П.Баярхүү: Гэр хорооллын амьдрах орчинд хувьсал хийсэн жил байх болно

Нэмэгдсэн: 2018-01-10 01:58:15

П.Баярхүү: Гэр хорооллын амьдрах орчинд хувьсал хийсэн жил байх болно

ГЭР ХОРООЛОЛД СЕРВИС ЦЕНТР БУЮУ ДЭД БҮТЦИЙН ТӨВ БАРИХ БОЛОН ТҮРЭЭСИЙН ОРОН СУУЦ ХӨТӨЛБӨР ХЭРЭГЖИНЭ

-Улаанбаатар хот дэд бүтцийн чиглэлээр 2018 онд ямар ажлууд хийхээр төлөвлөсөн бэ?

-Дэд бүтцийн чиглэлээр Гэр хорооллыг дахин төлөвлөх, барилгажуулах, авто замын ажлууд, газар чөлөөлөлт, нийтийн тээвэр, бүтээн байгуулалтын ажлууд багагүй хийгдэхээр төлөвлөгөө нь гараад эхнээсээ хэрэгжилт рүүгээ ороод явж байна.

-Агаар, хөрсний бохирдолдоо нийслэл хот баригдаад байна. Энэ асуудлыг шийдэх гарц бол Гэр хорооллоо барилгажуулах гэж харж байна. Нийслэл энэ тал дээр ямар ажлууд хийх вэ?

-Өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотын нийт 1.3 сая гаруй иргэдийн 48 гаруй хувь нь тохилог орон сууцанд тохь тухтай амьдарч байгаа бол үлдсэн хувь нь инженерийн шугам сүлжээний хүртээмжгүй гэр хороололд аж төрж байна. Үүнээс үүдэж  агаар, хөрсний бохирдол авто зам болон инженерийн хүрэлцээгүй байдал нь гэр хороололд төдийгүй нийслэл хотын хөгжилд сөрөг үр дагаврыг авчирч байна. Тиймээс УИХ-ын тогтоолоор баталсан “Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний тодотгол, 2030 он хүртэл хөгжүүлэх хөгжлийн чиг хандлага”, БОАЖ-ын сайд, Нийслэлийн Засаг даргын 2017 оны хамтарсан тушаал, захирамжаар Улаанбаатар хотын гэр хорооллыг утааг гурван бүсэд хуваасантай уялдуулан барилгажилтын төлвөөс  хамаарч гурван бүсэд хуваан хөгжүүлэхээр болсон. Үүнд, орон сууцны хороолол болгон хөгжүүлэх төвийн бүсийн гэр хороолол, хэсэгчилсэн дэд бүтэцтэй Сервис центр бүхий дундын бүсийн гэр хороолол, захын бүсийн гэр хороолол буюу нөхцөл сайжруулах шинэ технологийн бүс гэж гурав хуваасан. Улаанбаатар хот 2018 оныг иргэдийн оролцоотой, амьдрах орчныг сайжруулах жил болгон зарласан. Үүнтэй холбогдуулан хийх нэг ажил нь Сервис центрийн төвүүдийг барих  юм.

-Сервис центрийн төвүүд баригдаад ирэхээр хэчнээн айл, өрх хамрагдах боломжтой  вэ?

- Гэр хорооллыг агаар, хөрсний бохирдлоос салгах цогц шийдэл бол хэсэгчилсэн дэд бүтцийн төвд холбох буюу Сервис центр. Энэ нь 200-300 өрхийн дунд дулаан, цахилгаан, цэвэр ус, бохирын системээр холбосон инженерийн дэд бүтцийн төв юм. Энэхүү Сервис центр нь дэлхийн олон улс орон ашиглаж буй шийдэл бөгөөд хамгийн оновчтой шийдэл болох нь батлагдаад байгаа юм. Улаанбаатар хотын хэмжээнд нийтдээ 50 байршилд сервис центр төв барихаар  төлөвлөсөн.

