“Ирээдүйн эзэд-2018” аяныг Сонгинохайрхан дүүргийн Жаргалант тосгонд зохион байгууллаа

Нэмэгдсэн: 2018-04-16 09:22:18

“Ирээдүйн эзэд-2018” аяныг Сонгинохайрхан дүүргийн Жаргалант тосгонд зохион байгууллаа

Сонгинохайрхан дүүргийн 21-р хороо Жаргалант тосгоны 74, 121 дүгээр сургуулийн 125 ахлах ангийн сурагчийг хамруулан “Ирээдүйн эзэд-2018” мэргэжил сонголтын аяны ээлжит сургалтыг өнөөдөр зохион байгууллаа.   

 Аян нийслэлийн бусад дүүргүүдэд амжилттай хэрэгжсэн бөгөөд Ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагчдыг мэргэжлээ зөв сонгоход нь дэмжлэг үзүүлэх, мэдээллээр хангах зорилгоор Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Залуучуудын хөгжлийн газар, СХД-ийн ЗДТГ, СХД-ийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтэс, Боловсролын хэлтэс хамтран уг аяныг Сонгинохайрхан дүүргийн нийт 22 сургуулийн 5300 гаруй ахлах ангийн сурагчийг хамруулан энэ сарын 9-23 хүртэл зохион байгуулахаар төлөвлөн ажиллаж байна.                                                                                                         

Тус үйл ажиллагааны үеэр сурагчдад мэргэжлийн чиг баримжаа олгох, мэргэжлээ хэрхэн зөв сонгох талаар нийслэлийн Залуучуудын хөгжлийн газрын холбогдох мэргэжилтэн мэдээлэл, зөвлөгөө өглөө. Тухайлбал сурагчид мэргэжил сонгохдоо дараах алдаануудыг гаргадаг байна.

Өөрийгөө дутуу үнэлэх. Өөртөө итгэлгүй байдал нь залуучуудад мэргэжлээ сонгохдоо гаргадаг хамгийн том нийтлэг алдаа юм. Мөн өөрийн чадавх боломжоо бодитой үнэлж чадахгүй тохиолдол ч байдаг. Хэрэв өөрийгөө бүрэн дайчилж чадна гэвэл ямар ч мэргэжилд өөрийг сорьж үзэх нь чухал ажээ.

Мөнгөнд үндэслэж сонголт хийх. Тухайн мэргэжлээр дамжуулан хэдий хэмжээний мөнгө олохдоо биш, харин өөрийн сонирхолдоо, мөн чадавхад үндэслэн сонгох хэрэгтэй. Зөвхөн тухайн үеийн нэр хүнд, цалин хангамжийг бодож сонголт хийх нь буруу зүйл юм.

Урт удаан хугацаанд хийх ажил, мэргэжлийн төлөвлөгөөгүй байх. Ер нь богино хугацааны ахархан бодлоор аливаа төлөвлөгөөг хийж болохгүй. Мэргэжлээ сонгохдоо хэзээ ч сольж болно гэсэн бодлоор хандах нь буруу юм. Энэ мэргэжлийг эзэмшсэнээр төсөөлж, төлөвлөж байгаа ирээдүйдээ хүрч чадна гэдэгтээ илтгэлтэй байна уу? гэх зэрэг ирээдүйн төлөвлөгөөгөө бодох хэрэгтэй.

Эцэг, эхийн сонголтоор шийдвэр гаргадаг. Бусдын нөлөөнд автаж сонголт хийх нь алдаатай сонголт болох магадлал өндөр. Мэдээж эцэг эх, ахмад хүмүүс, багш, мэргэжлийн зөвлөхүүдтэй санал бодлоо солилцож шийдвэр гаргах нь зөв боловч эцэг, эх нь хүүхдэдээ сонголт хийх боломж олголгүй “Миний хүү, охин ерөөсөө л эмч бол манайхан бүгд эмч мэргэжилтэй”. Эсвэл “Цалин өндөртэй мэргэжил сонго” гэж тулгах нь бас алдаа болдог талтай. Хамгийн гол нь мэргэжлээ сонгох гэж буй хүн өөрийгөө зөв таних, мөн сонгох гэж байгаа мэргэжлээ сайн судалсан байх хэрэгтэй.

Өмнөх ажлын туршлагад суурилж шийдвэр гаргах. Урьд нь хийж байсан ажлаас олж авсан туршлага хүнд хэрэгтэй боловч урт удаан хугацаанд хийх ажил, мэргэжлийг сонгоход тийм ч чухал биш юм. Ажил мэргэжлийг сайтар судлахгүйгээр сонголт хийх нь буруу. Зуны амралтаар нэг удаа хийж үзсэн ажлаа би чадах юм байна гэж бодох нь өрөөсгөл зүйл.

Хичээлийг мэргэжилтэй адилтган сонгох.  Хичээлийн сонголт хийж байгаатай адил мэргэжлээ сонгох нь эрсдэлтэй. Жишээ нь химийн хичээлд сайн байлаа гээд эмч мэргэжил сонгох нь учир дутагдалтай.

Мөн найз нөхдөө даган дуурайж мэргэжлээ сонгох гэх мэт нийтлэг алдаанууд гаргадаг. Мэргэжлээ сонгохдоо эхлээд энэ мэргэжил таны хувьд ямар утга учир, ач холбогдолтой вэ? Сонгосон мэргэжилдээ өөрийн чадавх боломжоо бүрэн дүүрэн зориулж чадах уу? Цаашид өсөж хөгжих замаа төсөөлж байна уу? хэмээн сайтар бодох хэрэгтэй. Нухацтай бодож шийдвэр гаргахгүй дургүй, сонирхолгүй мэргэжлээ сонговол 4-6 жил буюу 1460-2190 хоногийг боловсрол эзэмшихэд зарцуулж, цаашид тухайн мэргэжлээрээ ажиллавал дунджаар 40 жилийг дургүй, сонирхолгүй зүйлдээ зарцуулах магадлалтай. Энэ нь маш уйтгартай, бас амжилтгүй амьдралыг танд өгөх болно. Тиймээс мэргэжил сонголт бол маш чухал шийдвэрүүдийн нэг учраас нухацтай, хариуцлагатай хандах хэрэгтэй гэж сурагчдад зөвлөв.

Мэргэжил сонголтын талаар ганцаарчилсан зөвлөгөө, мэдээлэл авахыг хүсвэл Хөдөлмөр, халамж үйлчилгээний ерөнхий газрын http://hudulmur-halamj.gov.mn/ сайтад зочлон сонирхоорой. Мөн 7013-8004 дугаарт холбогдон тодруулж болно гэж нийслэлийн Залуучуудын хөгжлийн газраас мэдээллээ.

Санал болгож байна
Төрийн байгууллагуудын мэдээлэл