Хавдартай тэмцэх дэлхийн өдөр

Нэмэгдсэн: 2016-02-16 11:47:48

Хавдартай тэмцэх дэлхийн өдөр

 Жил бүрийн 02-н сарын 4-д хавдартай тэмцэх дэлхийн  өдөр болдог. Удирдамжийн дагуу хорт хавдрын эрт  илрүүлэг үзлэг, шинжилгээнд хамрагдалтыг нэмэгдүүлэх үйл ажиллагааг зохион байгуулахаар  болж байна.

Дэлхий дахинаа жилд 14,1 сая хүн шинээр хорт хавдраар өвчилж, 8,2 сая хүн хорт хавдрын улмаас нас барж байгаа ба хорт хавдрын өвчлөл, нас баралтын талаас илүү хувь нь хөгжиж буй болон буурай хөгжилтэй орнуудад бүртгэгдэж байна.

Манай оронд жилд 5000 гаруй хорт хавдар бүртгэгдэж  байгаагийн 75% нь хожуу буюу хорт хавдрын өвчний 3, 4-р үе шатандаа оношлогдож байна. Сүүлийн 10 жилийн байдлаар хорт хавдрын нийт тохиолдлын дотор элэг /37,4%/, ходоод /14,8%/, уушги /9,2%/, улаан хоолой /8,2%/, умайн хүзүү /7,5% /зэрэг  байрлалын хавдар зонхилж байна. Хүйсийн хувьд  авч үзвэл  эмэгтэйчүүдийн дунд умайн хүзүүний  хорт хавдар 2 дугаарт ордог ба хөхний өмөнгийн тохиолдол ч нэмэгдэх хандлагатай байна.

Манай аймагт жилдээ шинээр 200 гаруй хорт хавдар бүртгэгдэж байгаагийн 72% нь хожуу үе шатандаа оношлогдож байна. Сүүлийн 3 жилийн байдлаар нийт тохиолдлын дотор умайн хүзүү /23%/, элэг /18%/, ходоод /8,3%/, уушги /4,3%/, бөөр /4,2%/ зэрэг байрлалын хавдар зонхилж байна. Умайн хүзүүний хорт хавдрын эрт илрүүлэгийн хамрагдалтын хувь 2012 онд 65,4% /3998/, 2013 онд 63,97% /3327/, 2014 онд /60,28% /3314/, 2015 онд 60,6% /3165/-тай байна

Монголын мянганы сорилтын сангийн Эрүүл мэндийн төслийн дэмжлэгтэйгээр 2012-2013 онд хэрэгжүүлсэн хөх, умайн хүзүүний хорт хавдрын эрт илрүүлэгийн  хөтөлбөрийн үзлэгээр илэрсэн хорт хавдрын 51,1%  нь  эрт үедээ оношлогдсон нь  умайн хүзүүний хорт хавдрыг урьдал болон  эрт үед нь илрүүлэх улмаар төгс эмчлэх боломтойг илтгэж байна. Мөн хөхний хорт хавдрын илрүүлэг үзлэгийн дүнгээс харахад илэрсэн хөхний хорт хавдрын 15,0% нь эрт үедээ оношлогдсон байна.

ХСҮТ-ийн  сүүлийн 3 жилийн тайлангаас харахад умайн хүзүүний эрт илрүүлэгийн хамрагдалтын хувь 2012 онд 41% /75046/, 2013 онд 43% /65810/, 2014 онд 32% /71636/-тай байсан бол 2015 оны эхний хагас жилийн байдлаар эрт илрүүлгийн үзлэгийн хамрагдалт  дунджаар 21,4% /37976/ болж эрт илрүүлэг үзлэгийн хамралт буурч байна. Ийнхүү эрт илрүүлэг үзлэгийн хамралт буурч байгаа нь аймаг, дүүргүүдийн эрүүл мэндийн байгууллагуудын хүрээнд сургагдсан эс судлаач эмчийн 20% гаруй хувь нь ажлын байраа өөрчилсөн, 80% нь хавсарч ажил хийдгээс шинжилгээний ачаалал нэмэгдэх, зарим аймаг, дүүргийн эмч мэргэжилтэний болон эмнэлгийн тоног төхөөрөмжийн чадавхи сул, эм урвалж бодис  дутагдалтай байгаа нь нөлөөлж байна. Мөн хөх, умайн хүзүүний хорт хавдрын эрсдэлт хүчин зүйлсээс  сэргийлэх , хавдрыг эрт үед нь илрүүлж, эмчлэх боломж болон эрт илрүүлэг үзлэгийн ач холбогдлын талаарх олон нийтийн мэдлэг хангалтгүй байгаатай холбоотой.