Эхний ээлжинд хот өөрийн санхүүжилтээр жишиг болгож Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороо, Сүхбаатар дүүргийн 18 дугаар хороонд сервис центр төв барихаар 2018 оны Нийслэлийн төсөвт таван тэрбум төгрөгийг тавьсан. Одоогийн байдлаар техник эдийн засгийн үндэслэл (ТЭЗҮ) гарсан. Харин ерөнхий болон хэсэгчилсэн төлөвлөгөө хийснээр энэ дөрөвдүгээр сараас барилгын ажилдаа орно. Үүнээс гадна гэр хорооллын дахин төлөвлөлтөд зориулж өмнөх Засгийн газрын үед БНХАУ-ын буцалтгүй тусламжаар олгох хоёр тэрбум юань, гэр хорооллын дахин төлөвлөлтийн дэд бүтцэд шаардлагатай байгаа 192 тэрбум төгрөгийн эх үүсвэрүүд нь бүгд шийдчихсэн байгаа. УИХ, Засгийн газар, хот, хариуцсан яамд гээд холбогдох газрууд нэгдсэн бодлогын хүрээнд дээрх ажлуудыг хийж хэрэгжүүлнэ.

-Сервис центр баригдсанаар гэр хорооллын орчинд ямар өөрчлөлтүүдийг авчирах вэ?

-Өнгөрсөн 10 гаруй жил агаарын бохирдлыг бууруулахад их хэмжээний хөрөнгө зарсан ч бодитой үр дүнд хүрсэнгүй. Сүүлийн жилүүдэд гэр хорооллыг орон сууцжуулах хөтөлбөрийг хэрэгжүүлж  ч орон сууцанд иргэдийг хамрууллаа гээд гэр хорооллыг тойрсон асуудлууд буурсангүй. Сервис центр нь гэр хорооллын иргэдэд өөрийн газар дээрээ дэд бүтцэд холбогдсон амины орон сууцанд амьдрах боломжийг нь бүрдүүлж өгч байна. Ингэснээр агаар, хөрсний бохирдлыг бууруулахад бодитой үр дүнд хүрнэ гэж харж байна. Сервис центрт холбогдохын тулд иргэд газраа дахин зохион байгуулалтад оруулж, өөрсдийнхөө газраас хувь нийлүүлж, хорших хэлбэрээр хэсэгчилсэн дэд төв буюу сервис центр барих нийтийн эзэмшлийн зам талбай нийгмийн дэд бүтцэд зориулсан газрыг гаргаж өгнө. Энэхүү Сервис центр нь барьж байгуулах хугацааны хувьд харьцангуй богино буюу 6-8 сар байхаас гадна төвийн шугам сүлжээний өргөтгөл шинэтгэл хийсэн тохиолдолд төвийн шугам сүлжээнд холбож холимог системтэй байх боломжтой юм. Иргэдийн дундаасаа босгосон газар дээр сервис центрийн төвөөс гадна сургууль, цэцэрлэг, авто зам, ногоон байгууламж гээд шаардлагатай тохижилтуудыг төрөөс хийж өгнө. Өөрөөр хэлбэл, хаус хороолол шиг болгоно гэсэн үг. Гэр хорооллын айл өрхүүдэд халуун, хүйтэн ус, дэд бүтцийг нь төрөөс хийгээд өгөхийн зэрэгцээ тэдгээр айлуудад хүлээх үүргийг нь гэрээндээ тусгана. Иймд гэр хорооллын газрыг дахин зохион байгуулах төсөл хэрэгжүүлэх байршлыг иргэдийн оролцоо, хүсэлт дээр тулгуурлан хэрэгжүүлнэ. Сервис центр баригдсанаар иргэдийн хүлээх гол үүрэг бол байрныхаа дулаан алдагдлыг хариуцах ёстой. Сервис центр барьсан тэр бүсэд гэр барихгүй, яндан нэмэхгүй. Ингэснээр бид нэг сервис центр төв дээр гэхэд бодитоор 200-300 яндан, жорлонг байхгүй болгоно. Сервис центр амжилттай хэрэгжсэнээр гэр хорооллын амьдрах орчныг сайжруулсан, эрс шинэчилсэн жил байх болно.

-Гэр хороололд дэд бүтцийг шийдээд өгчихлөө. Иргэдийг ипотекийн зээлд хамруулж амины сууц барихад нь дэмжлэг болох талаар бас яригдаж байгаа. Та энэ тал дээр юу хэлэх бол?

