэл, дүүргийн газрын алба, БЗД-ийн цагдаагийн 2-р хэлтэс хамтран албадан нүүлгэж, инженерийн шугам сүлжээ шилжүүлэх, тохижилтын ажил хэвийн явагдах нөхцөлийг бүрдүүлж ажилласан байна.

“Улаанбаатар бол улсын нийслэл, нүүр царай болсон хот. Энэ утгаараа энэ хотод ажиллаж, амьдарч байгаа иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцлийг бүрдүүлэхийн тулд олон ажил хийгдэж байна. Үүнийхээ хэрээр олон хүний эсэргүүцэлтэй тулж байна. Иргэдийн ярьдагаар Баянцээл, сансарын гудамжийг иж бүрэн тохижуулсан. Энэ хэсэг сул шороон хөрстэй, зам нь эвдрэл ихтэй, 40 орчим зөвшөөрөлгүй ТҮЦ байршуулсан эмх замбараагүй байдал маш их үүссэн байсан. Оршин суугчдаас үүнийг цэгцэлж өгөхийг хүссэн хүсэлт их ирдэг байсан.

Нийслэлийн Засаг даргын мөрийн хөтөлбөрт жишиг гудамжуудыг бий болгоно гэж тусгасан байгаа. Өнгөрсөн оны эцсээр 600 сая орчим төгрөгийг шийдвэрлээд, энэ оны эхний хагаст ажлаа дуусгаж байна. Харамсалтай нь бүх гудамжаа тохижуулж, ногоон байгууламжтай болгоход хөрөнгө мөнгөний асуудал тулгарч байна. Нийслэлийн зүгээс энэ жил Сангийн яаманд Улаанбаатар хотод бүтээн байгуулалт хийхэд хөрөнгө мөнгөний асуудлыг шийдвэрлэж өгөөч гэсэн хүсэлтээ тавьсан. Цаашдаа иргэдтэйгээ хамтраад ногоон байгууламж, тохижилтын ажлыг хийсээр байх болно” хэмээн нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд ярилаа.

Б.Цэрэндоржийн гудамжинд бүтээн байгуулалтийн ажил өрнөж байна

Хотын дарга Сүхбаатар дүүргийн 4-р хороо хичээнгүй сайд Б.Цэрэндоржийн нэрэмжит гудамжид өрнөж буй бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцлаа. Нийтдээ 900 мКв талбайд зүлэгжүүлэлт, өвөрмөц содон загвар бүхий цэцгийн мандал, гэрэлтүүлэг, орчин үеийн шийдэлтэй усан оргилуур, модны хэлбэржүүлэлт, инженерийн шугмийн шинэчлэл, найман төрлийн бүтээн байгуулалтын ажил хийгдэж байгаа юм.

Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр “Энэ гудамжийг бид хуучин загвараар нь сэргээхээс гадна орчин үеийн хэв маягийн ногоон байгууламж, Улаанбаатар хотод байхгүй усан оргилуур зэргийг нэмж хийж байгаа. Бүтээн байгуулалтад хот тохижилтын бусад зардлаас 400 сая орчим төгрөг зарцуулсан. Найман төрлийн бүтээн байгуулалтын ажил хийгдэж байна. Бид дотоод нөөц бололцоогоо ашиглаад, хамгийн бага зардлаар хийж байна. Ирэх сарын эхээр улсын комисст хүлээлгэн өгнө” хэмээв.

Хот тохижилтын газрын дарга Б.Бямбадорж хэлэхдээ “Нийслэл хотод онцлог, жишиг болохоор бүтээн байгуулалтыг бид хийж байна. Энэ хэсэг 25 метр урт, 6х60 өргөнтэй том хэмжээний талбай. Усан сангийн хэсэгт иргэд хог, ундаа усны сав гэх мэт их хаядаг байсан бол одоо сэргээн засварлаж 5 төрлийн хошуугаар ус цацардаг, гэрлийн эффекттэй шинэ шийдэл бүхий усан оргилуур бий болгож байна. Мөн Битлзийн хөшөөнд сэргээн засварлалт хийлээ. Ногоон байгууламжийг хэлбэржүүлж замын хоёр талаар 60 ширхэг гэрэлтүүлэг тавих юм” гэж ярилаа.

Санал болгож байна
Төрийн байгууллагуудын мэдээлэл