Иймд улсын хэмжээнд хавдрын эрт илрүүлэлтийн хөтөлбөрийн хэрэгжилтийг эрчимжүүлэх зайлшгүй шаардлагатай  байна. 

Хорт хавдраас урьдчилан сэргийлэхийн тулд жилдээ нэг удаа урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдах ёстой. Хөхний хавдраас сэргийлэхийн тулд сард  нэг удаа тогтмол хөхөө шалгах, Умайн хүзүүний хавдраас сэргийлэхийн тулд эсийн шинжилгээнд 30 наснаас эхлэн хамрагдаж байвал бүрэн сэргийлэх боломжтой.

Элэгний хавдраас сэргийлэхийн тулд та:

  Эрсдэлт бүлэгт хамрагддаг бол 6-н сар тутам ЭХО, элэгний хавдрын маркер өгөх

  Элэгний В вирусын халдварын эсрэг дархлаажуулалт  

  Хүнсний аюулгүй байдлыг сайжруулах

  Архи, тамхины хэрэглээг бууруулах

Улаан хоолой, ходоодны хавдраас сэргийлэхийн тулд та:

        Улаан хоолой ходоодоо дурандуулах

  •  Хоол хүнсээ зохистой хэрэглэх

   Хүнсний бүтээгдэхүүнийг зөв сонгон  хэрэглэх,

   Ходоодны хеликобактерийн халдварыг эмчлэх /зөвхөн ходоод/

   Давсны хэрэглээг бууруулах

  Жилдээ 1 удаа ходоодоо дурандуулах

Умайн хүзүүний хорт хавдраас сэргийлэхийн тулд та:

  Бэлгийн олон хавьтагчтай байхаас  зайлсхийх

  Бэлгийн замын халдварт өвчнөөр өвчлөхгүй байх /эмчлүүлэх/

  ПАП-ын шинжилгээнд 3 жил тутам хамрагддаг байх

  Эрт буюу 16 наснаас өмнө хүүхэд төрүүлэхгүй байх

  Бэлгийн харьцаанд эрт орохгүй байх

  Хүний хөхөнцөр вирусын эсрэг вакцинд охидоо бэлгийн хавьталд орохоос өмнө хамруулах

  Эрт илрүүлгийн үзлэгт заасан хугацаанд тогтмол хамрагдах

Хөхний хорт хавдраас сэргийлэхийн тулд та:

—  Хөхөө өөрөө тогтмол шалгах:  Өөрөө шалгаснаар хорт хавдрыг эрт үед нь илрүүлэх ач холбогдолтой. Хорт хавдрыг хэдий чинээ эрт оношилно эмчилгээний үр дүн төдий чинээ сайн байна.

—  45-аас доош насны эмэгтэйчүүд 2 жилд нэг удаа, цаашид жил бүр хөхний зургийг авахуулж хэвийн байдлыг хангах

—  Хүсээгүй жирэмслэлтээс сэргийлж, үр хөндүүлэхгүй байх

—  Хөхний хорт хавдрын удамтай эмэгтэйчүүд эмчийн хяналтанд байх

—                           Эрт илрүүлгийн үзлэгт заасан хугацаанд тогтмол хамрагдах

Санал болгож байна
Төрийн байгууллагуудын мэдээлэл