-Одоогийн байдлаар ипотекийн зээлийг зөвхөн орон сууцанд олгож байгаа. Гэр хорооллыг дэд бүтэцжүүлэх хүрээнд гэр хороололд амины орон сууц барихад ипотекийн зээлийг олгоё гэсэн санал гаргасны дагуу хариуцсан газрууд нь одоо ид ажил болгохоор судалж, ажиллаж байна.

-Түрээсийн орон сууц барьж, улмаар иргэд өмчилж авдаг болно гэж байгаа?

- Орон сууцны хороолол болгон хөгжүүлэх төвийн бүсийн гэр хороолол бодлогын хүрээнд нийслэл түрээсийн болон орлогод нь нийцсэн орон сууц гэсэн хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж, энэ хавраас барилгын ажил нь эхэлнэ. Тухайлбал, Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороо буюу Ханын материалд таван га газарт түрээслээд өмчлөх хэлбэрийн орон сууцыг барихаар БНХАУ-ын урт хугацааны зээлийн эх үүсвэрээр шийдвэрлэнэ. Түрээсийн орон сууц хөтөлбөр нь залуу гэр бүлийг дэмжих, сар бүр тодорхой бага мөнгө төлөөд, 10-15 жилийн хугацаанд өмчилж авах боломжийг бүрдүүлэх юм. Харин орлогод нийцсэн орон сууц хөтөлбөр нь тухайн хүний орлогод нийцсэн хэмжээ талбайтай, орон сууц худалдаж авсан тухайн газартаа ажлын байр бий болгохыг төрөөс дэмжиж, өөрийн орон сууцтай болох боломжийг бүрдүүлнэ. Гэр хорооллын дахин төлөвлөлтийг ямар байдлаар яаж явуулах вэ гэдэг дээр өнгөрсөн онд бичиг баримт, хууль, дүрэм боловсруулалт дээр ажилласан бол энэ жилээс дээр дурдсан тодорхой ажлуудыг хийнэ.  

-Зуун айлын “Ногоон нуур”-т 1000 айлын орон сууц баригдахаар шав тавигдаж байсан. Энэ ажил хэр урагштай байна вэ?

-БНХАУ-ын Ерөнхий сайдын буцалтгүй тусламжаар VII хорооны нутаг дэвсгэр “Ногоон нуур”-ын хойд дэнжид 1008 айлын түрээсийн орон сууц барина.  Энэ орон сууц бол газраа чөлөөлсөн 1008 айлын газраар нь шууд солих маягаар орон сууцанд оруулаад үргэлжлэх ажил юм. Энэ нь өмнөх Засгийн газрын үед шийдэгдсэн. Одоо энэ хавраас ажил нь эхлэх төсөл юм. Хот төлөвлөлтийн цоо шинэ төсөл. Өөрөөр хэлбэл, газрыг орон сууцаар солих төсөл. Ингэснээр цаашид газар чөлөөлөлтийн зардал багасна. Өчигдөр буюу нэгдүгээр сарын 08-ны өдөр БНХАУ-ын Бугат хотын гэр хорооллын дахин төлөвлөлтийн төслийн ажлын албаны дарга Ли Юн Жян болон бусад албаны төлөөлөгч нартай уулзаж  “Ногоон нуур орчмын түр оршин суурьших орон сууцны хотхон” барих төслийн ажлыг явцтай танилцаж, санал солилцлоо. Барилгын  ажлыг хавраас эхлүүлнэ.

НАЛАЙХ-ЧОЙРЫН 20.9 КМ ЗАМЫН АЖЛЫГ ЭНЭ ОНДОО ЭХЛҮҮЛНЭ

-Сүүлийн үед хотоос томоохон бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлсэнгүй гэсэн иргэдийн шүүмжлэл бий.  2018 онд хийх томоохон бүтээн байгуулалтын  ажлуудаас ярихгүй юү?

-Улаанбаатар хотын хувьд саяхнаас анх удаа олон түвшний, олон замын огтлолцол бүхий давхар замын гүүртэй болох ажлыг эхлүүлсэн. Хотын хувьд Монгол инженерүүд, компаниудын хүчээр Зүүн дөрвөн замын давхар гүүрэн гарцын ажлыг эхлүүлэхээр болсон. Мөн Улаанбаатар хотын их Тойруугийн замыг хийхээр төлөвлөгөөнд тусгасан. Ингэснээр Да хүрээ зах, Шархадны эцсээс Хайлаастаар дамжин шууд  Баянхошуу, Зүүн салаа гээд хотын баруун хойд зүгт түгжрэлгүй чөлөөтэй явах боломж бүрдэх юм.

Өнгөрсөн жил Улаанбаатар хотод гүүрэн байгууламжийг шинэчлэх ажлуудыг мөн эхлүүлсэн. Тухайлбал, Сонсголон, Яармаг, Баянзүрхийн гүүрийн шинэчлэлийн ажлыг 2019 он гэхэд дуусгах, Яармагийн гүүрийн ажил 2018 оны эцэс гэхэд дуусахаар төлөвлөсөн. Хот доторх томоохон гүүрэн гарц болох Замын цагдаагийн ойролцоо хийх гүүрийг ирэх зунаас эхлүүлээд 2019 онд дуусгана.  Эдгээр ажлыг хийснээр Улаанбаатар хотын нэвтрүүлэх чадварыг нэмэхээс гадна өнгө үзэмжид эерэгээр нөлөөлсөн томоохон ажил болно. Өнгөрсөн хугацаанд дөрвөн том авто замын уулзваруудын нэвтрэх чадварыг дээшлүүлсэн. Энэ жил мөн уулзваруудыг өргөтгөх, шинэчлэх ажлуудыг хийнэ.

-Өнгөрсөн онд эхлүүлнэ гэж байсан Налайх-Чойрын 20. 9 км зам энэ жил эхэлж амжих болов уу. Энэ ажлыг хэзээ эхлэх бол гэсэн иргэдийн хүлээлт байна?

-Улаанбаатар хотоос зүүн тийшээ гарч байгаа гурван дүүрэг, таван аймаг руу явдаг том зам болох Налайх-Чойрын 20.9 км, хоёр эгнээ замыг дөрвөн эгнээ болгон шинэчлэх ажлыг энэ хавраас эхлүүлэхээр болсон. Өнгөрсөн онд зураг, төсөв, ажил эхлэхтэй холбоотой газар чөлөөлөлтийн ажлыг шийдвэрлэсэн бол энэ онд барилгын ажил эхэлнэ. Энэ зам тавигдчихвал Улаанбаатар хотын зүүн тийшээ гарах хөдөлгөөний ачааллын даац эрс нэмэгдэнэ. Өнгөрсөн онд нийт 14.1 км авто зам шинээр тавигдсан бол энэ жил шинээр хэд хэдэн замууд тавихаар төлөвлөсөн. Өнгөрсөн онд хийсэн гол ажлуудын нэг нь авто замын мастер төлөвлөгөөтэй боллоо. Өмнө нь нэгдсэн төлөвлөгөө байгаагүй учраас энд тэндгүй ямар ч төлөвлөгдөөгүй замууд тавьдаг байсан бол одоо төлөвлөлттэй зам тавьдаг болно.

ХЭН Ч ДУРААРАА НИЙТИЙН ЭЗЭМШЛИЙН ЗАМ, ТАЛБАЙГ ХААДАГ, ЭЗЭМШДЭГ БАЙЖ БОЛОХГҮЙ. ХОТЫН ДҮРЭМ, ЖУРМАНД ЗАХИРАГДАНА.

-Өнгөрсөн онд нийслэлээс хийж буй ажлуудаас газар чөлөөлөлтийн ажил иргэдэд их хүрсэн. Энэ жил үргэлжлүүлэх үү?

-Энэ жил нийслэлээс хороолол дундын орц, гарцыг чөлөөлөх ажлыг үргэлжүүлэн хийнэ. Өнгөрсөн жил хашаа арга хэмжээ явуулж, орц, гарцаа нэмэгдүүлэх ажлыг эрчимтэй сайн хийсэн. Автомашины түгжрэлийг бууруулахад нөлөөлөх ажлын нэг бол орц, гарцын тоог нэмэгдүүлэн, явган зорчигч болон автомашин нэвтрэн явах урсгалыг нэмэгдүүлэх байдаг. Хөгжингүй орнуудад 500 метр тутамд гортиг татаад харахад 10-15 гарцтай байдаг гэж тооцдог бол манай улсад 1-5 хүртэлх гарц байна. Бид дүүргүүдийн орц, гарцыг мөн нэмэгдүүлнэ. Улаанбаатар хотод хэн нэгэн дураараа өөрийнхөө эрх ашгийн үүднээс нийтийн эзэмшлийн зам, талбайг хаадаг, эзэмшдэг, ТҮЦ авчирч тавьдаг, өргөтгөл барьдаг асуудлыг таслан зогсоохын төлөө нийслэлийн удирдлагууд ажиллана.

-Тээврийн товчооны орчимд 1000 автомашины зогсоолыг чөлөөлөх багагүй мөргөлдөөнтэй тулгарсан. Нэг хүнээс тохьжилтод 10 сая төгрөг авсан байтал тун удалгүй биднийг яв гэж хөөж байна гэж тэнд байгаа иргэд ярьсан?

-Овоолсон шороо байсан талбайг бетондсон тухай яригддаг. Галт тэрэгний төв буудал буюу вокзалын баруун талд байрлах энэхүү талбайд  “Даяар Хас”  компани зөвшөөрөлгүйгээр үйл ажиллагаа явуулж, таван жилийн турш чөлөөтэй иргэдээс түрээс нэрээр мөнгө авч, машин тавиулан ашиг олдог байсан. Шүүхийн шийдвэрээр уг зогсоолын үйл ажиллагааг зогсоох, нүүлгэн шилжүүлэх талаар өмнө нь хэд хэдэн удаа мэдэгдэл өгч байсан. Түүнээс биш нэг өдрийн өмнө гэнэтхэн нүүх шаардлагыг хүргүүлээгүй гэдгийг иргэд зөвөөр ойлгох хэрэгтэй. Өнгөрсөн хугацаанд хотоос 20 гаруй  тэрбум төгрөг зарцуулаад хотын баруун зах руу автомашины цогцолбор төвийг бариад бэлдчихсэн байна. Ямартай ч хотын зүгээс ажлын байрыг нь бий болгож, зориулалтын авто худалдаа эрхлэх орчинг нь бүрдүүлж өгсөн. Энэ жилийн хувьд Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр газрыг эзэмшиж буй иргэн, аж ахуй нэгжийн газрын эрхийг нь хүчингүй болгож, газрыг чөлөөлөх ажлыг шат дараатай хийх болно. Бүх нийтийн эрх ашгийн төлөө гаргаж буй төрийн шийдвэрийг ганц, нэг хувь хүмүүсийн хүсэл, сонирхлоор зогсоож болохгүй.

-Автомашины түгжрэлийг бууруулах ямар шийдлийг хотоос хийх вэ. Нийслэлээс зүүн эргэхийг хориглосон шийдвэр гарсан боловч хэрэгжүүлээгүй.  Ямар үндэслэлээр ийм шийдвэр гарсан юм бол оо?

-2013 онд анх дугаарын хязгаарлалтын шийдвэр гарах үед Улаанбаатар хот 305 мянган автомашинтай байсан бол одоо 500 гаруй мянган автомашинтай болсон байна. Тэгэхээр дугаарын хязгаарлалт цаашид ачааллыг зохицуулж чадахгүй  хэмжээнд очсон гэдгийг харуулж байна. Хотын хувьд зүүн эргэхийг хориглох тухай гаргасан шийдэл бол дэлхийн хотуудын жишгээр блокын систем рүү орох анхны алхам юм. Зүүн эргэх хөдөлгөөний тодорхой хэмжээгээр хориглосноор зүүн дөрвөн замаас баруун дөрвөн замын хоорондох хөдөлгөөний ачаалал эрс буурна гэж үзсэн. Учир нь зүүн эргэх авто машинууд нь чигээрээ явах урсгалыг маш ихээр удаашруулдаг. Бусад улс оронд замын хөдөлгөөнд оролцож буй жолооч нар явах замын маршрутаа төлөвлөж хөдөлгөөнд оролцдог. Харин манайд бол тийм соёл, дадал хэвшээгүй. Энэ нь ч мөн дээрх шийдвэр хэрэгжүүлэх үеэр харагдаж байсан. Энэ асуудалтай холбоотой төсөв, мөнгө их хэмжээгээр зарцуулсан, идсэн гэх цуу яриа үүссэн. Шалгах газрууд нь шалгаад ямар ч төсөв мөнгө зарцуулаагүй гэдгийг тогтоосон.

Иргэддээ зориулж ЗХУТ-өөс ubtraffic.mn аппликейшныг өнгөрсөн онд хэрэглээнд нэвтрээд явж байна. Ингэснээр жолооч нар явах чиглэлийнхээ зай, хөдөлгөөний ерөнхий байдал, уулзвар, гарцууд дахь түгжрэл, осол саадын мэдээлэл, зам засвар, замын саад, төлбөртэй зогсоолын талаар шууд мэдэх боломжийг бүрдүүлснээрээ онцлогтой.

Ер нь замын хөдөлгөөнийг системээр нь авч үзэж цэгцлэнэ үү гэхээс биш нэг, хоёрхон уулзвараар шийдэх бололцоогүй юм.

-Иргэдэд газар олголтыг ямар байршилд, яаж олгох вэ. Цахимаар газар олгож байсныг зогсоочихсон байгаа?

-Газар олголт, өмчлөлийг явуулахдаа цахим хэлбэрээр явуулахыг зогсоосон. Учир нь цахим өмчлөлтэй холбоотой маш их гомдол гарсан. Дөнгөж төрсөн хүүхдэд хүртэл газар өмчлөх шийдвэр гаргасан байсан нь эргээд газар өмчлөлийн тухай хуультай зөрчилдсөн. Мөн нэлээд олон хүн цахимаар олгосон газраа цуцлая гэдэг санал ирүүлсэн. Учир нь жалга, гуу, уулын орой гэх мэт хүн амьдрахын аргагүй газруудад цахимаар газар олгосон байсан. Өнгөрсөн жил гаруйн хугацаанд цахим газар олголтоос үүдсэн хийгээд газрын зөрчилтэй асуудлыг  цэгцлэх ажлыг хийлээ. Одоо хуучнаараа буюу иргэдийн хүсэлт гаргасны дагуу газар олгох хэлбэрээр газар олголт хийж байна.

-Нийслэлийн Эрх зүйн байдлын тухай хуульд өөрчлөлт оруулахаар УИХ-ын чуулганаар хэлэлцэж байгаа. Ямар гол өөрчлөлтүүд орж байна вэ?

-Нийслэл, аймаг хоёрын статус адил хэмжээнд явж ирсэн. Дүүрэг, хороодын статус сум, багийн хэмжээд явж байгаа. Гэтэл хүн амын тоо нь эрс ялгаатай. Нэг аймгийг Нийслэл хоттой жишиж болохгүй биз дээ. Нэг сум, нэг дүүрэгт амьдарч буй хүмүүсийн тоо эрс ялгаатай байна. Монгол Улсын тал хувь нь оршин сууж байгаа хот иргэдийнхээ амьдрах орчныг сайжруулж, сайн ажлууд явуулахын тулд юуны өмнө санхүүгийн бие даасан чадамжтай байх ёстой. Хороо нь гэхэд төсөвтэй байх ёстой. Төсөвтэй байж иргэдэд үйлчилгээ үзүүлэх, иргэддээ хүрч ажиллах бодит нөхцөл бүрдэнэ. Хуульд гол орж буй өөрчлөлт бол санхүүгийн бие даасан байдлыг нэмэгдүүлэх гол заалтыг оруулж байгаа юм.

-Цэвэрлэх байгууламж барих ажил ямар шатандаа байна вэ ?

- Засгийн газар багагүй ач холбогдол өгч, шинэ Цэвэрлэх байгууламж барих санхүүжилтын асуудлыг шийдвэрлэсэн. Ажлын хэсгийг БХБ-ын сайд Х.Баделхан ахалж байна.  Энэ ажлыг маш хурдтай хийж чадвал 2020 он гэхэд шинэ Цэвэрлэх байгууламжтай болох бололцоотой юм. Үүнд хоёр асуудал бий. Лагийг яаж арилгах вэ. Төв цэвэрлэх байгууламжаасаа үнэр нь гардаггүй. Харин хажууд нь 60, 70 жилийн турш хуримтлагдсан лагаас тэр үнэр гарч байгаа юм. Тэгэхээр 600 мянган тонн лагийг цэвэрлэх асуудлыг хот өөрийнхөө боломж бололцооны дагуу гадны хөрөнгө оруулагчидтай холбогдон шийдвэрлэх арга замыг ярилцаж байна. Нийслэлийн Засаг дарга, ХБНГУ-ын Элчин сайдтай хийсэн уулзалтаар Унгар, Германы хамтарсан компани лагийг цэвэрлээд, боловсруулах технологийг хотод танилцуулсан. Ингэснээр Төв цэвэрлэх байгууламжийн үнэрээс салах боломжтой юм. Шинэ цэвэрлэх байгууламжийг барих явцдаа лагийг цэвэрлэж, боловсруулж асуудлыг давхар хийж явна. Ашиглалтад орох хүртэлх хугацаанд хуучин цэвэрлэх байгууламжийн засварын асуудлыг хамт шийдээд явна. Ирэх хавраас Цэвэрлэх байгууламж болон лагийг боловсруулах ажлыг хийж явбал хотын өмнө хуримтлагдсан нэг том асуудал шийдэгдэнэ гэж үзэж байна. Шинэ Цэвэрлэх байгууламжийн төсөлд хөнгөлөлттэй зээлээс гадна АНУ-ын Мянганы сорилын сангийнхан цуг оролцсон. Мянганы сорилын сангийн цаашлаад олон улсын ногоон сангууд болон бусад байгууллагаас хөрөнгө босгохоор шийдэж байгаа юм.

-Нийтийн тээврийн шинэчлэлийн ажлыг Нийслэлээс хийнэ гэж байгаа. Ямар ажлуудыг хийхээр төлөвлөж байна  вэ?

-Өнгөрсөн онд нийтийн тээврийг цахимжуулж, олон улсын жишигт нийцүүллээ. Ингэснээр нийтийн тээврийн бодит судалгаа бий болж байна. Одоо нийтийн тээврийг CNG газ руу шилжүүлэх ажлыг хийж  байна. Алийн болгон гудамжаар хар утаа хаясан автобус үйлчилгээнд явсаар байх билээ. Хот энэ асуудлыг шийдэх гарц, шийдлүүд дээр ажиллана. Энэ ондоо CNG шинэ автобусуудыг оруулж ирнэ.

-Агаарын бохирдлыг бууруулахын тулд автобусанд агаар шүүгч тавих тухай яриа  гарч байсан?

-“Жайка” олон улсын байгууллагаас судалгаа явуулж үзмээр байна гэсний дагуу нийтийн тээврийн 3-5 автобусанд тодорхой хэмжээгээр агаар шүүгч тавигдаж байсан. Туршилтын хэмжээнд яригдсанаас биш агаар шүүгч авч тавьсан зүйл байхгүй. 

-“Аз жаргалтай Улаанбаатар” хөтөлбөрийн хэрэгжилтийн үр дүнг Нийслэлээс та бүхэн оны өмнөхөн өндрөөр үнэлсэн байна лээ. Хотод тулгамдсан олон асуудал нүдэн дээр байхад аз жаргалтай хөтөлбөрөө сайн гэж дүгнэж болж байгаа юу гэж зарим иргэд шүүмжлэлтэй хандаж байна?  

-Аз жаргалгүй байгаа учраас аз жаргалтай хот болохын төлөө зорилт тавьж, тодорхой ажлууд хийж байгаа юм. Хот маань шороо тоостой, түгжрэлтэй, бухимдалтай байгаа юу гэвэл тийм байна. Үүнээс салж  бүгдээрээ сайхан амьдрая гэдэг үүднээс “Аз жаргалтай Улаанбаатар” хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр болсон. Миний хувьд энэ нэрнээс ичээд байх зүйл алга. Дөрвөн жилийн хугацаанд хэрэгжих энэ хөтөлбөрийн эхний жил нь дөнгөж өнгөрч байна. Ямартай ч гэр хорооллыг дэд бүтэцжүүлэх, ипотекийн зээл олгож эхлэх гэх мэтээр нааштай сайн ажлуудын эхлэл тавигдаж байна.  

Б.Долзодмаа    

Санал болгож байна
Төрийн байгууллагуудын мэдээлэл